Сонгууль ба Aрдчилсан нам
2021/06/14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль болж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулав. Энэ удаагийн сонгуульд санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 59.35 хувь нь оролцсон байна. Сонгуулийн Ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүн мэдээг албан ёсоор танилцууллаа.
МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд 823.326 хүн санал өгсөн нь бүртгүүлсэн сонгогчдын 67.76 хувь болж, ялалт авчирчээ. Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 20.33 хувь буюу 246.968 хүний санал авч удаалав. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 5.99 хувь буюу 72832 хүний санал авсан бол 71937 хүн “Цагаан сонголт” хийсэн нь нийт санал өгсөн сонгогчдын 5.92 хувийг эзэлжээ.
“Цагаан сонголт”, сонгуулийн луйвар, мөнгө тараасан гэх мэт жижиг сажиг хэл ам дуулдаж л байна. Гаднаас нь харахад нэг их айхавтар луйвардсан хэрэг түвэг гарсангүй, гайгүйтвэр өнгөрлөө. Гэвч хамгийн маапаантай гэмээр, сэжигтэй юм гэвэл ирц байлаа. Санал хураалт дуусах дөхөхөд ирц 50 хувьдаа хүрэх эсэх нь эргэлзээтэй байв. 22 цаг болоход ирц дөнгөж 50 хувьд хүрсэн. Энэ ирцийг аргалаад ахиулчихсан байж мэдэх л юм гэсэн хардлага бол байгаа. Санал өгсөн хүнээр олон дахин санал өгүүлсэн ч байж болох гэх мэт сэжиг бий. Ерөнхийдөө эрх баригч нам АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ дээр маш сайн “ажиллалаа”. Тэд өөрсдөдөө хангалттай хэмжээний хүнээр санал өгүүлж чадсан, 50 хувиа давуулчихсан. Цаана нь сая гаран хүн огт санал өгсөнгүй. Өөрсдөдөө хэрэгтэй хэмжээний ирцийг бараг шахуу тоолж байгаад л болгочихсон гэж хэлэхэд буруудахааргүй. Үүнийг нь хууль зөрччихлөө гэх нь хаашаа юм. Сонгуульд саналаа өгөх эсэх нь тухайн иргэний л асуудал шүү дээ. Эрхээ эдэлж, санал өгөх байранд ирэхэд хориглохгүй л байсан.
Бас нэг харах юм нь, сонгогчдыг саналаа өгч болохооргүйгээр зохицуулалтыг ч хийчих шиг болно лээ. Хөдөө, орон нутагт очиж ажилладаг, хотод ирж ажил хийдэг залуус, томилолтоор хөдөөгүүр яваа улс, энд тэнд хөл хорионд суугаа оюутнууд гээд нийгмийн идэвхтэй, хөдөлгөөн ихтэй хэсгийнхэн, залууст саналаа очиж өгөхөд түвэгтэй байх маягаар маш нарийн зохион байгуулалтыг хийж, ирцэнд нөлөөлсөн ч байж мэдэх юм. Ер нь ирцэнд маш их цензүүртэй байдаг юм байна аа гэж харагдлаа. Уг нь улс даяараа ганцхан тойрогтой байхад хаанаас ч гэсэн байгаа байгаа газраасаа саналаа өгчихөж болохоор боломж нь бүрэн байлаа. УИХ-ын сонгуулийг бодвол энэ чинь ганцхан тойрог учир санал өгүүлэх тал дээр хялбар зохион байгуулалт хийж болох байсаан. Ирцийн тал дээр энэ мэт зүйл ажиглагдлаа.
Монголын улс төрийн голлох хүчний нэг гэгддэг байсан Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар “арчууллаа”. Хөдөө ганц ч үүр, салбаргүй Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) Ардчилсан намаас гурав дахин илүү өндөр санал авчихлаа. МАН Ардчилсан намаас 11 дахин их санал авав.Энэ бол АН үнэхээр муу байгааг баталж байгаа юм. Улс төрийн хоёр дахь голлох хүчин, эрх барьж байсан нам гэхэд ийм ч болтлоо шалдаа унах гэж байдаг аа.
Энэ гутамшигт ялагдал бол АН-ыг үүсгэн байгуулсан лидер гэх тодотголтой хүмүүсийн хувийн эрх ашиг нь Ардчилсан үзэл санаанаас үргэлжид дээгүүр явж ирсний гай. Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд нарын хүмүүст Ардчилсан үзэл санаа бол падлий ч байхгүй. Зөвхөн өөрсдөө л баян тарган, эхнэр, үр хүүхдүүд нь ажил төрөлтэй байж улсыг ноёлж л байвал Ардчилсан нам гэж явдаг. Тэр нь байхгүй болонгуут АН бол эдний хувьд нохойн баас болж хувирдаг. АН-ыг дагасан, Ардчиллын үзэл санааг тугаа болгосноороо хохирч буй олон мянган гишүүд нь ч эдэнд хэн ч биш гэдэг нь олон удаагийн үйлдлээр нь харагдаж байгаа юм.
Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэдэг ойлголт бараг балрах тийшээ хандлаа. Ухаалаг, олон түмэн гишүүдийнхээ төлөө ажиллах чадвартай, ард түмний хүсэл сонирхлыг бодолцож үзвэл ямар амархан дээшээ гарч ирж болохыг ХҮН, Д.Энхбат харуулчихлаа. Одоо Ардчилсан нам Монголын улстөрийн тавцангаас арчигдах уу, үгүй юү гэдэг нь өөрсдөөс нь шалтгаална.
Хэн хүнгүй л бодож байгаа, АН шинэчлэгдэх байх, улс төрийн байр сууриа буцааж олж авахын төлөө зөв бүтцэд шилжих байх гэж. Гэвч энэ нам шинэчлэгдэхээсээ илүү бутарч алга болох нь магадлал өндөртэй гэж улс төрийн ажиглагчид дүгнэж байна.
Намдаа хэн нь эрхшээж үлдэх вэ гэдэг “зодоон” Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын дунд өрнөнө. Энэ хоёрын хэн нь ч үлдсэн бай, энэ нам шинэчлэгдэхгүй. С.Эрдэнэ “Би байгуулсан намаа та нарт өгөхгүй” гээд “үзэлцэж” мэднэ. Хэрвээ С.Эрдэнэ намаа өгөхгүй гээд таг гацаад суучихвал УИХ-д суугаа хэдэн гишүүн нь нэгдээд тусдаа нам байгуулах магадлал бий. Энэ зөрчилдөөнүүдийн талаас нь ажиглавал ийм их арсалдаан, арцалдааны хөлд АН байхгүй болж таарна гэж дүгнэж болно. За, больё оо, арай ийм юм болохгүй байлгүй дээ, арай ч дээ гэвэл энэ намын залуус нь гарч ирээд намаа шинэчлээд явах хэрэгтэй байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн парламентад суудалтай МАН, АН, ХҮН гэсэн энэ гурван намын даргын суудлын асуудал босч ирлээ. МАН-ын дарга нь одоохон солигдчих байх. АН дүрмээрээ сонгуульд ялагдал хүлээсэн гэдгээрээ даргаа сольчихно. ХҮН ч гэсэн сонгуульд ялагдчихсан учир намын даргаа сольдог ч юм уу, даргаа солих асуудал босох л байлгүй. Энэ гурван намаас хамгийн түргэн эмхэндээ орох нь МАН л даа. Л.Оюун-Эрдэнэдээ даргын суудлаа өгцгөөх биз. Тэгэхээс ч аргагүй. Одоогийн их бужигнаан, тахлын дунд намын даргын суудлын хэрүүлийг юу гэж л ужигруулах вэ дээ. АН-ын хувьд дээр хэллээ, мөн ч хэцүү байна даа. Залуус нь намаа өөрчилж, шинэчилбэл бүрэн боломжтой. ХҮН яахав жижиг нам. Тэр мэт асуудал нь өөрсдийнх нь хүрээний ажил. Одоохондоо тэд Монголын улс төрийн тавцанд бат бөх байр суурийг олоогүй.
Цагаан сонголт, цагаан санал гэдэг юмны эргэн тойронд элдэв яриа болж л байна. У.Хүрэлсүхийн ялалтад цагаан санал нөлөөллөө гэсэн яриа байгаа. Гэхдээ АН-ын гишүүд С.Эрдэнэд дургүйцээд олуулаа очоод хар машинд нь цагаан хуудас шургуулчихсан ч юм биш л дээ. Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын хүмүүсийн тойрон хүрээлэгч, фенүүдийнх нь л хийсэн ажил байх даа. Бусдаар бол цагаан сонголтод сүйдтэй юм үгүй.
АН-ынхны хувьд хамгийн түрүүнд хийх зүйл бол сонгуулиас сургамж авч, шинэчлэгдэх. Шинэ залуу намын даргатай болох. Намаа өмчилж байгаа, хувийнх мэт үздэг хуучин бүлэглэлүүдийг бүгдийг нь намаасаа холдуулах. Ингэж байж Ардчилсан нам шинэчлэгдэнэ. Залуу үеэ зоригтой зөвшөөрч, залуу үе нь намаа шинэчилж чадвал сөрөг хүчний үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Энэ бүгдийг хийж чадахгүй бол АН түүх болно.
Ард түмэнд ойрын үедээ бол У.Хүрэлсүх нь таалагдаж байх шиг байна. Санаанд нь таарсан Ерөнхийлөгч болж байх шиг ээ. Яагаад гэвэл байсхийгээд л халамжилж мөнгө өгдөг, байсхийгээд л зүгээр юм өгдөг зуршилтай. Харамсалтай нь энэ байдал нь удаандаа Монголын нийгэм, Монгол Улсын эдийн засаг, ирээдүйд асар хортой. Орос, Хятадын араас л замнана. Нэгдсэн Орос нам, Хятадын Коммунист нам нь голлож, бусад нь тоглоомны нам болчихсон шиг л юм болно шүү. Тийм учир эрх баригчдын одоо гаргаж буй халамжлагчийн дүр нь Монголын ард түмэнд хожмоо засахын аргагүй хөнөөл учруулах аюултай. Орос, Хятад ба Дэлхий гэж хуваагдчихаад байгаа ийм эгзэгтэй үед бид дэлхийгээ дагах ёстой нь зүйн хэрэг. Гурав дахь хөрш, гадаадын хөрөнгө оруулалт, сөрөг хүчингүй бол Монголын ард түмэн л хохирсоор байх болно.
Ард түмэн цар тахал, өвчин зовлонтой үед У.Хүрэлсүхийг энэ удаадаа дэмжсэн шигээ дараагийн ээлжинд АН-ыг шахаж шаардаж, сөрөг хүчинтэй болоход анхаарлаа хандуулах хэрэгтэй. Юу ч болж байсан Ардчилалтайгаа байх хэрэгтэй.
enebish · 2021/06/14
Ene hun buruu l zalaad bndaa , 30 jil olon namtai bgaad yu hojivdoo?harin end bicheed bgaa oros hytad 2 hursh ene hugatsaand uls oron irgediin amidraliig yaj hugjuulev gedgiig haralgan nudeer harj ter 3 dahi hursh gedeg luivarchdiig demjij ulsaa busniulah sanaa l aguulj bn uu??? 3 dahi hursh gej delhiid bdag bh ,gevch mgl ulsad baidaggui ym! Ene ugiig tuhain ued irgediin tolgoig ugaah ulsaa hudaldaj huvia borluulah shunaliin sedleer gargaj irsen ug bol unen ,uuniig tsag tuhain uedee Bagabanid ,Enhbayr nar bol ovjin ashiglaj titedsen n ch unen!!! Odoo bol tur uls hugjij irged ireedui mani zuv usun boijih tsag n bolsoon ! Ali 1 luivarchind buyu olon hereggui namiig muruuduh hereg ogt bhguig 30 jild buren oilguulj ugluu busuu???
Бат · 2021/06/14
Нөхөн сонгуульд МАН мөн л хянамгай хандаж энэ суудлуудаа авах ёстой дараагийн 24 оны сонгуульд суртачилгаа болдог ач холбогдолтой тэгээд ч АН хүн орох нь хэрүүлийн л нэмэр болно хэрүүл харж суухыг ард түмэн хүсэхгүй