Таван настай хүү “үү, аа” гэхээс өөр зүйл хэлж чадахгүйд ээжийнх нь санаа зовно. “Насанбаярын ганц хүү хэлгүй төржээ” гэж нутгийнхан нь ярих аж. Тэднийх нэг жил ганц гэрээрээ буужээ. Гэрийнхээ гадаа нэг тэмээ аргамжчихсан байсан нь гадсаа тойрч байснаа, аргамжаа нь алдуураад явчихаж. 

Энэ үед гэрийн хаяанд сууж байсан өнөөх хэлгүй хүү гэнэтхэн “Тэмээ алдуураад явчихлаа” гэж орилж гэнэ. Энэ үед гэрт байсан ээж нь гайхаж “Манайд хүн ирж байгаа юм болов уу” гээд гартал хүү нь байж. 

“Тэр тэмээг битгий алдуураасай гэж дотроо бодсон юм байлгүй дээ. Ингэж л миний насаараа хоолоо олж идэх дуу хоолой минь гарч, хэлд орсон юм даа” хэмээн ярих хүн бол МУГЖ Н.Нэргүйбаатар. Бид энэ удаа түүнийг сониныхоо зочин хойморт урьж ярилцлаа.

-Таны төрсөн нутаг Ховд аймгийн Буянт сум гэсэн. Хүний унасан газар угаасан ус сэтгэл зүрхэнд хүйн холбоотой байдаг шүү дээ. Эндээс яриагаа эхэлье?

-Би Ховд аймгийн Буянт сумын уугуул. Аймгийн төвөөс Буянтын лагерь холгүй байдаг болохоор айлууд зун болохоор зусландаа эгнэж буудаг байлаа. Тэнд нутгийнхан маань “Баатар” хайрхан гэж нэрлэдэг жижигхэн майхан шиг уул байдаг. Энд миний хүүхэд нас өнгөрч, хорвоотой танилцсан юм. Амьдралын минь гэгээн дурдатгалууд энд хөврөн байдаг болохоор, төрсөн нутаг минь үргэлж сэтгэлд тодхон байдаг. Манай нутаг модгүй, уулархаг газар. Нутгийнхан маань түлшиндээ голдуу харгана, аргал, түлдэг сэн.

Улаан, үхэр ямаан харгана гэж бий. Харгана гэж өвслөг бутлаг ургамал шүү дээ. Тэгээд “Баатар” хайрханыхаа тал руу явж харгана түүнэ. Ингэхдээ бараг хоёр метрээс урт олс, сүх аваад явдаг байлаа. Олсоо дэлгэж тавьж байгаад харганаа цавчиж дээр нь тавиад аваад явна. Заримдаа хүрэхгүй бол дээлийнхээ бүсийг залгаж байгаад тавина. Бараг өөрийгөө харагдахгүй болтол нь тийм их харгана үүрч ирнэ. Түүж ирсэн харганаар ээж минь цай хоолоо хийгээд, шөнө болохоор нэг гал түлж аваад унтдаг байлаа. Өглөө ээжийнхээ гал түлэх чимээнээр сэрнэ.

Нутагт маань Ховд, Буянтын зэрэгцээ хоёр гол урсдаг. Өвөл болохоор Буянтын гол руу мөсөнд явна. Эсгий гутал өмсчихсөн хүү гүйж явдаг сан. Заримдаа гутал цоорох ч үе бий. Тэгээд том хэмжээний ховил гаргаж байгаад мөсөө цохиж хагалаад, олсоороо үүрч харина. Заримдаа гол дээр очихоороо хүүхдийн канкигаар тоглож байгаад, нэг мэдэхэд орой болчихсон байдаг сан. Тэгээд орой гэртээ очиход ээж минь “Тогоо түлэгдлээ, өглөө мөсөнд явсан чи байдаггүй” гээд зэмлэнгүй хүлээж байдаг дүр төрх одоо ч сэтгэлд минь тодхон байна. 

Аргагүй дээ ээж минь амьдралаа авч явж байгаа ганц хүн, хааяадаа сэтгэл нь бачуурах үе байсан л байх. Би гэдэг хүн ээжийнхээ сургааль хүмүүжлээр өдий зэрэгтэй амьдралын нугачаанд бүдрэлгүй явна. Аливаа зүйлийн утга учрыг ойлгуулж, амьдралын ухаанд сургасан ээждээ залбирахгүй байхын аргагүй. Би дээрээ нэг өргөмөл ахтай, нэг дүүтэй. Аав минь бага байхад нутаг руугаа буцчихсан юм. Тэгээд би ээжээрээ овоглон хүн болсон доо. 

-Ээж тань хүүхдүүддээ юу гэж захиж сургаж, хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ?

-Ээж минь “Худал ярьж, хулгай хийж болохгүй. Зам дээр чинь алт мөнгө байсан ч битгий ав. Тэр чинь хүний юм. Хүний юм хэзээ ч хоол болдоггүй юм. Багш нарынхаа зааж байгаа зүйлийг сайн сураарай” гэж үргэлж захидаг байсан. Үүнийг ярьсан нэг дурсамж санаанд бууж байна. Тэр үед би V ангид сурдаг байлаа. Нэг салхитай өдөр, доошоо харчихсан, хичээлээ тараад гэр лүүгээ явж байтал урдаас 25 төгрөг хийсээд ирдэг юм байна. Мөнгө олсон хүн чинь бөөн баяр. Авах гэтэл ээжийн минь хэлсэн үг бодогдоод болдоггүй. 

Уг нь тэр мөнгийг аваад чавга аваад идчихмээр байдаг. Тэгээд намайг бодох зуур нөгөө мөнгө ч хажуугаар хийсээд өнгөрлөө. Би ээжийнхээ үгэнд сайн ордог хүүхэд байсан. Манай сургууль “барван” гэсэн гуулин хөгжимтэй. Би өөрөөсөө том хөгжим тоглодог байлаа. Тэгсэн VII анги төгсөх жил Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн дунд сургуулиас үлээвэр хөгжмийн ангид элсэлт авахаар хэсэг хүмүүс манай сургуульд ирлээ. 

Тэр үед би шалгалт өгөөд тэнцчихлээ. Тэгсэн “Хотод таньдаг хүн бий юу, хотод очиж сурах сургуульд сурах уу” гэж асуулаа. Би тэр өдөр гэртээ хариад ээждээ энэ тухайгаа хэлтэл ээж минь “Болохгүй ээ миний хүү. Үлээвэр хөгжим гэдэг чинь шүдгүй болгочихдог юм” гэж байна. Манай Ховдод “шүдгүй” н.Лхасүрэн гэж хөгжмийн багш байдаг байсан юм л даа. 

Тэгээд маргааш нь багш нартаа ээж “Хотод таньдаг айл байхгүй, явуулахгүй гэж байна” гээд хэлчихлээ. Ингээд миний хотод очиж сурах мөрөөдөл минь мухардлаа. Би мундаг сайн сурдаг хүүхэд байсангүй. Гэхдээ математикийн хичээлдээ бол гайгүй. Харин биеийн тамирын хичээл дээрээ дандаа муу авдаг хүүхэд байлаа.

-Яагаад?

-Гадаа биеийн тамирын хичээл орохоор хөлбөмбөг, сагс тоглочихно. Харин заалны биеийн тамирын хичээлд суух гэхээр пүүз байдаггүй. Ээжийн минь цалин тэр болгонд хүрдэггүй байсан байх. Тэглээ ч пүүз ховор, бас үнэтэй байлаа шүү дээ. Харин тэр жилийн хавар физикийн багш маань “Германд хүнсний техник мэргэжлийн сургуульд сурах хүүхэд байна уу” гэлээ. 

Тэгэхээр нь би энэ мэргэжлээр сурах сонирхолтой байгаагаа ээждээ хэллээ. Ээж минь ч зөвшөөрлөө. Тэр үед ээжийн минь ах н.Сумъяа хотоос ирж таарсан юм. Тэгээд нагац ахыгаа дагаад сургуульд сурахаар, баруун нутгийн аялгаар ярьдаг, хүрэн өнгийн дээл өмсчихсөн хүү, онгоцонд суугаад нийслэл хот рүү хүлгийн жолоо заллаа. Анх хотод ирж байгаа минь тэр. Хотод иртэл ах маань жижиг тэрэг зогсоогоод, авчирсан юмаа ачаад, гэр лүүгээ явлаа. 

Тэгээд явж байтал зам дээр хэсэг яваад л хүмүүс бөөгнөрөөд зогсчихсон, зарим нь гараа өргөөд байх юм. “Ямар сонин юм бэ” гэж дотроо бодож явлаа. Тэр нь автобусны буудал байсан юм билээ. Анхны бүхэн их сонин санагдаж байв. Тэгээд маргааш нь ахыгаа дагаад сургуульдаа бүртгүүлэхээр явлаа. Гэтэл сургуулиас энэ жил өөр орны хүүхэд авахгүй гэсэн байсан. Тэр үед (1968) Франц Улсад оюутны хөдөлгөөн болж, би сургуульгүй болсон юм. Харин ах маань “Аймаг руугаа буцаж наймдугаар ангидаа сур даа” гэж байна.

-Нийслэл хотод хүсэл мөрөөдлөө дагаж ирсэн хүү нутаг буцсан уу?

-Тэр үед Боловсролын яамнаас “Нутаг буцах, эсвэл дотоодын хүнсний техник мэргэжлийн сургуульд сурч болно” гэлээ. Гадаад явж сургуульд сурлаа гээд нутгаасаа гарсан болохоор ангийнхнаасаа санаа зовоод бас хот гоё санагдаад эхэллээ шүү. Тэгээд Хүнсний техник мэргэжлийн сургуульд сурахаар боллоо. 

Ахыгаа дагуулаад явлаа. Тэгээд гурилын ангид орохоор болов. Тэр үед тариаг хуурч, дараа нь хоёр чулуун завсар хийж, униар эргүүлдэг гурилын тээрэм байдаг байлаа. Намайг бага байхад ингэж тээрэмддэг байсан юм. Дотроо ингэж л тээрэмдэх байхдаа гээд жаахан залхуутай санагдаж байсан ч миний бодсоноос өөр байлгүй яах вэ. Ингээд хоёр жил болж, би сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн гурилын үйлдвэрт хуваарилагдлаа. 

Гурилын ангийг ихэвчлэн эмэгтэй хүүхдүүд төгсдөг юм. Манай анги хоёр эрэгтэй хүүхэдтэй. Тэгээд Сэлэнгийн гурилын үйлдвэрт очтол намайг “Гурилын үйлдвэрт ихэвчлэн арчиж цэвэрлэх ажил хийдэг. Тийм болохоор чи слесарь болох уу. Чамайг засварын цехэд ажиллуулья” гэлээ. Тэгээд л слесарьчин боллоо доо. Багш нараараа заалгаж тээрмийн гол солих, гэмтэл гарвал засах гээд олон зүйл сурсан. 

Тэгсэн нэг өдөр манай гурилын үйлдвэр Улаан-Үүдээс гуулин хөгжим авлаа. Тэгээд хөгжим тоглох сонирхолтой хүүхэд байна уу гэхээр яваад л орлоо доо. Тэр үед надад S Basi гэж том хөгжим өгсөн. Өмнө нь хөгжим сонирхдог байсан болохоор амархан сурсан санагдаж байна. Одоо бодоход миний амьдралын бүхий л цаг хугацаанд урлаг гэх гайхалтай орон зай үргэлж хамт байж шүү дээ. 

Инээдмийн дүрийг Р.Дамдинбазар, мафийн толгойлогч, хамба ламыг Н.Дагийранз ах, харин Б.Дамчаа багш маань Сталин, том цэргийн дарга нарын дуу хийхэд их наалдацтай болдог. Манай Д.Элбэгсайхан ах бол уянгалаг намуухан хоолойтой. “Тунгалаг тамир” кинонд “Энэ хүнийг Эрдэнэ гэдэг” гээд гардаг шүү дээ. Сүүлд нэг кинонд дуу оруулсан чинь миний хоолой хөгшин хүнд таараад байдаг. Д.Элбэгсайхан ах надаас арав гаруй насаар ах хүн шүү дээ. Гэтэл надаас дүү хүний дуу дуунд хоолойнд их сайхан таарч байсан. “Ийм нэгэн явдал” киноны статистикийн хорооны дарга Людмила Калугина, түүний удирдлагад ажилладаг эдийн засагч Анатолий Новосельцев хоёрын дууг манай Ц.Цэнд-аюуш, Р.Дамдинбазар гуай хоёр үнэхээр монгол хүний сэтгэлд хоногштол бүтээсэн.

-Хэзээнээс таны амьдрал урлагтай холбогдож, урлагийн хүн болох зам тань нээгдсэн бэ?

-1974 онд цэрэгт татагдлаа. Цэрэгт бүртгүүлэхдээ асуумж дээрээ үлээвэр хөгжим тоглодог гээд биччихлээ. Эхлээд Сүхбаатарын тасалгааны эрхлэгчээр сонгогдсон юм. Харин дараа нь цэргийн 164 дүгээр салааны хөгжмийн салааны ангид орлоо. Тэгтэл намайг Улаанбаатар руу бага даргын дамжаанд явуулахаар боллоо гэнэ. 

Барилгын цэргийн ангид нэг жил болж бага түрүүч гэсэн зураастай болж, эргээд 164дүгээр салаандаа очиж салаан даргынхаа туслахаар ажилладаг болов. Цэргийн дөрвөн жил минь нүд ирмэхийн зуур өнгөрсөн. Намайг үлдэж ажиллах санал тавьсан ч таньж мэддэг хүнтэй хот дээр болов уу гээд Улаанбаатар хот руу явахаар боллоо. Хотод ирээд цаасан хайрцагны үйлдвэрт селесариар ажилд орсон юм. Нэг өдөр Кино үйлдвэрт ажилладаг найз дээрээ очтол олон хүн цуглачихсан байна. 

Юу болж байгааг найзаасаа лавлатал “Жүжигчний түргэвчилсэн хоёр жилийн ангид элсэлт авч байгаа” гэнэ. Багын мөрөөдөл минь намайг хөтөлж, шалгалт өгөхөөр боллоо. Сүүлд нь танихад Ж.Бунтар гуай, Д.Чимэд-Осор гуай, Д.Жигжид гуай гэсэн аваргууд шалгалт авч байсан юм байна лээ. Нэг шүлэг уншаад, этюд хийх боллоо. 

Тэгэхээр нь хувцсаа тайлаад гал унтрааж, тэр үед зурагтаар гардаг байсан “Муухай” Пүрэв гуайн нэг жүжгийг санаанд бууснаараа л тоглож орхисон. Ингэж жүжигчний мэргэжлээр суралцах 50 хүүхдийн нэгээр шалгарч байсан юм. Манай ангийн багш Улаанхүүгийн Осор гэж хүн байлаа. Ингэж л миний амьдрал кино урлагтай холбогдсон юм даа.

 

-Та нэгэн үеийн урлагийн сор болсон олон авьяастнуудтай хамтарч ажиллаж байсан шүү дээ. Энэ хүмүүстэй холбоотой дурсамж яриа дэлгэвэл?

-Тэр үед кино үйлдвэрт Р.Дамдинбазар, Н.Дагийранз, Б.Дамчаа Т.Цэмпилмаа, Ц.Цэнд-Аюуш, Н.Цэцгээ, Д.Чимэд-Осор гээд 13 жүжигчин байлаа. Кино дуу оруулагч, жүжигчин мэргэжлийн авьяасын оргил болсон энэ хүмүүсээс олон зүйлийн учгийг олж, ур ухаан авьяас билгээс нь суралцсан даа. Нэг кинонд дуу оруулахаар 13 дүрийг нь хуваагаад авчихна. Үлдсэн дүрд заримдаа оюутныг тоглуулдаг байсан юм. Анх кинонд дуу оруулаад ,сонстол миний дуу биш ээ. 

Бүдүүн, сөөнгө юм шиг санагдаад ерөөсөө бууж өгдөггүй. Анх өөрийнхөө дуунаас их ичдэг байлаа. Анхных учраас тухайн дүрдээ дуугаа нааж өгөх гээд нарийн техникүүдийг мэдэхгүй шүү дээ. Хэд хэдэн удаа дуу оруулж, хоолойгоо, сонсоод, ингэж дуугарвал хашхирах гээд байна, ингэвэл зүгээр юм байна гээд олон зүйлд суралцсан. Б.Дамчаа, Т.Цэмпилмаа гуай хоёр бол миний багш нар. Энэ хоёр хүний ач гавьяагаар өдий зэрэгтэй явна даа би.

-Таны амьдралаас урлаг гэх орон зайг ялгаж салгахын аргагүй. Дуу хоолойгоороо ард түмнийхээ чихэнд хоногших хувь тавилангаар амьдарч яваагаараа үргэлж өөрөөрөө бахархдаг байх даа?

-1990 оноос хойш дэлхийг бүх улс орны бүтээсэн кинонд дуу оруулж, тухайн улсын зан заншил, ёс зүй, соёл, тэдний амьдралын хэв маягийг монгол түмэндээ дуу хоолойгоороо түгээх эрхэм үйлсийг хийж явна. Орчуулгын кино, жүжигчин гэх мэргэжилд амьдрал, зүрх сэтгэлээ зориулаад, энэ сэжимд миний амьдралын зам мөр холбогдоод хэдийн 40 гаруй жил болжээ. 

 

Ямар нэгэн дүрс амьгүй зүйлийг амь оруулж, тухайн хүний сэтгэл хөдлөл, илэрхийллийг гаргана гэдэг тийм амар ажил биш. Тэр үед социализм, хөрөнгөтөн гэсэн хоёр системтэй байлаа. Ихэвчлэн социалист орны киног орчуулдаг байсан юм. Нэг удаа Вьетнам кинонд дуу орууллаа. Хүмүүс нь их хурдан ярьдаг. Тэгээд тухайн киноны дүр бүрийн үйл хөдлөл, сэтгэл хөдлөл, амьсгаа, товшилтыг нь тааруулж хийнэ шүү дээ. “Яасан хурдан ярьдаг юм бэ” гээд бид нар уншаад л байлаа. 

Тэгээд бүлэг бүлгээр нь явсаар байгаад зохиол нь дуусчихлаа шүү. Тэгээд “Мундаг хурдан ярьдаг хүмүүс юм аа, гээд нэг амьсгаа аваад байж байтал, монтажчин маань механикийн өрөөнөөс энд нэг бүлэг кино үлдчихээд байхад, дуусчихлаа гэж юу яриад байгаа юм бэ” гэлээ. Зарим орны кинонд ам тааруулна гэж байдаг юм. Тэгэхэд тэр ондоо үгнүүдийг монгол үг болгоод аманд тааруулаад уншчихсан л байгаа юм даа.

-Тухайн хүний хоолойн өнгөнөөс шалтгаалж ямар дүрийг амилуулж дуу оруулахыг шийддэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Инээдмийн дүрийг Р.Дамдинбазар, мафийн толгойлогч, хамба ламыг Н.Дагийранз ах, харин Б.Дамчаа багш маань Сталин, том цэргийн дарга нарын дуу хийхэд их наалдацтай болдог. Манай Д.Элбэгсайхан ах бол уянгалаг намуухан хоолойтой. “Тунгалаг тамир” кинонд “Энэ хүнийг Эрдэнэ гэдэг” гээд гардаг шүү дээ. Сүүлд нэг кинонд дуу оруулсан чинь миний хоолой хөгшин хүнд таараад байдаг. 

Д.Элбэгсайхан ах надаас арав гаруй насаар ах хүн шүү дээ. Гэтэл надаас дүү хүний дуу дуунд хоолой нь их сайхан таарч байсан. “Ийм нэгэн явдал” киноны статистикийн хорооны дарга Людмила Калугина, түүний удирдлагад ажилладаг эдийн засагч Анатолий Новосельцев хоёрын дууг манай Ц.Цэнд-аюуш, Р.Дамдинбазар гуай хоёр үнэхээр монгол хүний сэтгэлд хоногштол бүтээсэн. Оросууд хүртэл ирж үзчихээд манайхны оруулсан дуунаас илүү байна гэж гайхаж байсан шүү. Хүн нүд, гар гээд хүртэхүйгээрээ аливааг мэдэрдэг. Харин би чихээрээ аливаа бүхэнтэй ойр байдаг юм болов уу.

-Та Кино урлагийн дээд сургуульд багшилдаг шүү дээ. Дуу оруулах эрдэмд шамдаж, дагнаж сурч байгаа залуус хэр олон байна вэ?

-Энэ чиглэлээр сурч байгаа залуус цөөнгүй бий. Гэхдээ кинонд дуу оруулахыг урлагийн дагалдан зүйл гэж ойлгодог. Үүнийгээ гол зүйл болгоод чиглүүлээд явах хэрэгтэй. Бас кинонд тоглож байхдаа дуугаа хэрхэн оруулах вэ гэдгээ мэдэхгүй тал анзаарагдаж байна. Жүжигчин хүн гэдэг бүх төрлийн авьяастай байх ёстой шүү дээ. Бид нарыг анх бэлтгэхдээ дуу оруулах жүжигчин гэж сургаж байлаа. 

Гэхдээ гол нь дуу оруулах юм. Одоо бол СУИС, КУДС-ийг төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд бүх талыг мэддэг байх ёстой. Дуу оруулах гэдэг чинь жүжиглэж байна гэсэн үг. Жүжиглэж, тухайн дүрийн онцлогийг мэдэрч, түүнд орж, илэрхийлэмжийг гаргахаас биш “түг таг” гээд байвал хүн үзэхгүй шүү дээ. Хойшдоо дуу оруулах урлагийг тасалчихгүй юм сан гэж боддог доо. 

Хүүхдүүддээ “Ямарваа нэг улс орон оршин тогтнож байгаа цагт орчуулгын кино гэдэг хэзээ ч тасалдахгүй. Тухайн дүрийг амилуулж дуу оруулна гэдэг хариуцлагатай ажил шүү” гэж хэлж ярьж л явна.-Та кино сайн үздэг биз. Сүүлийн үеийн кино дуу оруулалт дээр ямар бодолтой явдгийг тань сонирхоё?-Сүүлийн үеийн зарим киног үзэж байхад сэтгэлд хүрэхгүй нь ч бас байна. Гонгиноод, сөөнгөтөөд тухайн дүрдээ таарч өгөхгүй. 

Жүжигчин хүн тухайн дуу, дуугаараа яаж тоглохыг ойлгож, мэдэрч байж л чихэнд наалдацтай амилуулна шүү дээ. Нэг телевизийн залуус нэг хэсэг чадахгүй байж кинонд дуу оруулж надад загнуулсан. Эмэгтэй хүний хэлэх үгийг эрэгтэй нь хэлээд ирэхээр хүмүүс ойлгохоо байна шүү дээ. Тэгэхээр нь “Хүүхдүүд минь, ингэж хийснээс эх хэлээр нь гаргачих, Монгол Улс хөгжөөд юм сурсан боловсролтой хүүхдүүд олон бий. Ингэж будилуулснаас больсон дээр. Нэг бол сайн сур, сайн хий. 

Эсвэл эх хэлээр нь гарга гэж гэсэн” юм. Энэ урлагтай миний амьдралын 40-өөд жил холбогдсон болохоор ямар хэл дээр, тэр багцаанд явж байна, тухайн жүжигчний тоглолтын өнгө, үгийг хэлж байгаа байдал гээд гадарлачихдаг болдог юм байна. Зах зээлд шилжсэн цаг хугацаанд санхүүгийн асуудлаас үүдэж, нэг хэсэг кино урлаг уналтад орсон үе бий. Одоо сайн уран бүтээл туурвиад, алдаанаасаа суралцаж залруулаад явж байгаа сайн уран бүтээлчид олон байна. 

Дээхнэ үед улсаас төсвийг нь гаргаж цалин өгдөг байсан болохоор ч тэр үү кинонууд нь их чанартай гарна. Тэр үеийн техник нь ч их бүдүүлэг байж. Яг л хийхгүй бол, гарах тоолонгоор планк гүйнэ шүү дээ. Тэгэхээр алдахгүй байхыг л хичээнэ. Хүүхэлдэйн кинонд дуу орууллаа гэхэд нарийн бүдүүн цаг дуугардаг байхад тэр бүрд тохируулж дуу хийнэ. 

Тухайн бичвэр ямар зорилго, өгүүлэмжтэй вэ гэдгийг тархиндаа боловсруулж гаргана. Кино дуу оруулагч мэргэжлийн ажиллах нөхцөл нь уурхайчны дараа ордог. Учир нь, битүү агааргүй орчинд найман цаг, хоёр давхар хаалганы цаана сууна. Дээхнэ үед гол дүрд ам барьж байгаа хүн тэр өрөөнөөс бараг гарахгүй шүү дээ. Одоо бол ээлжилж ордог болсон.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сүүлд Энэтхэгийн “Бурхан багш” кинонд МУГЖ Т.Цэмпилмаа багштайгаа хамт уригдаж дуу орууллаа. Ер нь урлагт хайргүй байхын аргагүй. Олон улс орны онцлогыг хүмүүст таниулж, түүнд хүмүүс дуртай байна гэдэг сайхан. Дуу хоолойгоороо хүмүүсийн чихэнд хоногшино гэдэг хамгийн том шагнал шүү дээ. Телевизийн зохиомж болон богино хэмжээний кинонд нэг хэсэг их тоглосон. 

Энэ жил “Том тоглоом” гээд хүүхдийн кинонд Цагаан өвгөний дүрд тоглолоо. Хүүхдийн кино гэдэг хойч ирээдүйд үзүүлж байгаа маш хөрөнгө оруулалт бөгөөд ёс зүйтэй хүн байхын утга учрыг зааж өгдөг юм байна. Хүүхдийг кино ид үздэг насан дээр нь кино урлагаар дамжуулж, олон зүйлийн ухааныг таниулбал хэрэгтэй юм байна гэдгийг анзаарсан. 

Хүүхдийг загнаж сургаснаас, сонирхлыг нь дагуулаад сургавал илүү үр дүнтэй. Би хүүхдийн кинонд олон тоглож байгаагүй ээ. МҮОНТ-ийн хүүхдийн редакцад үлгэр ярьдаг байлаа. Үлгэр ч гэсэн тухайн дүрүүдийн онцлогийг ялгаж, хүүхдийн сонирхол татахаар, урт биш аливаа юмыг сургасан ойлгуулсан байх хэрэгтэй. Бас 20- иод жил өвлийн өвгөн болсон. 

-Та тэгвэл өвлийн өвгөний дүрээр олон хүүхдийн дурсамжид үлджээ. Хүүхэд баярлуулах тэр мөч үнэхээр жаргалтай байдаг байх даа?

-Хүүхдийн цав цагаахан энерги шингэсэн, инээд хөөр аз жаргал бялхсан орчинд өвлийн өвгөн болж очих их сайхан. Цэцэрлэгийн хүүхдүүд их хөөрхөн шүү дээ. Бэлэг өгөхөөр баярлана, үнсэх гэхээр, намайг түрүүлээд үнсчихнэ. Зарим нь бэлгээ аваад тэр дор нь задлаад идчихнэ.

-Та дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон. Энэ дундаас “Илүү сартай зун” киноны “ээрүү Дагва” дүрийг тань онцолж асуумаар байна?

-“Илүү сартай зун” киноны зураг авалтыг Хөвсгөлийн Ханх суманд авсан юм. Манай Н.Сэлэнгэсүрэн ерөнхий найруулагчаар, би туслах найруулагчаар явж байлаа. Орчуулгын кино анги жилдээ кино орчуулахын хажуугаар II найруулагчаар явдаг байсан юм. “Цонхон дээр суусан ялаа”, “Үхэл амьдралын зааг” гээд хоёр киноны ерөнхий найруулагчаар ажилласан юм байна. Кино зураг авалтаа хийхээр хотоос жүжигчдээ аваад явлаа. Гол эрэгтэй дүр болох Галаад Д.Сосорбарамыг сонгосон юм. 

Тэгсэн Улсын драмын эрдмийн театрын найруулагч Г.Доржсамбуу Д.Сосорбарамыг өгдөггүй шүү. “2-3 жүжгийн гол дүртэй. Манай төсөв төлөвлөгөө тасалдчих гээд байна” гэлээ. Г.Доржсамбуу бид хоёр сайхан найзууд. Ингэж явсаар байгаад туслах дүр болох ээрүү Дагваа мартчихаж. Тэгээд ерөнхий найруулагчдаа хэлтэл “Болно, болно” гэж байна. Тэгээд Хөвсгөлийн театраас хэдэн жүжигчин аваад явлаа. II дугаар найруулагч гэдэг бол штабын дарга шиг л үүрэгтэй. 

Хаана машин хэрэгтэй болно, олны хэсэг, гээд зураг авалтын бүх л бэлтгэлийг хариуцна. Нэг мэдсэн ээрүү Дагва зураг авуулах гэсэн байдаггүй. Тэгээд ерөнхий найруулагчаас “Ээрүү Дагвад тоглох жүжигчнээ хотоос авах уу, Хөвсгөлөөс авах уу” гэж асуулаа. Гэтэл найруулагч маань “Чи өөрөө байна шүү дээ. Бэлэн жүжигчин байна. Өөрөө тогло” гэж байна. Найруулагч маань зөвшөөрсөн болохоор надад татгалзах зүйл байсангүй. 

Тэгээд Д.Сосорбарамаас “Ээрүү Дагва гэдэг дүрд тоглохоор боллоо. Чи ийм дүрд тоглож байсан уу, надад зааж өгөөч” гээд асуулаа. Тэгсэн тоглосон гэж байна шүү. Дуу дуулахдаа бол ерөөсөө гацдаггүй, харин сандарсан үедээ бол бүр юу ч ярьж чаддаггүй юм гэж байна. Тэгээд Д.Сосорбарамтайгаа бэлдэж байгаад л тоглолоо. Ээрүү Дагва бол сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, техник сэтгэлгээтэй хүнийг онцолж гаргасан сайхан дүр. Хүмүүс энэ дүрээр минь намайг илүү мэддэг. Олон сайхан дурсамж, цаг хугацаанд намайг хөтлөн байдаг энэ дүрдээ хайртай.

-Та “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн анхны дугаарт оролцсон. Олон хүнд инээд бэлэглэсэн, сайхан дугаар болсон шүү?

-Уг нь манай эхнэр намайг загнадаггүй хүн шүү дээ. Харин “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн хамт олон “Эхнэрийг маань та “Нэргүй ахыг яаруулаад байгаарай” гэсэн байна лээ. Ямар хоол хийж байгаагаа ч мэдээгүй. Тэгээд эхнэр маань юм заахаараа “Юуны чинь дэргэд байна” гээд байдаг.

Жүжигчин хүн учраас жаахан давс хужир нэмж хөгжилтэй болгоё гэж бодсон юм. А.Миеэгомбо “Та сайхан хоол хийгээд түрүүлнэ гэж бодож байна уу” гэж асуухаар нь “Түүхий, түлэнхий юм хийхгүй бол миний түрүүлэх гэж юу байх вэ” гэж хариуласан. Нэвтрүүлгийн төгсгөлд гурван эмэгтэй нүдээ боогоод хоолны амталгаа хийдэг хэсэг байдаг шүү дээ. 

Уг нь би тэр хэсэгт нэлээд өндөр үнэлгээ авсан юм. Гэхдээ бид хоёр хоолондоо вино хийхээ мартсан байна лээ. Хөгжилтэй, дурсамжтай цаг хугацаа болж үлдсэн, олон хүнд инээд бэлэглэсэн сайхан нэвтрүүлэг. Энэ зун хөдөө явж байгаад Архангай аймагт машины засварын газар дугуйгаа янзлуулж байтал “ Та хоёр сайхан хоол хийгээд өгчихгүй биз” гэж асууж байдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН