Парламент: Ковидын хуулийн хэрэгжилт, үр дүн хангалтгүй байна
2021/06/25
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Тус хуулийг анх 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд яаралтай горимоор хэлэлцэн баталж байсан.
Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд хуулийн хэрэгжилт, үр дүн хангалтгүй байсан тухай гишүүдийн олонх нь байр сууриа илэрхийллээ. Улмаар хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авснаар хуулийн хугацааг сунгах эсэхийг энэ сарын 29-нд хэлэлцэхээр хойшлуулав. КОВИД-ын хуулийн үр дүн, одоо хэлэлцэх өөрчлөлт болон цар тахлын нөхцөл байдлын талаар гишүүд болон салбарын сайд чуулганы хуралдаанд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
Хуулийн танилцуулга: КОВИД-ын нөлөөг бууруулахад 52 тэрбум төгрөг хэрэгтэй
Шадар сайд С.Амарсайхан хуулийн төслийг танилцуулав. Тэрбээр “ Монгол Улс бүх нийтийн бэлэн байдалд таван удаа шилжиж, хоёр удаа сунгасан. Бид бүхий л бололцоогоо дайчлан цар тахалтай тэмцэж буй энэ үед нөхцөл байдал, эдийн засгийн байдал хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэлийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Халдварын тохиолдол ихсэхийн хэрээр оношлуур, эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний нөөц дуусаж байна. КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар 40 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь санхүүгийн хүндрэл үүсэхээр байх тул хоёрдугаар заалтыг шинэчлэн оруулж байна. Мөн ЭМД-ын сангаас 1,2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн ч 34.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна” гэлээ.
С.Энхболд: Хөнгөн өвчтөнд нэг сая, нэн хүнд бол 7.7 сая төгрөг зарцуулж байна
-Анх батлагдсан найман сая төгрөг нь 28 хоногийн эрчимт эмчилгээний ор хоногийн тооцоолол юм. Эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан тохируулсан үнийн тарифыг батлуулсан. Одоо өвчтний биеийн байдал хөнгөн бол нэг сая 50 мянган төгрөг, хүндэвтэр хүнд 3.5 сая төгрөг гэх мэт ангиллуудыг гаргаж батлуулсан. Үүнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж эмийн зардлыг шинэчилж өмнө нь маш хүнд өвчтөн 4.3 сая төгрөгөөр эмчлүүлж байсан бол одоо шинэчилсэн тарифаар 7.7 сая төгрөг болж шинэчлэгдсэн. Мөн манайд амьсгалын эсмо аппарат гурав бий, дахин нэгийг авч ирж байна. Аппаратад ороход нэг хүнд 35 сая төгрөг зарцуулагддаг.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:ЭМД-ын сангаа цөлмөх гэж байна
-479 хүн нас баржээ. Харамсалтай байна. Манай засаглал, эдийн засаг өөрөө тэр чигээрээ ковид туссан байна. УИХ-ын хурлын үе үеийн гишүүд нийгмийн даатгалын сангаа цөлмөөд дууссан, одоо ЭМД-ын сангаа цөлмөх гэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн эм, шинжилгээний мөнгийг ЭМД-ын сангаас гарахад хуультайгаа зөрчилдөхгүй. Үүнийг яаралтай хийгээч ээ.
Шадар сайд С.Амарсайхан:
- ЭМД-ын сангийн тухай хуульдаа ЭМД-ын хуулийн заалтыг тусгаагүйн улмаас эмнэлгийн тусламж авч хэвтэн эмчлүүлэх, эмнэлэгт хандахдаа хөнгөлөлт авахад хүндрэл чирэгдэл учруулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:Энэ хуулийг сунгавал Үндсэн хууль зөрчинө
- Энэ хуулийг сунгах нь Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчиж байна. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөн, эх орондоо ирэх, бизнес эрхлэх, орлого олох, боловсрох эрхийг зөрчөөд байгаа юм. Нэг бол онц байдал зарлаад, гамшгийн тухай хуулиараа явъя. Орлого олох нөхцөлийг хязгаарлаж байгаа бол нөхөн олговрыг заавал өгөх ёстой. Нэг хуулийг нөгөө хуулиар нь зогсоож болохгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:Зохион байгуулалт муу байгааг хэлэх цаг болсон
-УИХ хэвийн горимоор ажиллахгүй жил боллоо. Засгийн газрын стратеги менежмент сүүлийн гурван сарын хугацаанд бүтэлгүйтсэн. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон. Та хэд харж байгаа байх. Энэ хуулийн хугацааны асуудал аравдугаар сарын 1 гэхэд хэвийн байдалд орох ёстой. Төлөвлөгөө танилцуулж байж хууль шинээр орох ёстой. Хууль зүйн хувьд цар тахлын хууль нэлээн асуудалтай байна. Цаашаа батлагдвал Үндсэн хуулийн бус шинж нь улам тод болно. Хүний эрх хязгаарлагдана. Эрүүл мэндээ аварч байна гээд Үндсэн хууль зөрчиж болохгүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:ЗГХЭГ-т чинь хуулийн “бурхан” сууж байгаа биз дээ
- Энэ хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд төрийн албанд олон хүнийг түр томилсон. Хуулийн үйлчлэлийг сунгахгүй бол энэ хүмүүс долдугаар сарын 1-нээс чөлөөлөгдөнө. Энэ хуулиар төрийн албан хаагчдыг яагаад шалгуургүйгээр томилж ажиллуулахаар болсон гэхээр онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагад шаардлага гарсан тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр татан авч ажиллуулах зорилгоор баталсан юм. Гэтэл үүнийг төрийн захиргааны албанд олон хүнийг түр томилоход ашигласан. Тиймээс одоо үүнийг сунгаж болохгүй. Монгол төр түр төр болж хувирлаа. Шалгалтгүй түр томилгоотой дарга нартай болсон.Засгийн газар яагаад Үндсэн хууль зөрчсөн төсөл оруулж ирээд байгаа юм бэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын суудалд чинь Монгол Улсын хуулийн бурхан сууж байгаа биз дээ.
Шадар сайд С.Амарсайхан:Энэ хуулийг сунгахгүй бол иргэдээ аврахгүй гэж байгаагаас өөрцгүй
-Өнөөдөр Засгийн газар үндсэн хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу иргэдийнхээ амийг авран хамгаалахаар ажиллаж байна. Хүний эрхийг зөрчиж байгаа мэт зүйл огт ярьж болохгүй. НҮБ-аас өгч байгаа зөвлөмжүүд ч бий. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа үед улс бүр бүх нөөц боломжоо дайчлахыг зөвлөж байгаа жишгийн дагуу бид ажиллаж байна. Цар тахлыг хэзээ хэвийн нөхцөлд оруулах нь тодорхойгүй байна. Хэрэв энэ хуулийг сунгахгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэж байгаагаас өөрцгүй юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:Халдвар авсан иргэд бухимдалтай байна
-Вакцинжуулалтын аян бол маш зөв арга хэмжээ байсан. Гэхдээ эрчийг нь алдуулмааргүй байна. Хоёрдугаарт, халдвар авсан иргэд бухимдалтай байна. Эм эмчилгээний үнэ өртөг өндөр байна.Улс даяар орны нөөц хэд байгаа юм бэ. Амьсгалын аппаратын хүрэлцээний талаар маш тодорхой хариулт өгөөч ээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Эрчимт эмчилгээний 340 эмч байдаг. Экмо аппарат манай улсад гурав байна. Нэг хүнд хэрэглэх зардал нь 35 сая төгрөг байдаг. Эм тариаг одоог хүртэл үнэгүй тарааж өгч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хуулийн үр дүн гарахгүй байна
- Цар тахлаас сэргийлэх тэмцэх, түүний эдийн засаг нийгэм үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийн хувьд үр дүн гарах ёстой. Үр дүн гарахгүй байгаатай санал нэг байна. Нэгдүгээрт, цар тахалтай бүтэн жил тэмцсэн эмч нар, онцгой байдлынхан сөхөрлөө. PCR үнэтэй болж цөөн газар авдаг болжээ. Эрээн дээр хэдэн мянгаараа бараа гацсан байна. Бараа материалын үнэ нэмэгдэх эрсдэл үүсч байна. Экспорт уул уурхайн бүтээгдэхүүн зогссон. Төсвийн орлого тасарлаа. Өөрөөр хэлбэл төсийн орлого тасрах эрсдэл байна. Эмч, онцгойгийнхон ачааллаа дийлэхгүй сөхрөх байдал үүсч байна. Энэ хууль батлагдсанаар үр дүн, хэрэгжилт хангалтгүй байлаа гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.25 БААСАН № 127 (6604)