Мөн овоо ил тод байх гэж хичээдэг, тэгж ч чаддаг юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа. Нэг удаа машинаа барьж яваад  дүрэм зөрчин замын цагдаад  торгуулснаа, гэрийнх нь хаягаар  торгуулын хуудас ирсэн тухай  цахим хуудастаа мэдээлж байсан юм. Энэ ч яахав хэнд ч байх үзэгдэл. Харин үүний дараачаас   Хууль зүйн сайдын   хууль зөрчсөн тухай  базаахгүй мэдээллүүд үргэлжилсэн. Тухайлбал,  өөрийн төрсөн  хүүг  төрийн албан хаагчийн эрх мэдлийг ашиглах зорилгоор хуурамчаар   үрчлүүлсэн байсныг нь  УИХ дахь хуульч гишүүдийн нэг О.Баасанхүү илрүүлж хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд  цацаж орхисон.  Гэтэл удалгүй эрүүгийн цагдаагийнхан  салбарын сайдаа мөрдсөн,  хар тамхины хэрэгт  холбоотой   нэг охины утсанд Х.Тэмүүжин сайд руу залгасан дуудлага байсан зэрэг мэдээлэл чих дэлдийлгэсэн. Мөн сайд нь цагдаагаа элдвээр  доромжилсон, ЦЕГ-ын дарга Б.Билэгттэй таарамжгүй, прокурорын  байгууллагынхантай ч  харилцаа муухан гэсэн мэдээллүүд сонсогдож эхэлсэн. “Мэнгэ нь голлож гэнэ”, “Суудал өнцөгджээ”, “Яачихсан сайд вэ” гэсэн халаглал хэвлэлийн хуудсаар   ярайж, цахим ертөнц, твиттер, фейсбүүкээр дүүрэн шогшроон болсон. Ингээд эцэст нь сайдыг огцруулах тогтоолын төслийг О.Баасанхүү гишүүн УИХ-ын даргад өргөн барьснаар Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, удахгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар болоод  байгаа.

Тэгвэл одоо  үүсээд байгаа нөхцөл байдал   Х.Тэмүүжинд бас л халгаатай байдлаар тусч байна. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулснаар  хэрэв ирэх долдугаар сарын- 1 гэхэд сайд нарын давхар дээлийг тайлж гэмээ нь бодлогын дөрвөн яам, дээр нь Шадар сайд, Ерөнхий сайдыг нэмбэл 4-6 сайд л УИХ-ын гишүүн-сайд гэсэн давхар дээлтэй үлдэнэ. Үүнд Хууль зүйн яам орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжинд гишүүн-сайд буюу давхар дээлтэй данхалзаж явах боломж бий гэсэн үг. Гэтэл харамсалтай нь, намын жагсаалтаар  УИХ-д орсон сайд эрхмүүдийн хувьд сайдын албаа хашина   гэвэл, УИХ-ын гишүүнээс татгалзах, эсвэл гишүүн хэвээр үлдэх  хувилбарыг намын бүлгүүд ярьж байгаа гэх мэдээлэл дуулдаж байна. Тэгэхээр тойрогт хүч үзэж бус намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн Х.Тэмүүжинд боломж алга, түүний суудал дахиад л хазайлаа.

Д.Гэрэл