Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Дарга Ухнаагийн Хүрэлсүх 823,326 санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 67.69 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Монгол Ардын Намын дараагийн дарга хэн болох вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд яригдаж эхлээд буй билээ.

Үүнтэй холбоотойгоор "МАН-ын их хурал 6-р сарын 24-нд хуралдана, Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тангараг өргөхөөс өмнө намын даргын тамгыг  Л.Оюун-Эрдэнэд ёслол төгөлдөр гардуулах нь зүйтэй гэж МАН-ын удирдлагууд шийдсэн, амын дүрэм ёсоор МАН-ын дараагийн дарга болох магадлалтай хамгийн эхний хүн бол Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ.

Энэ боломжоо ч ашиглаж, "ялыг нь үүрч буй юм чинь ямбыг нь эдлэнэ" гэдгээ тэрээр албан ёсоор мэдэгдчихсэн.

 Түүнтэй өрсөлдөх албан ёсны эрхтэй ганц л хүн МАН-д байгаа нь МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан. УИХ-ын 2020 , орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд тус тус сонгуулийн төв штабаа удирдан орж, үнэмлэхүй ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн түүнийг "Одоо намын даргын албаа авья" гэвэл эсэргүүцэж, өөр аргумент хэлэх хүн бараг гарахгүй биз." хэмээн бид анх мэдээлсэн билээ.

 

Гэтэл ийн дүгнэж байсан өдрөөс хойш нөхцөл байдал өөрчлөгдөөд байна.

 

Бүр тодруулбал Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий Сайдаар үргэлжлүүлэн ажиллаж, Засгийн Газраа, Д.Амарбаясгалан МАН-ын дарга болж, намаа удирдаад явах хувилбар яригдаж эхэлжээ. Д.Амарбаясгаланд өөрт нь амбицлах хүсэл үгүй байсан боловч, МАН-ын удирдлагууд түүнийг намын дарга болох ёстой гэж шахаж буй юм байна.

Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхэд нам ба засгийн ажлыг салгаж, МАН-ын дарга ба Монгол Улсын Ерөнхий сайд нь өөр хүн байх ёстой гэсэн шийдэл тун их таалагдаж буй гэх.

Юутай ч Д.Амарбаясгаланд МАН-ын хууччуул, У.Хүрэлсүх даргынхаа үгэнд орох уу? хамтран зүтгэгч Л.Оюун-Эрдэнэдээ найр тавих уу? гэдэг хэцүүхэн сонголт тулгараад буй бололтой.

 

Ч.Явуу

sonin.mn