Д.Амарбаясгалан: Улс төрийн нам дотроо ойлголцоогүйн төлөө Монголын ард түмэн зовдог байж болохгүй
2021/05/06
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан “Мэдээллийн урсгал” нэвтрүүлгийн сурвалжлагчтай ярилцав. Энэ үеэрээ тэрээр: “Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй гэдэг зүйр үг байдаг. Эхлээд нам дотроо эв нэгдлээ хангаж, дотоод асуудлаа шийдэж, Монгол Улсын Үндсэн Хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, бусад холбогдох хуулиудыг чанд мөрдөж сурах шаардлага зайлшгүй байна гэж харж байна.
Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг би хар багаасаа л мэднэ. Мэдээ орсон цагаасаа энэ хүмүүсийг улстөрд явж байхыг нь харлаа. 30 жил явлаа. Яагаад төлөвшдөггүй юм бэ? гэж бодох хэмжээнд хүргэж байна. Монгол Улс хөгжмөөр байна. Монголын ард түмэн баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзлэлтэй байна. Энэ бүхний тушаа болж 30 жил явж ирчихээд өнөөдөр бас л дахиад шударга ёс ярьчихсан явж байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болохоор шударга байдаг, Ерөнхий сайд биш болохоор шударга биш болдог гэдэг ойлголт өнөөдөр Монголын нийгэмд байж болохгүй шүү дээ. Би л дарга бол бусад нь хамаагүй. Би дарга биш бол бусад нь шударга бус гэдэг ярьж байгаа үйлдэл нь өөрөө их тааламжгүй үйлдэл гэж залуу хүний хувьд үзэж байна. Тэгэхээр энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Хүн дарга болохын тулд, эсвэл аливаа улстөрийн намууд дотроо ойлголцоогүйн төлөө Монголын төр, Монголын ард түмэн зовж зүдэрдэг байж болохгүй ээ. Зовох шалтгаан бидэнд мундаагүй. Олон шалтгаан байна. Ковидоос эхлээд ярих юм бол олон зүйл дээр бид зовсон зүдэрснээ ярьж болж байна. Түүнээс биш хэн нэгэн дарга болоогүйгээс болж зовж зүдрэхийг ярьж болохгүй гэдгийг шууд хэлэх нь зүйтэй. МАН өчигдөр МАН-аас нэр дэвшигчээ бүртгүүлээд нэг зүйлийг маш тодорхой хэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний нүдэн дээр ил тод, будлиангүй, маргаангүй шударга явагдаасай гэж МАН хүсэлт тавьж, тэрний төлөө МАН-ын зүгээс хандана гэдгийг тодорхой хэлсэн байгаа. Монгол төрийн сонгууль, тэр дундаа төрийн тэргүүнээ сонгох сонгууль маргаангүй явах нь юу юунаас чухал.
Би өчигдөр хэлж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоор хамгийн муу хүмүүс хоорондоо өрсөлддөг. Тэгээд нэг муу нь сонгогддог гэсэн ойлголтоосоо бид салах ёстой. Улстөрийн намууд улстөрийн соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа энэ сонгуульд төрөө дээдэлдэг ард түмэн илүү сайхан сэтгэгдэлтэйгээр ордог байх ёстой юм. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно.” хэмээсэн юм.
ZOCHIN · 2021/05/06
AMARBAYSGALAN GEDEG ALBAN TUSHAALIIN TULUU NUDEE UHAHAAS SIIHGUI GAR DUUGUI BAI. UMHII JDU CHIN MINI. ALTANHUYG CHAMAAS HOL ILUU NER TCEVER.