Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намыг дотоод асуудлаа шийдсэний дараа бүртгэнэ гэв
2021/05/05
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нэр дэвшигч баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "АН-ын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ бүртгэлтэй. Тус намын тамганы асуудал шүүхийн маргаантай байгаа. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн Үндсэн хуулийн хэм хэмжээ бий. Тэгэхээр нэг намаас нэг нэр дэвшигч тодорно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд мөн ийм заалт байгаа.
Ардчилсан нам хоёр хэсэг газар нэр дэвшүүлж байна. Үндэсний аудитын газарт мөн л хоёр мөрийн хөтөлбөр хийлгэсэн. Хоёулаа манайд ирлээ.
Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Нэг хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг дотооддоо шийдэхийг хүсэж байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар бол С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдээч.
Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Улс төрийн намуудын төрийн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн ерөнхий хороо шийдэх юм шиг нөхцөл байдал үүсэж байна. Бид та бүхнээс материал хүлээж авах хугацааг хойшлуулж байна. Өнөөдрийн 18:00 цагаас та бүхнийг хүлээж байя" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу АН-аас Н.Алтанхуяг нэр дэвшигчийг дэвшүүлж баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргэж ирлээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 27.1 дэх хэсэгт намын дарга биш намын төлөөллийн төв байгууллага нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулна гэж заасан байдаг. Манай намын хувьд энэ байгууллага нь үндэсний бодлогын хороо юм. Үндэсний бодлогын хорооны хурлаар олонхын саналыг Н.Алтанхуяг авсан. Үндэсний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг намын Их хурлаар баталгаажуулсан.
Нийгмийн сүлжээнд буруу мэдээлэл явж байна. Манай намын нэрийг барьж, хууль бус тамга ашигласан, УИХ-д суудал бүхий намын үйл ажиллагаанд саад учруулах гэсэн хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Улс төрийн намын тухай хууль болон АН-ын үндсэн дүрмийн зохицуулалтаар зөвхөн намын дарга хамаардаггүй. Хянагдсан материалыг хуульд заасны дагуу хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "СЕХ танайх бол нэг нам хоёр болсон гэж худал ярьдаг байгууллага биш. МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шулуухан хэлчихье. Чи хаан болчихсон юм шиг битгий олон юм ярь. СЕХ бол УИХ-аас байгуулагддаг байгууллага.
Та нар МАН-ын дор орсон байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орсон. АН хуваагдаагүй. Хоёр АН гэж байхгүй. АН-ыг хуваах гэж МАН жигшүүртэй үйлдэл хийсээр байна. АН-ын тамга бүртгэлтэй хэвээрээ байгаа. Иргэний бүртгэлийн ажилтан захиалгаар тамга хийж болохгүй. Тэр байцаагчийн хийсэн тамгыг түдгэлзүүлсэн. У.Хүрэлсүхийн даалгаврыг биелүүлэхээ больцгоо та нар. Нэр дэвшигчээ захиалдаг болсон байна.
Ард түмний сонголтыг та нар хүндэл. Бидэнд бүх бичиг цаас нь байгаа. СЕХ бүртгэхгүй гэх юм бол бид Монголын ард түмэнд хандана.
Бүх бичиг баритан дээр ганцхан нам байна. С.Эрдэнэ гэдэг хүнийг цаанаас нь захиалсан. Чамд хойшлуулах эрх байхгүй. Би эндээс гарахгүй. 13 гишүүн орж ирээд суусан байгаа. Манай материалыг авах ёстой" гэлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
"АН-ын УИХ-ын бүлгийн гишүүн хүрэлцэн ирсэн байна. Бид ард түмний элч нар байна. СЕХ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Дөнгөж орж ирээд асуудал ярьж байхад хэдэн гишүүд нь гараад явчихлаа. Бүхэл бүтэн нам бүртгүүлэх гээд орж ирж байхад та нар ажлаа хийгээд сууж байх ёстой. Материалыг хоёуланг нь хүлээж аваад нягтал. Түүнээс өмнө танай нам хоёр болсон гэх мэт зүйл ярихаа боль. Нэг нам, нэг хүний дарангуйлал руу энэ улс орныг аваачихгүйн тулд СЕХ гэж байдаг.
1989 оноос хойш жинхэнэ ёсоор олон сонгуулийг амжилттай сайн хийж ирсэн. Энэ сонгуулийг та бүхэн амжилттай хийгээд ард түмний өмнө тайлангаа тавих ёстой. УИХ-ын арван гишүүн таны ярихыг зөндөө сонслоо. Та нар ажлыг ингэж хийж болохгүй. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа зөв хий. Цагаан дээр хараар бичсэн хуулиа хэрэгжүүлэхийг бид хянах үүрэгтэй. МАН хэдийгээр 65-уулаа ч гэсэн сонгуулиар дөчхөн хувийн санал авсан.
Материал хүлээж аваад, нягтлах нь зүйтэй" гэлээ.
Иргэн · 2021/05/05
Эхлээд нэг нам л болчих хэрэгтэйшдээ!? Өөрсдийнхөө энэ нэг муухай заваан юмаа хэнд нялзаах гээд байгаан!?
Иргэн · 2021/05/05
Эхлээд нэг нам л болчих хэрэгтэйшдээ!? Өөрсдийнхөө энэ нэг муухай заваан юмаа хэнд нялзаах гээд байгаан!?
Иргэн · 2021/05/05
Эхлээд нэг нам л болчих хэрэгтэйшдээ!? Өөрсдийнхөө энэ нэг муухай заваан юмаа хэнд нялзаах гээд байгаан!?