Малаа өсгөх сайхан ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол асуудал дагуулах боллоо. Уул уурхай, цөлжилтөөс шалтгаалан малын бэлчээрийн талбай жил ирэх тусам хумигдаж буйг эрдэмтэн, судлаачид тэмдэглэх болов.

Учир нь малд татвар ногдуулахаа больсонтой зэрэгцээд таван хошуу сүргийн тоо толгой гэрлийн хурдаар өсч, хамар хатгах бэлчээрийн даац хэрээс хэтэрсэн. 70.9 сая хэмээн бидний цээжээ дэлддэг мал сүргийн тоо эргээд экологийн тэнцвэрт заналхийлж, нүүдлийн соёл иргэншлийн нэг сорилт болсон нь үнэн.

Малын хөлийн татвар бол манай нийгэмд шинэ, содон зүйл огт биш. 20-оод жилийн өмнөөс эхэлсэн танил хураамж. Мал сүргийг хонин толгойд шилжүүлж, татвар авдаг байсан түүх бий. Тухайлбал, нэг адууг таван хоньтой дүйцүүлж, татвар авдаг байсныг малчид хэлдэг. Ингэхдээ татварын хувь хэмжээг бүсчилж, ялгаатай тогтоодог байсан аж. Тодруулбал, алс хязгаар нутгуудад нэг хониноос 50 төгрөгийн хураамж авдаг байв. Харин төвийн бүс нутагт 75, нийслэл орчимд 100 төгрөгийн татвар ногдуулдаг байсан аж. Нэг суманд дунджаар энэ төрлийн татвараас жилд 5-6 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг байжээ.

 

“Малын хөлийн татвар байх уу”, “бэлчээрийн төлбөр байх уу”

Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрсэн. Энэ нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн билээ. Гэхдээ өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол үүсгэх болжээ. Иймд орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж гэсэн тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг 2021 оноос олгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн  тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх аж. Хуулийн төсөлтэй уялдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. 

Засгийн газраас малын тоо толгойн албан татварын хуулийн төсөлд сумын ИТХ-аас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулах асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан юм байна. Бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудлаар зарцуулалтыг нь тодорхой заалгүй, сум орон нутгийн онцлогийг харгалзаж, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэжээ. Албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн долдугаар сарын 15, арванхоёрдугаар сарын 15-ны дотор өмчилсөн малаа хаана бүртгүүлсэн тэр сум, дүүргийн төсөвтөө татвараа төлөх юм байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг “малын хөлийн татвар байх уу”, “бэлчээрийн төлбөр байх уу” гэсэн  нэр томъёон дээр төвлөрч байсан юм. УИХ хуулийг эцэслэн батлах юм.

Хэрэв малын хөлийн татвар авах хуулийн төсөл батлагдвал төрийн нуруун дээрх ачаанаас хөнгөлөөд зогсохгүй, хамгийн их ашиг тусыг нь хүртэх хүмүүс бол малчид өөрсдөө. Малчдын амьжиргааны эх үүсвэр бэлчээрийг хамгаалах, орон нутаг, улс орны хөгжилд ч чухал нөлөөтэй. Харин үүний тулд дээр үеийнх шиг малын хөлийн татвараас зайлсхийн, бусдын нэр дээр малаа тоолуулдаг, тэмээг үхэр гэж бичүүлдэг заль гаргахгүй байх талаас нь хяналт тавих нь чухал.

Монголын өргөн уудам нутгийг бүрхэн налайсан 70.9 сая малаас бэлчээр ашигласны төлбөрт толгой тус бүрээс нь 1000-2000 төгрөг авлаа гэхэд жилд 70-141 тэрбум төгрөг төвлөрөх юм.

 

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин