Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр/2020.03.31/ ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна.

Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон франц иргэнд захиа ирж байна.

Сайхан сэтгэл гаргаж эх орондоо авчраад эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад төр засагтаа баярлалаа. Өөрсдийн иргэдээ харж чадахгүй байгаа дэлхийн улс орнуудыг бид  харж байгаа.

Гадаадад байгаа иргэдээ ах, дүүтэй нь ойртуулж, эх оронд нь авчирч байгаа нь төр засгийн гавьяа.

Та нар халдвар авсан ч цөөхөн монголчуудын нэг гэсэн сайхан захидлууд ирж байна.

Бие биенээ муу үгээр хэлж, ажил үүрэгт битгий муугаар нөлөөлөөчээ гэж хэлмээр байна" гэсэн мэдээллийг өглөө.

 

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,310 иргэн байна. Эдгэсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн ажиглаж байгаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ улсын хэмжээнд хэвийн явагдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж авах тохиолдолд заавал эмнэлэгт очихгүйгээр байгаа бичиг баримт дээр нь үндэслээд тэтгэмжийн хугацааг сунгаад явж байгаа.

Өнөөдөр тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэлтэй 7, бусад эрүүл мэндийн тусламж шаардлагатай иргэдэд тусламжаа цаг тухайд нь үзүүлээд явж байгаа.

"Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй"

Иргэдээс өрөө жижиг байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэг биш, өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна гэх мэт гомдлуудыг хэлж байна. Эмчийн өөдөөс варентай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдээд, зодолдож байгаагаа зогсоомоор байна.

COVID-19 бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн. Иргэдээ 5 одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна.

Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уйлахаар нь, уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргаарай. Нийт иргэддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье" хэмээн ярилаа.