Ипотекийн санхүүжилтийг зогсоох нь иргэддээ салаавч өгч буйтай адил
2020/04/22
Ипотекийн зээл олголтын эрч саарч, иргэд мухардалд орж эхэллээ. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл хөрөнгийн эх үүсвэргүй болж, он гарснаас хойш зогсонги байдалд оров. Уг зээлд олгож байсан төв банкны санхүүжилт тасалдаж, төсөвт тусгасан Засгийн газрын 60 тэрбум төгрөгийн дэмжлэг хуримтлагдсан эрэлтийн хаана нь ч хүрч дийлэхээргүй байна.
ОУВС-гийн шахалтаар найман хувийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Үүний бэлтгэл ажлыг хангаж дууссан ч ипотек эзэнгүйдэх эрсдэл хэдийн үүсжээ. Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах болсноор Сангийн яам руу дээрх зээл шилжихээр байгаа. Гэвч он дамжин сунжирсан энэхүү ажил огт хийгдэлгүй орхигджээ. Байрны урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн, зээлийн шаардлага хангасан иргэдэд ус агаар мэт хэрэгтэй байгаа орон сууцны хөтөлбөрийн жолоог атгах Засгийн газрын ипотекийг үргэлжлүүлэх төлөвлөгөө бэлэн биш байна. Банкны олгосон ипотекийн зээл энэ оны гуравдугаар сарын байдлаар 4.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт 97 мянга орчим өрх энэхүү зээлд хамрагджээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 3.5 их наяд төгрөгийг Засгийн газар, төв банкны хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээл эзэлж байна. Үлдсэнийг нь банкны салбар өөрийн эх үүсвэрээр бүрдүүлжээ. дотор ипотекийн зээл хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь, хэмжээгээр хамгийн бага байдаг. Энэ утгаараа зээлийн сайн бүтээгдэхүүний төрөлд тооцогдож ирсэн. Гэвч төрөөс олгох санхүүжилт багасах тусам орон сууцны зээлд хамрагдаж буй өрхийн тоо буурсаар байгаа. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд нийт 443.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 6476 иргэнд олгожээ. Задалж харвал, төв банкны эх үүсвэрээс 213.4, Засгийн газраас 112, арилжааны банк өөрийн эх үүсвэрээс 118 тэрбум төгрөгийг жилийн найман хувийн хүүтэй олгосон билээ. Харин энэ онд өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөн өрх энэхүү зээлд хамрагдахаар болж байна. Ипотекийн санхүүжилт энэ онд хоёр дахин багассан төдийгүй төв банкны санхүүжилт тасалдах болсноор ипотек туйлын эмзэг байдалд шилжлээ. Энэ хэрээр ипотек зогсох эрсдэлд орж, үүнийг дагаад иргэдийн найдвар ч бага багаар бөхөж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ипотект хамрагдсан өрхийн тоо тогтмол буурсан үзүүлэлттэй гарав. Уг нь нийслэл болон аймгуудад тулгарч буй агаар, хөрсний бохирдлыг нэг дор шийдэх хамгийн оновчтой гарц нь ипотек. 2013 оноос хойш хэрэгжиж буй нийгмийн захиалга болсон ипотекийн хөтөлбөр энэ засгийн үед гацаанд орж мэдэхээр байна. Уг зээлийг дан ганц арилжааны банк өөрийн эх үүсвэрээр цаашид олгоод байх боломжгүй. Олгосон ч хүссэн боломжит өрх болгон энэхүү зээлд хамрагдана гэдэг санасны гарз. Хөтөлбөрийн санхүүжилт жил ирэх тусам танагдсаар байвал байранд орно гэдэг улам холын мөрөөдөл болно гэсэн үг.
Айл өрхийг тав тухтай орон сууцаар хангаж, үл хөдлөх хөрөнгөтэй дундаж давхарга бүрэлдэхэд түлхэц болсон энэхүү хөтөлбөр дөрөв дэх Ерөнхий сайдын нүүр үзэж байна. Угаас иргэдээ орон сууцжуулах бодлого үе үеийн Засгийн газрын чухал зорилтын нэг байсан. Хэдий тийм боловч төсөвт тусгасан санхүүжилтийг авч үзвэл жил ирэх тусам буурсаар ирлээ. Дотоодын барилгын салбарт эргэлт авчирсан дээрх хөтөлбөр үргэлжлэх үү эсвэл улам агших уу сонголтын өмнө ийн иржээ. Өдгөө зах зээлд борлуулагдаагүй 30 гаруй мянган орон сууц эзнээ хүлээж байна. Иргэдийг орон сууцанд оруулахын зэрэгцээ барилгын компаниудыг дэмжих шийдэл нь ипотекийн зээл гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Гэтэл зээлийн хүртээмж буурахын хэрээр барилгын салбар дагаад доголдох эрсдэл үүссэн нь нүдний өмнө илт. 2020 онд л гэхэд уг зээлийн эх үүсвэрт улс дөнгөн данган 60 тэрбум төгрөг төлөвлөсөн. Энэ нь 2019 онтой харьцуулахад 50 орчим тэрбумаар буурсан үзүүлэлт юм. Төсөвлөсөн 60 тэрбумаар нь 800 өрх л орон сууцанд орох боломжтой. Гэтэл 2013 оны үед 20 мянга гаруй иргэн ипотекийн зээлээр байртай болж байсныг бодолцоод нэг үзээрэй. Санхүүжилт ямар их танагдсаныг эндээс харж болно. УИХ-ын дарга энэ онд ипотекийн санхүүжилтэд 300 тэрбум төгрөг зарцуулахаа мэдэгдсэн ч үүний 60 тэрбумын эх үүсвэр л тодорхой. Үлдсэнийг нь хаанаас, хэрхэн санхүүжүүлэх шийдлээ өнөөг хүртэл олоогүй явна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс дараагийн зээлийг санхүүжүүлэх боловч 240 тэрбум төгрөгийн дутагдал үүсэж мэдэх нь. 240 тэрбумын хэчнээнийг төв банк гаргахаа тодорхой зарласангүй. Нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хөтөлбөрийн санхүүжилт томрох хэрээр ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх орон сууцны эрэлтийг хангахад хөтөлбөрийн санхүүжилт гол ачааг үүрнэ. Санхүүжилтгүй бол хөтөлбөр тэг зогсолт хийнэ. Үүнийг дагаад барилгын салбар ташраараа хямралд өртөх эрсдэл нэгэнт нүүрлэжээ.