Хүчирхийлэгчийг хөрш нь шүүхийн өмнө гэрчилнэ
2020/10/21
Хүүхэд хамгааллын хамгийн үр дүнтэй гарц та, бидний зүрх сэтгэлд байгааг мэдэх үү. Магадгүй хүүхэд хамгаалсангүй, хүчирхийлэгчид хариуцлага тооцсонгүй гэж төрийг буруутгаж, чичлэхээс илүү хүсээд байгаа боломж төр, хувийн хэвшил, цагдаа, шүүх, эмч, жолооч, үйлчлэгч гээд хэнд ч ялгаагүй бий. Хэдийгээр бид хүүхэд хамгаалал гэж халаглаж, хашгирмаар нийгэмд амьдарч байгаа ч энэ бүхэн биднээс хариуцлага, зөв хандлага л горьдож буй юм.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН СЭРҮҮЛЭГ НЬ ХӨРШИЙН ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА ЮМ
Харамсалтай нь төр, засаг нь ч төрсөн эцэг эх нь ч цэцэг шиг үрсээ нууж чадсангүй. Нуух аргаа ч олоогүй явна. Гэтэл хамгийн эмзэглэмээр нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь санаатайгаар хөнөөсөн жигшүүрт үйлдлийн эзэд, хэрэг үйлдэгдсэн газар нь төрсөн гэр, хамаатан садан хамгийн ойрын хүрээлэл дунд бий. Ийм харамсалтай боловч ноцтой баримт, үндэслэл шалтгааныг гаргаж ирсэн судалгааг Монголд анх удаа хийжээ. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Энхболд, дэд профессор С.Гантулга нар бага насны хүүхдийг хүчиндэх, алах гэмт хэргийн шалтгааныг судлахын тулд ялын бодлогод дүн шинжилгээ хийх зорилгоор бага насны хүүхдийг алсан 40, бага насны хүүхдийг хүчиндсэн 68 нийт 108 шүүхийн шийтгэх тогтоолыг түүвэрлэн анализ хийжээ. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд “Бага насны хүүхэд” гэдгийг 14 насанд хүрээгүй хүнийг гэж ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх насны болон бага, дунд ангийн сурагчид гэж хэлж болно. Судалгааны үр дүнгээс харвал бага насны хүүхдийг хүчирхийлэх, алах гэмт хэрэг зөвхөн ураг төрлийн орчинд үйлдэгддэг нь тодорхой байна. Ганцхан ноцтой жишээ дурдахад бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 38.2 хувь, хүүхдийг алах гэмт хэргийн 40 хувь нь хүүхэд өөрийн амьдардаг гэртээ халдлагад өртсөн бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 30.9, бага насны хүүхдийг алах гэмт хэргийн 27.5 хувь нь хамаатан садан, эцэг эхийн найзын гэрт халдлагад өртжээ. Эндээс харвал 14 хүртэлх насны хүүхдийн 70 хувь нь хүүхдийг санаатай алах гэмт хэргийн 67.5 хувь нь төрсөн гэр, хамаатан садныд нь үйлдэгдсэн байна. Гэвч энэ тоо хүчирхийллийн бодит байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй. Учир нь ураг төрлийнхөө хүрээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд бусдад мэдэгдсэн тохиолдол маш бага 23.5 хувьтай.
Жирэмсэн, эсвэл бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, үйлдэл дээрээ баригдсанаас бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байгаа юм. Удаан хугацаанд нуун далдалсан шалтгааны 40.4 хувь дарамтад өртсөн, 20.3 хууртагдсан, 17 хувь гэр бүлийн гишүүдээсээ санаа зовсон, 19.1 хувь нь бэлгийн харьцааны учир холбогдлыг ойлгоогүй гэжээ. Хохирогчдын хамгийн бага нь нэг настай хүүхэд байна. Харин үүний шалтгаан, үндэс нь гэр бүлтэй холбоотой.
Гэр бүл салалт, гэр бүлийн тогтворгүй байдал, хүүхдэд тавих хараа хяналт сул байдал, нийтийн сүлжээ хяналтгүй, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа нь бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болж байгааг судлаачид хэлж байв. Тэгвэл энэ бүх жигшүүрт үйлдлийг хазаарлаж бяцхан үрсээ айдасгүй, амьдралын хар толбогүй авч үзэхэд төр засгийн оновчтой бодлогоос гадна хүчирхийллийн гэмт хэргийг мэдээлэх нь хамгийн үр дүнтэй арга юм. Бүр тодруулбал, хүүхэд хамгаалалд хөршийн хяналт, хариуцлага, сэтгэл зүтгэл хамгийн чухал.
Танай хажуу хаалганд, ойр орчимд хүүхэд айдастай. Эцэг эх нь зодож дарамтлах, бөөнөөрөө архидан согтуурах үйлдэл удаа дараа гарч байвал юуны өмнө хорооны хамтарсан баг, цаашлаад цагдаагийн 102 утсанд дуудлага өгч хэвшье.
ХҮЧИРХИЙЛЛИЙГ МЭДЭЭЛЭГЧ ИЙГ ХУУЛИАР ХАМГААЛДАГ
Цагдаагийн байгууллагын өнгөрсөн оны тоон мэдээллээс үзэхэд гэмт хэргийн улмаас 111 хүүхэд нас барсан. Хүүхдийг ивээх сангийн судалгаагаар 2018 онд Монгол Улс 100 мянган хүн амд 1.4 хүүхдийн амь нас хохирсон үзүүлэлтээр 176 орноос 76-д оржээ. Гэтэл энэ судалгаагаар гэмт хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирч буй нөхцөл байдалд үндэслэн тухайн улс дахь хүүхдийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлдог. Тоо баримт дурдвал 2016 онд нэг, 2017 онд найм, 2018 онд гурван бага насны хүүхэд нас баржээ. Хүчиндэх гэмт хэргийн хувьд 2016 онд 63, 2017 онд 79, 2018 онд 111 бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй хүүхэд хохирсон байна. Энэ талаар судалгааны багийн ахлагч Б.Энхболд “Өндөр хөгжилтэй орнуудад 14 насанд хүрээгүй хүүхдийг алах гэмт хэрэг бүртгэгддэггүй. Харин манай улсад тогтмол бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Гэр бүл салж, хоёр дахь амьдрал зохиосонтой холбоотойгоор дагавар хүүхдээ үзэн ядаж зоддог байснаас хүүхдийг алсан тохиолдол 25 хувь, төрсөн хүүхэд биш гэх шалтгаанаар хүчиндсэн тохиолдол 40.2 хувийг эзэлж байна. Эцэг эх нь салсан, аль нэг нь өөр хүнтэй амьдарч буй шалтгаанаар эмээ өвөөгийн гэрт байхдаа бусдад хүчиндүүлсэн тохиолдол 27.9 хувийг эзэлж байна. Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нуугдмал шинжтэй байгаа нь давтан үйлдэгдэх, удаан хугацаанд үргэлжлэх шалтгаан, нөхцөл болж байна. Хамгийн гол нь гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлт, эцэг эхийн хариуцлага, үлгэр дуурайлал, түүний эерэг, сөрөг үр дагаврын талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал” гэв. Гэтэл энэ бүхний цаана мэдэгдээгүй. Мэдээлээгүй хэдэн тохиолдол байгааг бүү мэд. Харин нэг ч гэсэн бяцхан үрсийг эрүүл, энх тунх авч үлдэхэд та, бидний ухамсар, хандлага л чухал болоод байна.
Гэтэл иргэдийн дунд таагүй мэдээлэл байдаг нь хүчирхийлэгчийг мэдээлснээр эргээд аюул, заналхийлэл, хэл аманд өртдөг гэсэн хандлагатай. Тэгвэл хүчирхийлэл үйлдэгчийг мэдээлсэн хүнийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль, Гэрч хохирогчийг хамгаалах хуулиар давхар хамгаалж өгдөг. Эдгээр хуулийн хамгаалалтын эрхзүйн орчин харьцангуй сүүлийн жилүүдэд бий болсон ч мэдээлэгчийг хамгаалдаг байдал жигдэрч байгааг цагдаагийн байгууллагаас хэлсэн юм. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд 2017 оны хоёрдугаар сард, Зөрчил шалган шийдвэрлэх хуульд 2020 оны нэгдүгээр сард дээрх зохицуулалт оржээ. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Хүчирхийлэл үйлдэгчийг мэдээлэгчийг хуулиар хамгаалах талаарх сургалтыг алба хаагчдад тасралтгүй хийж байгаа. Мэдээлэгчийн биеийн байцаалт, гэрчийн мэдүүлэг зэргийг нууцалдаг. Харин шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авна. Цагдаагийн алба хаагчаас шалтгаалахгүйгээр иргэн дуудлага өгснөө мэдэгдэх тохиолдол олон. Эрүү, Зөрчил шалган шийдвэрлэх хууль шинэчлэгдэж байна. Тэгэхээр эрхзүйн орчин улам сайжирна” гэлээ.
ХӨРШИЙН ДУУДЛАГА ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ШҮҮХИЙН ӨМНӨ НОТОЛНО
Хариуцлагатай, хяналттай хөрш байхын ач холбогдлыг дурдахын тулд нэг жишээ татья. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хүн амины хэргийн шүүх хуралдааны үеэр “Хүчирхийлэл үйлдсэн этгээд өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэх нотолгоо алга.
Хууль хяналтын байгууллага, хамтарсан багийн эрсдлийн үнэлгээнд ч байхгүй” гэсэн үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх үндэслэл танилцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нотлох баримт хангалтгүйн улмаас хүчирхийлэгч ял завших, ял нь хөнгөрөх үндэслэлтэй.
Гэтэл хөрш нь дуудлага өгч байсан бол шүүхийн өмнө нотлох баримт болж гэр бүлийн хүчирхийлэгч гэдгийг гэрчлэх боломжтой гэдгийг өмгөөлөгч хэлж байв. Хүчирхийллийг мэдээлэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр хорооны нийгмийн ажилтан, цагдаа, засаг даргын нэгдсэн баг хамтран эрсдэлийн үнэлгээ хийж хяналтдаа авдаг. Мөн аргагүй хамгаалалтаар хүчирхийлэгчийн амийг хөнөөсөн тохиолдолд ч өмнө нь хуулийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл нотлох баримт болно. Аргагүй хамгаалалт гэдгээ нотолж чадаагүйгээс болж торны сууж буй эмэгтэйчүүд олон бий. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс үүдэлтэй хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үйлдэлд та зөвхөн хөршийн хувиар ямар том үүрэг, оролцоотойг харж болно. Тиймээс хүчирхийлэгчдийг өөгшүүлэхгүйн тулд, давтахгүйн тулд хөршүүд мэдээлдэг, бөөнөөрөө очоод мэдүүлэг өгдөг больё. Үнэндээ, зардал чирэгдэл гэж төвөгшөөсөн жижиг асуудлаар том хүчирхийллийг дараад өнгөрч боломгүйг нийтээрээ ухамсарлаж, хандлагаа өөрчилж чадвал илүү олон бяцхан зүрхэнд амьдрал, итгэл найдвар бэлэглэх юм шүү.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ
Хохирогчийн эрхийг хангах
8.1. Хохирогчийн эрхийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас гадна дараахь байдлаар хангана:
8.1.2. гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээллийг хүлээн авсан, хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний хувийн мэдээллийг нууцлах, задруулахаас урьдчилан сэргийлэх;
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
1.7 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлал
1. Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн хувь хүн, байгууллага, төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх, түүнийг хамгаалах арга хэмжээ авна.
2. Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан нь хувь хүн, байгууллага, төрийн болон албаны нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулж авна.
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
3 дугаар зүйл. Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны зарчим
3.1. Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах үндсэн зарчмыг баримтална:
3.1.1. хүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3.1.2. нууцлалыг хамгаалах;
3.1.3. шуурхай байх;
3.1.4. хамтран ажиллах.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин