Г.Шийлэгдамба Н.Энхбаярыг буруутай байснаа хүлээсэн гэлээ
2014/04/22
Сэтгүүлч Пүрэвнямын санаачлан гаргадаг “Гамбир” ток шоуны дахин гарч эхэлсний эхний дугаарт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцжээ.
Ухаж егөөдсөн асуултаар булуулж суухдаа МАХН-ын Генсек “Н.Энхбаяр дарга буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр алдаагаа засч ажиллахыг бидэнд даалгадаг” хэмээн ярилаа. Түүний хэлж байгаагаар Н.Энхбаяр намынхаа гишүүдтэй уулзах үеэрээ хуучин МАХН буюу одоогийн МАН-ыг удирдаж явахдаа дарга хүний хувиар намынхаа гишүүдийг өмгөөлж хамгаалдаг байсан нь том алдаа байсан тухайгаа ярьжээ. Тэр ч бүү хэл баригдаж хоригдсондоо хэнд ч өс санадаггүй төдийгүй, өшөөгөө хэзээ авах вэ гэсэн хүмүүсийн асуултад ихэд цухалдаж “Би өөрөө өшөө авах талаар бодоогүй байхад та нар юунд санаа зовдог юм. Бидэнд хийх бүтээх ажил их байгаа шүү” хэмээн загнаж байсан бодит түүхтэй хэмээн Г.Шийлэгдамба андгайллаа.
Монголын улс төрд олон жил зүтгэсэн Н.Энхбаяр төр барьж, нам удирдаж явсан үеийнхээ туршлагаас харамгүй ярьж, алдаа оноогоо жишээ татан сургамжилдаг болохоор “муу эзэгтэй”, “МАХН-ын гал тогоог муу авч яваа” хэмээн буруутгагддаг МАХН-ын генсек даргынхаа захиасыг гол чигээ болгон ажилладаг гэнэ. Тэрбээр гамбирдуулж суухдаа “Намайг хүмүүс зөөлөн гэдэг. Бусад намын генсекүүдийг сэлэм эргүүлдэг гэдэг юм билээ. Заавал сэлэм эргүүлэхдээ гол нь биш. Би хувьдаа намын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, хийх ёстойгоо хийж яваа гэж боддог” гэлээ.