Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн, ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Г.Баасантай ярилцлаа.

 

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг болохын тань хувьд АН-д үүсээд буй асуудлын талаар байр суурийг нь тань сонсоё. Ер нь бол О.Цогтгэрэл, М.Тулгат гэсэн хоёр даргатай хоёр нам бий болчихлоо.Зарим ардчиллын анхдагчид, тодруулбал жүжигчин Д.Сосорбарам гуай энэ бол зөв, үзэл баримтлалаараа шууд хоёр хуваагдчих хэрэгтэй гэж ярьсан байсан?

 

Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулах нь хуулиар нээлттэй.Гэхдээ ижил нэртэй хоёр нам байх нь хуулиар хаалттай. Ардчилсан нам нэг л байх ёстой шүү дээ. Өөр, “Ардчилсан” гэдэг үг орсон олон нам байгуулж болно. Тэгэхээр би өнөөдрийн Ардчилсан Нам хоёр хуваагдаж байгаа үйл явцыг нэгдүгээрт, “Ардчилал” гэдэг нэрийг хувьдаа буюу бүлэглэлийн эрх ашигт эзэмшээд, ашиглаад  31 жил явчихсан нөхдүүд хөхүүл мал шиг үүнээсээ салж чадахгүй байгаатай холбон авч үзэж байна. Хоёрдугаарт, ардчилал гэдгийг нийтийн эрхзүйн үүднээс, нийгмийн ардчилсан ёсны үүднээс нь өнгөрсөн 31 жил явуулаагүй.Зөвхөн тэр намын далбаан дор хувьдаа ашиг хайж, албан тушаал авч, өөрийнхөө эрх ашгийг бөөцийлүүлж байсан хүмүүс намгүй болчихно гэхээс л үхтлээ айж байх шиг байна. Гуравдугаарт, дараагийн нэг үзэгдэл нь бол мэдээж эрх барьж байгаа нам нь сөрөг хүчин болох намаа аль болохоор хэрүүлтэй уруултай, зодоонтой нүдээнтэй, бяргүй чадалгүй байлгах гэж маш том эрх ашиг үйлчилж байна. Ийм гурван шалтгаанаар өнөөдөр Ардчилал Нам хоёр хуваагдчихаад байна.Тэгэхдээ яг үнэндээ бол хуваагдсан гэж хэлэхэд хэцүү юм билээ.Учир нь О.Цогтгэрэл даргатай нам нь 80 гаруй мянган намын гишүүний бодит дэмжлэгтэй байгаад байдаг. Нөгөө М.Тулгатынх нь 6000 орчим хүний бодитой дэмжлэг харагдаад байгаа бололтой юм билээ. 80 000, 6000 хоёрыг ижил тэнцүү хуваагдсан гэж хэлэх нь тооны шинжлэх ухааны хувьд боломжгүй. 

 

 Тэгэхээр та О.Цогтгэрэл даргатай Ардчилсан Намыг үндсэн Ардчилсан нам гэж дүгнэж байна уу?

 

Тэр талын явж байгаа процесс нь яах аргагүй бодитой, бүр анхан шаттайгаа бүх юмтайгаа оролцоод, нийтийн өмнө маш томоор хурлаа хийгээд явж байгаа шүү дээ. Нөгөөх нь болохоор цахим гэсэн нэрийн дор харанхуй бүдэг яваад байгаа.Мөн Монголын ардчиллыг олон жил удирдаж, ардчиллыг буруу замаар хөтлөсөн, хувьдаа их ашигласан хүмүүс М.Тулгатын гэгдэх нам руу илүү их орчихсон байгаа юм.Ардчиллын үнэт зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалж явдаг, энэ нийгэм ардчилсан үзэл санаатай байгаасай гээд хүсдэг жирийн гишүүд нь О.Цогтгэрэл гэдэг даргатай намд нь олон бий. Энэ чинь өөрөө туухайн дээр хэн нь илүү жин дарж байна гэдгийг харуулж буй мэт том үзүүлэлт.

 

 

 Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусаж байна. Та өнгөрсөн 4 жилийн ажилд нь ямар дүгнэлт өгөх вэ?

 

Яахав хүмүүс "Г.Баасан Х.Баттулгын хүн шүү дээ" гэдэг өгүүлбэр хэлэх байх л даа. Би бол Гэлэгийн Баасан. Монгол Улсын иргэн хүн. Надад нам ерөөсөө хамаагүй. Монголын нийгмийг сайн сайхан аваад явах, Монголын ард түмэнд тайван ая тухтай амьдралыг бий болгохын төлөө зүтгэх, мөн энэ хоёр том гүрний дунд тусгаар тогтносон, хараат бус Монгол Улс байлгахын төлөө аль төрийн түшээдийн сэтгэл илүү өвдөж байна гэдэг нь л чухал.Тэр утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга бол Монголын баялгийг зүй зохистой ашиглах, залуучуудыг зөв хүмүүжилтэй болгох,  ардчиллын үнэт зүйлийг хууль төрийн шийдвэрт тусгах талаар тун зөв зүтгэж байна гэж хардаг. Түүнд нь ч хувь нэмрээ оруулж байгаа хүний нэг бол би.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өөрчлөгдөөд 4:4 жилээр 8 жил сонгогддог байсан бол, ганцхан удаа 6 жилээр сонгогддог болсон. Энэ хуульд өмнөх Ерөнхийлөгч нарын нэр дэвших эсэх асуудлыг хольж хутгаж байгаа нь гадаад, дотоодын Монголын баялагт шунасан бүлэглэлүүдийн маш хүчтэй түрэмгийллийн хэлбэр гэж би харж байгаа. Түүнээс бус энэ шинэ үйлчилж байгаа, 6 жилийн хугацаатай шинэ харилцаанд ямар ч хүн дахин нэр дэвших эрх нь нээлттэй л байх ёстой. Өмнө нь Ерөнхийлөгчөөр нэг, хоёр сонгогдсон эсэхээс огт хамааралгүйгээр парламентад суудалтай аль ч намаас хэн ч нэр дэвших эрхтэй байх ёстой.Гэтэл Монголчуудын хууль эрх зүйн дор амьдарч сураагүйг нь далимдуулаад, мөн социализмын үеэс өнөөдрийг хүртэл авч ирж байсан намын нэрийг хадгалаад, үйл хэргийг нь уландаа гишгэсэн МАХН, МАН хоёр тоглолт хийчихлээ.

 

Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд гэгч гадаадын захиалгатайгаар, бараг урд хөршийн захиалгатайгаар гээд шуудхан хэлчихье.Т.Доржханд урд хөршийн захиалгатайгаар Монголын нийт ард түмний гэрээ болсон Үндсэн Хуулийг хүчгүйдүүллээ, Үндсэн Хуулийг нулимчихлаа.

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын ажил сайн байсан гэж би хэлнэ.Монголын баялгийг олон улсын зах зээл рүү гаргах төмөр замаа тавьж чадлаа. Мөн энэ хүн Монголын баялаг бол ард түмэнд наалдах ёстой юм шүү гэдгийг сая тэтгэврийн зээлийн зохицуулалт хийхдээ харуулж чадлаа.Энэ хүн Монголчууд эв нэгдэлтэй, улс орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой гэдгийг бас харуулсан. Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө явлаа.Гэхдээ 31 жил хоорондоо хуйвалдсан, хөл гар, халаасаа нийлүүлсэн хүмүүсийг дийлсэнгүй.

 

 

 

 

 

 

 Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд МоАХ-ы гишүүн. Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа улс төрд идэвхтэй үргэлжлүүлэн оролцох орон зай бий болов уу?

 

Мэдэхгүй. Би ямар Халтмаагийн Баттулгын төрсөн дүү нь биш, эгч нь биш, өдөр болгон уулздаг хүн нь ч биш. Мэдээж тэр хүн төдийгөөс өдий хүртэл Монгол Улсын төлөө цохилох зүрхтэй явж ирсэн юм чинь дахиад улс төрийн замналаа болон яаж энэ  нийгэмд өөрийгөө авч явахаа төлөвлөсөн л байх. Би бол СонгиноХайрхан Дүүрэг дээр ч юм уу, эсвэл хэрэв У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихвал, Хэнтий дээр ч юм уу нөхөн сонгуулиар УИХ-д үзээсэй, УИХ-ын гишүүн болж, ард түмний дуу хоолой болохын сацуу төр түшээд, хууль батлалцаад яваасай гэж  чин сэтгэлээсээ хүсэж байгаа. 

 

М.Тулгатын удирдсан гэх АН-ынхан Ардчилсан нам бол анхнаасаа л барууны, либерал нам байсан, буцаж тийм болох ёстой гэж их ярих болсон. Үнэхээр тийм гэж үү? Яг АН-ыг бол Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам, Монголын Сэргэн Мандлын нам гээд маш олон байр суурьтай улс төрийн хүчнүүд нэгдэж, байгуулсан шүү дээ?

 

Нэгдүгээрт 1989-1996 он хүртэл Монгол Улсад бий болсон ардчилал төрийн бодлого болж чадаагүй юм.Энэ 6, 7 жилийн хугацаанд хуучин үзэлтэй, коммунист дэглэмтэй нам ардчиллыг хангалттай нухчин дарчихсан. 1992 онд Үндсэн Хуулийг батласан. Үндсэн хууль батлаад, Монголчуудын сонгож авсан энэ нийгэмд Үндсэн хуулийг иргэд хэрхэн мөрдөж амьдардаг тухай ард иргэдэд соён гэгээрүүлэх огт ажил хийгээгүй.Үүний гайгаар Монголын ардчилал анхнаасаа хөрсөн дээр бууж чадаагүй, хэлбэр төдий болсон. Хоёрдугаарт, Монголын хуучин үзэлтэй нам өнөөдөр хүртэл төр бариад явж байна. Энэ нам ардчиллыг бий болгохгүй нухчин дараад байхаар,  АН-ын гэх авч амин хувиа хичээсэн хэдэн дарга нар МАН-тай хуйвалдаад, барууны чиглэлийн нам болж ялгарч гарч ирж чадаагүй. Барууны чиглэлийн нам гэж шударга өмчийг дэмждэг нам болохоос өмч хувьчлал нэрээр өмнөх нийгмийнхээ хамаг юмыг хулгай хийчихдэг  намыг хэлэхгүй шүү дээ.

Өмч хувьчлал шударга явагдаагүй. Мэдээлэлтэй хүмүүс нь хожоод дууссан. 1991 онд Даваадоржийн Ганболд: “Мэдээлэлтэй хүмүүс хожно, бусад нь живнэ” гэж өөрөө хэлж байсан.

 

Тиймээс АН бол барууны нам биш. Зүгээр хэлбэр төдий МАН, МАХН-ыг сөрж байх гэсэн бүлэг хүмүүсийн л бөөгнөрөл, сүлжээ

 

болохоос биш яг ардчилсан үзэл санаатай, хүний  эрх, хууль ёсыг дээдэлдэг, хууль нь өөрөө хүний эрхийг, шударга ёсыг дээдэлсэн механизмтай, түүнийг аваад явах боловсон хүчнийг бэлддэг систем АН-д, ер нь Монголд огт явагдалгүй 31 жил болсон байна. Өнөөдөр залуучууд та бүхэн харж байгаа. Хаана тэр шударга ёс чинь байгаа юм? Хаана тэр хууль дээдлэх ёс чинь байгаа юм? Тэр хуулийг хэрэглэж байгаа хуучин үзэл санаатай хүмүүс өнөөдрийг хүртэл шүүх танхим дотроо сууж л байна. Тэр бүү хэл өнөөдөр МАН шүүх засаглал дотор, ер нь Монголын бүх төрийн машинуудад өөрийн үзэл баримтлалыг хатуу, үг дуугүй дагадаг хүмүүсийн фронт байгуулчихлаа. Энэ тохиолдолд юун барууны үзэл, юун ардчилсан үзэл, юун сөрөг хүчин? Уучлаарай. Аль нь ч байхгүй. Зүгээр л ардчилал нэртэй дээрэм явагдчихсан. Өмч хувьчлал нэртэй дээрэм явагдчихсан.

Энэ бол мэдээлэлтэй хүмүүсийн хожоо байсан.Монголчуудад өнөөдөр зах зээлийн нийгэм рүү орлоо шүү, өрх болгон үйлдвэрлэгч болоорой гээд төрөөс нэг ч удаа ямар нэгэн санхүүжилт хэзээ ч өгч байгаагүй.Монголын үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн нээлттэй зах зээлийн шударга өрсөлдөөнийг Монголын төр 31 жилдээ огт хийгээгүй.Төр өөрөө бүх бизнесийн монополыг атгаад авчихсан.Мөн Монголын бүх тендерүүдийг Хятадууд авчихсан. Ийм байхад юун барууны үзэл ярих, юун ардчилал ярих? Уучлаарай.Би өөрөө ардчилсан нийгмийн үндсэн шавыг тавилцаж, галыг нь асаалцсан, үрийг нь суулгасан хүний нэг. Би үнэхээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ, өмчийг хамгаална, шударга өмч бий болно, тэгш улс байна, хүний эрх байна гэж бодож л энэ ардчиллыг хийсэн болохоос ардчилал нэртэй дээрэмчдийг амьдруулах гэж, ардчиллыг нухчин дардаг коммунист намыг ардчилсан дүрд тоглохыг нь харах гэж 31 жил хувьсгалын ажилд амьдралаа зориулаагүй. Надад нам чухал биш. Өнөөдөр Монголд байгаа Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй намууд бүгд татан буугдах ёстой. Хатуу гишүүнчлэлгүй намтай болох ёстой. Нам бол төрийн эрх мэдлийн төлөө явдаг биш, нийгмийг хөгжүүлэх бодлогоо уралдуулдаг байх ёстой. Энэ л миний 31 жил баримталж яваа зарчим. 

 

-Баярлалаа. Энэ сэдвийн хүрээнд миний асуугаагүй, танд нэмж хэлэх зүйл байна уу? 

 

Монголын ард түмэн 31 жилийн энэ бусармаг, буруу замаар явсан үйлдэлд дүгнэлт хийх ёстой.Улмаар цаашид үргэлжлэх цагийг зөв болгохын тулд ардчилсан нийгмийн  үнэт зүйлсийг байх ёстой хөрсөнд нь суулгахын тулд өнөөдрийн энэ бусармаг хөрсийг хөрсөөр нь эргүүлж, энэ бохир нийгмийг хатаах хэрэгтэй.Тэгээд цоо шинэ нийгмийг бий болгохын тулд хүчээ нэгтгээсэй л гэж хүсэж байна. 

 

Баярлалаа.

 

Ярилцсан Н.Энхдэлгэр - sonin.mn