Даваа гарагаас 18-49 насныхныг вакцинжуулна
2021/04/04
Даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн 18-49 насны иргэдийг вакцинжуулах болохыг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр “4-р сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа очоод хамрагдаарай. 5-р сарын 1-гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдана” гэлээ.
Ерөнхий сайд өнөөдөр вакцинжуулалтын ажилтай танилцсан бөгөөд өдөрт дунджаар 12 мянган иргэнийг вакцинжуулж байгааг нэмэгдүүлж, энэ тоог 30 мянгад хүргэхээ мэдээлээд байсан юм. Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэг ажиллаж байгаа бөгөөд үүнийг хоёр дахин нэмэгдүүлж 80-д хүргэх юм. Тиймээс 18-49 насны иргэд эдгээр цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой.
18-аас дээш насныхны вакцинжуулах зохицуулалтыг хороо, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд гаргаж байгаа гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээллээ.
Вакцинжуулалтын дарааллаар 18-24, 25-49 нас хэмээн ангилсан байсан ч ахмад настнуудын 60 хувийг вакцинжуулсан тул насны ангиллыг нэгтгэжээ.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 6,895 өндөр настай хүмүүс асаргаанд байдаг тул гэрт нь очиж вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.