Э.Энх-Амгалан: УИД-т дуудлагаар очихоосоо өмнө охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байсан
2020/06/08
Улсынхаа өмнө тангараг өргөсөн онцгойгийн алба хаагч байна гэдэг хүн бүрийн хүсээд хийдэг, амар ажил биш. Хүмүүс хэлдэг дээ. Амархан ажил гэж хаана ч үгүй гэж. Хэдий тийм боловч эх орон, ард түмнийхээ төлөө үүрэг хүлээсэн алба хаагчид амаргүй басхүү алдаж болохгүй хариуцлагатай ажлыг өдөр, шөнийг үл харгалзан хийдэг.
Хэдий хэцүү ч тэдэнд гомдоллох, шантрах эрх үгүй. Ийм л алба хаагчдын төлөөлөл болсон ОБЕГ-ын мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалантай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр өчигдөр/2020.06.07/-ны өдөр Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраахаар гэрээсээ яаралтай дуудагдаж ажилласан билээ.
Өчигдөр УИД-т гарсан гал түймрийн үеэр автомашинаасаа буугаад хувцсаа сольж буй таны цахим орчинд тарсан. Та зургаа харсан уу?
-Харсан. Маш яаралтай дуудлага байсан учир тухайн үед хувцсаа сольж амжаагүй очсон юм. Хувцаслаж байхад хүмүүс зургийг минь дарчихсан байна лээ.
-Бэлэн байдалд албаныхаа хувцсыг үргэлж авч явдаг уу?
-Тийм ээ. Хэзээ ч дуудсан бэлэн байх үүднээс ажлын хувцас, гал унтраах хэрэгсэл, хамгаалалтын хэрэгслүүдээ машиныхаа ард байнга авч явдаг. Ер нь орхиж болохгүй л дээ.
-Өчигдөр амралтын өдөр байсан шүү дээ. Тухайн үед та юу хийж байв. Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ амарч байв уу?
-Өчигдөр ням гараг байсан. Гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ бага охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байсан юм л даа. Хэлтсийн дарга маань залгангуут би гэрээсээ яаралтай гарсан.
-ХҮҮ МААНЬ “МИНИЙ ААВ МУНДАГ” ГЭЭД НАЙЗУУДДАА ОНГИРЧ ЯРЬДАГ-
-Гэр бүлийнхээ тухай манай уншигчдад танилцуулна уу?
-Манай эхнэрийг Э.Уянга гэдэг. Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн багш. Бид хоёр хүүхэдтэй. Хүү маань 7, бага охин минь өчигдөр 4 нас хүрлээ.
-Хүүхдүүд нь аавынхаа завгүй ажлынх нь талаар гомдоллож байв уу. Өчигдөр гэхэд л охиныхоо төрсөн өдрийг орхиод гарсан байна шүү дээ.
-Үгүй шүү. Хүү маань аавынхаа ажлыг сайн ойлгодог. Миний аав мундаг гэж найзууддаа онгирч ярьдаг.
-Хань нь таны ажил мэргэжлийг хэрхэн ойлгож, хүлээн авдаг вэ?
-Хань минь л миний ажлыг хамгаас илүү ойлгож, намайг дэмждэг. Ажлын шаардлагаар гэр бүлийнхээ, хүүхдүүдийнхээ чухал мөчүүдэд хамт байж чадахгүй үе олон. Би Онцгой байдлын албанд 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хань минь л намайг дэмжиж, тусалж ирсэн. Ажлын шаардлагаар гал унтраахаар гэрээсээ олон хоног явах үе цөөнгүй. Өчигдөр л гэхэд намайг галын цэг дээр машинаараа хүргэж ирсэн. Тэгээд холдож чадахгүй машинаасаа хараад хүлээгээд л зогсоод байсан.