Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас

Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэж ардын зүйр цэцэн үг байдаг.

Монголын нийтийн дууны урлагт хүчин зүтгэж ард түмэнд уянгалаг сайхан дуугаараа танигдсан олон сайхан уран бүтээлч бий. Тэр дундаа 80,90-ээд оны үед уянгын дууны "хаан" гэгдэж явсан, солгой хэмээх Н.Төмөрхуягийн дууг сонсоогүй аялж үзээгүй дунд үеийнхэн гэж үгүй биз ээ.

Энэ л эрхмийн дуунд уярч, ухаажиж хүмүүжиж явсан хүмүүс олон. "Хорвоод ганцхан ээждээ", "Ухаарч амьдрах хорвоо", "Амьдрал хайр дээр тогтдог" зэрэг дууных нь нэрнээс л ухаарал хайрласан мөртүүдээр дуу болгон нь эхэлдэг.

Урлагийнн тогоонд урт удаан жил чанагдаж энэ л  салбартаа үнэнчээр зүтгэж бусад зүйлд хэлбийлгүй шудрагаар хөдөлмөрлөсөн эрхэм уран бүтээлч Н.Төмөрхуягийн дууны урлагт хийж бүтээсэн бүхнийг төр засгаас өндрөөр үнэлж  МУГЖ цолоор энгэрийг нь мялаасан. Энэхүү түүний шагнасан нь нүдээ олсон шагнал хэмээн урлагийнхан болоод олон түмэн ам сайтай байсан юм.

Бурмаар тэтгэхээр, Урмаар тэтгэ гэдэг үгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Түүний энэхүү шагнал нь МУГЖ дуучин Н.Төмөрхуягийг дахин уран бүтээлүүдээ үргэлжлүүлэх сэдлийг өгсөн гэж ойр тойрныхон ярьдаг.

Олон жил хүлээсэн энэхүү шагналыг авсан Н.Төмөрхуяг ахин төрсөн мэт болж, архи дарснаас ч нүүр буруулсан гэдэг.

                        

Харин энэ цаг үед түүнд эртнээс уран бүтээлийн хамтарсан тоглолт хийхийг санал болгож байсан нутгийн дүү МУСТА дуучин Д.Балдангийн саналыг хүлээж авах бодол толгойд нь орж ирсэн аж. Харин дуучин Д.Балдан түүний амьдралыг хамгаас сайн мэдэх учир 25-р суваг телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлэгт хүртэл оруулж, аж амьдралтай нь ард түмнийг танилцуулаад амжсан юм байна лээ.

Харин тэр үеэс дуучин Д.Балданд хамтарч уран бүтээлийн тоглолт хийхээс гадна тоглолтынхоо орлогоор Н.Төмөрхуягт нэг өрөө байр авч өгнө гэсэн санаа төрсөн гэдгээ дуулгасан.

Хүн бүр нийгмийн хариуцлагын тухай ярьдаг болсон энэ үед үүнээс том дэм гэж юу байхав. Тоглолт хийхэд багагүй зардал гардаг гэдгийг хүмүүс андахгүй. Тухайлбал,  Бөхийн өргөөний түрээс, хэвлэл мэдээлэл, суртчилгаа, техник хэрэгсэл, дуу бичлэгийн студийн зардал гээд л тоочоод байвал баршгүй олон зүйл хэрэглэгддэг.

Тэгвэл дуучин Д.Балдан өөрийнхөө унаж яваа машиныг хүртэл заран тоглолтоо хийхээр болсон байна. Эр хүний зангарагтай зан гаргажээ. Ийн хэлэхийн учир нь  унаж яваа морио өгөөд дээрээс нь олсон хэдэн бороороо ядарч яваа нэгнээ орох оронтой болгоноо гэж хүний төлөө ийн хүчин зүтгэх хүн энэ цаг үед ховор. Сайн үйлсийн аянг өөрөө өрнүүлж, өөрөө бүх зүйлийн зардлыг гаргаж буй үлгэр жишээ ч залууд тоглолт нь сэтгэлийн дэм хайрлая.

"Хорвоод ганцхан ээждээ" тоглолт энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнөө болно. Тасалбарын үнэ 10.000 төгрөг.  Утга, уянга хосолсон энэхүү тоглолтыг найз нөхдөөрөө, гэр бүлээрээ, хамт олноороо, 80, 90-ээд оныхны сэтгэлд мөнхөрсөн дуунуудыг аав, ээждээ үзүүлж сайн үйлсийн аянд нэгдэн дуу хуураар нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлээрэй.