Д.Баярхүү: Элчин сайд улс төрийн албан тушаал биш
2021/07/19
Ахмад дипломатч, Элчин сайд асан Т.Баярхүүг “Зочин” буландаа урьж ярилцлаа.
-Сүүлийн үед манай улсын дипломат ажилтнуудын томилгоо нийгэмд нэлээн шүүмжлэл дагуулдаг боллоо. Энэ хаврын чуулганаар 25-н Элчин сайдыг томилчихлоо. Цагийг нь тулгаж оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ?
-Өмнөх Ерөнхийлөгч, Элчин сайдын томилгоог олон удаа буцаасантай холбоотойгоор томилгоо хүлээгдэж байсан. Нөгөөтээгүүр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг яаралтай томилно гэсэн заалт орсон. Тэр заалтаа хэрэгжүүлэх, мөн өмнөх Ерөнхийлөгчийн үлдээсэн ажлыг хурдан засаж залруулах гээд бөөнөөр нь оруулчихлаа гэж үзэж байгаа. Ер нь ардчиллын 30- аад жилд энэ удаагийнх шиг 24-25-уулаа зэрэг Засгийн газраас батлагдаад гарч байсан түүх байхгүй. Анхны тохиолдол нь энэ.
-Өмнөх Ерөнхийлөгч Элчин сайдуудыг “зогсоож” байсан бил үү?
-Бүгдийг нь биш ээ, хоёр гурван хүнийг Элчин сайдаар ажиллах боломжгүй гээд эргүүлэн татсан. Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн халдашгүй бүрэн эрхэд хамаарах том заалт бол Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах. Тэр заалтаа л баримтлан, насны шалгуурыг хангаагүй гэх шалтгаанаар, тухайн улсаасаа хариугаа аваад яг мордох гэж байхад нь зарлигийг нь өгөхгүй буцааж байсан тохиолдол бий. Олон улсын практикт тэр болгон байдаггүй үзэгдэл л дээ. Монголын дипломат албаны түүхэнд угаасаа байгаагүй шинэлэг үзэгдэл. Үүнийг таван Ерөнхийлөгчийн өнгөн дээр харсан. Х.Баттулга Ерөнхийлөгч урд өмнө байгаагүй сонин сонин процедурыг бий болгож, гайхам алхмууд хийдэг байсан.
-Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг олон улсын харилцаан дээр хангалтгүй ажилласан гэх шүүмж хэлж буй хүнтэй таарсан. Энэ тал дээр таны байр суурийг сонирхъё ?
-Өмнөх буюу дөрөв дэхь Ерөнхийлөгч найман жил ажиллахдаа оволзсон олон санаачилга гаргаж, өөрөө хөөцөлдөж явдаг байсан Харин тав дахь Ерөнхийлөгч гадаад айлчлалаас нэлээд татгалзсан тайлбараа хийсэн байна билээ.
-Хөрөнгө мөнгө хэмнэх гэж үү?
-Хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна Монгол Улс өөрөө ийм ядуу, дорой, авлигажсан байдаг. Тэгсэн атлаа Төрийн тэргүүн нь олон хүн дагуулаад, нээх ганган хүн очдог. Уулзах гэж урьсан гадаад улсын төрийн тэргүүний ширээн дээр Монголын тухай лавлах очсон. Тэр цаасан дотор Монгол Улс баян, баялагтай атлаа эдийн засаг нь дорой, авлигажсан улс гэсэн мэдээлэл оччихсон байхад би нээх сүрхий царайлаад очих гэхээр сэтгэл төвддөггүй юм аа гэж хэлсэн шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгчөө гадагшаа их яваад байна гэж хувь хүний зүгээс шүүмжлэлтэй хардаг байсан юм байна билээ. Миний хувьд Х.Баттулга Ерөнхийлөгчийг гадаад харилцаанд сайн ажилласан гэж үздэг. Гол хоёр хөрш болох БНХАУ, ОХУ цаашлаад АНУ, Энэтхэг, Европын холбоо, Японтой идэвхтэй ажилласан. Тухайлбал, АНУ-тай стратегийн түншлэлийн харьцаанд орж чадсан. Япон, Энэтхэгтэй стратегийн түншлэлээ бататгасан. Орос, Хятад хоёртойгоо маш нягт ажилласан. Өнөө 30 мянган хонины дипломат бодлого байна. Оросын тухайд Путиныг айлчлуулаад иж бүрэн стратегийн түншлэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээгээ байгуулсан. Гэрээгээ хуульчилсан. Нөгөөтээгүүр хүн төрөлхтөн жил хагасын хугацаанд ковидын өмнө хүчгүйдчихлээ. Үндсэндээ энэ үед гадаад харилцаа, хамтын ажиллагаа дэлхий даяар зогссон гэхээр жил хагасыг нь хасчих хэрэгтэй. Би өмнө нь Ерөнхийлөгч нарын гадаад бодлогыг дүгнэсэн ном зохиол бичсэн. ”Дөрвөн Ерөнхийлөгч ба дөрвөн гадаад бодлого” гээд Төрийн захиргаа сэтгүүлийн тусгай дугаарт гарч байсан. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж дөрөвт үнэлэлт өгсөн юм. Сая Х.Баттулгыг дүгнэчихлээ. Тавууланг нь дүгнэчихсэн. Тэрийг эргээд нөхөөд уншчихаж болно.
-Элчин сайдыг томилохдоо Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Дипломат албаны тухай хуулиас гадна Венийн конвенцид нийцүүлдэг гэж сонссон. Сая бөөндсөн 24 хүнд энэ гурван хууль журам мөрдөгдөв үү?
-Сүүлийн 30 жилд улс маань ардчилсан тогтолцоотой, нээлттэй болсон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, парламентын засаглал руу шилжсэн гэдэг утгаараа хэвлэл мэдээлэл нь ч, улс төр нь ч , ард түмэн ч их нээлттэй болсон. Томилгоог бүх ард түмнээрээ сонирхож, хэлэлцдэг, санал бодлоо илэрхийлдэг болчихсон. Томилгоо ил болсноор хэлэх хэлэхгүй юм, үзүүлэх үзүүлэхгүй юм, ярих ярихгүй юм гараад ирдэг. Улсад нууц гэж байдаг, ухаандаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хаалттай явах ёстой хурлууд нь нээлттэй задгай явчихдаг. Чуулган дээр хаалттай, сэтгүүлчдийг оруулахгүй, зурагтаар үзүүлэхгүй ярих ёстой зүйлийг шууд задгай явчихдаг. Эцэстээ Монгол Улс даян дэлхийн алган дээр бүх зүйл нь ил тод болчихсон.
-Таныхаар энэ ил тод байдал муу хэрэг үү?
-Зарим талаар сөрөг үр дагавар авчирдаг. БНСУ-д суух элчингийн асуудал яригдаж байхад телевизээр хэтэрхий ил задгай явснаас томилогдож чадаагүй. Далан долоон булчирхайг нь тоочиж, гоочилж байж томилдог бол эргээд ирэхэд нь ам хэлийг сугалаад, тайланг чуулганаар хэлэлцэх хэрэгтэй. Тэгж байж дараагийн томилгоог ярих ёстой. Түүнээс биш томилоход нь баахан сүржигнэж явуулчихаад мартчихдаг. Би Монголчуудыг мэдэж байна. Нүүдэлчин, сониучхан зарим талаар саваагүй араншинтай үндэстэн шүү дээ, бид. Наадмын өмнө бөөн юм болж байж 24 иргэнээ Элчин сайдаар явуулснаа наймдугаар сард мартчихна. Бүүр хэн хаашаа явсныг ч мартчихна. Их хурлын гишүүд нь ч, улстөрчид нь ч ялгаагүй мартана.
-Олон улсын харилцааны тухай хууль байдаг байх аа?
-Дипломат харилцааны тухай Венийн конвенц 1961 онд батлагдаад 1964 оноос мөрдөгдсөнийг даян дэлхийгээрээ мэдэж байгаа. Олон улсын харилцааны хууль л даа... Яагаад гэвэл дипломат харилцаа тогтоосон улсууд хоорондоо хэрхэн яаж харилцах харилцааг зохицуулдаг. Монголын нэртэй хоёр дипломатчийн бичсэн “Дипломат эрх зүй” гэж ном бий. Өргөн олон түмэнд хаалттай биш нээлттэй ном. Тэр номон дээр Элчин сайдын яам гэж ямар юм байдаг, Элчин сайд болон дипломат ажилтан гэж хэнийг хэлдгийг бичсэн байгаа. Мөн өнөө Венийн конвенц бүрэн эхээрээ бий. Венийн конвенц дээр элчин сайд, дипломат ажилтан ямар ажил хийхийг маш тодорхой заасан байдаг. Манайд процедурын гажиг ч гэх үү, манай хууль тогтоомж тодорхой үйлчлэхгүй байна. Эсвэл ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гээд нээлттэй мэдээллийг хэлэлцдэг буруу жишиг бий болчихлоо. Тухайлбал гадаадад томилж явуулж буй Элчин сайдаа тухайн улс хүлээж авах эсэхийг нь судлаагүй байж хэлэлцдэг нь бас гажуудал. Зүй нь урьдчилж мэдэгдэл явуулаад, манай Монгол Улс ийм хүнээ явуулъя гэж мэдэгдээд тухайн улс хариуг нь гадаад яамныхаа шугамаар ирүүлдэг байхгүй юу. Тэрийгээ авчихаад дараа нь энэ Засгийн газар, УИХ-ын байнгын хороо, намын бүлэг, чуулганаар оруулж томилдог. Түүнээс далан долоон булчирхайг нь тоочуулж байгаад адаг сүүлд нь манай энэ хүнийг ав гэж тулгадаг олон улсын практикт байхгүй зүйл бид хийгээд байна.
-Тогтолцооны гажиг үүсгээд байна гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм. Монголчууд л хийгээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл Монголыг дэлхий дээр ямар ч улс хардаагүй, харам загнаагүй, эсэргүүцээгүй, улс төрийн ашиг сонирхол, хоёр орны харилцааны зөрчилгүй байсан учраас тухайн этгээдүүдийг аваад байсан юм. Сая яав, сайд нарыг томилох чуулганы хуралдааныг нийтээрээ үзчихлээ. Ерөөс бид нэг юмыг боддоггүй. Дипломатын томилгоо түрүүн дурдсан хоёр хуульд нийцэх ёстой гэдэг дээр байнга алддаг. Эсвэл хэргээр хуулийг мөрдөхгүй байна. Завхруулсан гэх нь ч хаашаа юм бэ, гэхдээ л хуулиа мөрдөхгүй байна. Төрийн албаны тухай хуулиас улс төрийн албан тушаал гэсэн заалтыг хасах гэж олон удаа тэмцэж байж Элчин сайдын албан тушаалыг улс төрийн албан тушаал бишээ гээд хасуулсан. 2020 оны тавдугаар сарын 14-ний нэмэлт, өөрчлөлтөөр Элчин сайд улс төрийнх бус төрийн тусгай албан тушаал гээд оруулсан. Хуулиараа бол улс төрийн албан тушаал огт биш. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн албаны ангилал гэдэг дотор төрийн албаны ангилал нь төрийн, улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гээд тусгай алба нь гуравдугаарт явж байгаа юм.
-Энэ юу гэсэн үг үү?
-Гуравдугаар зиндааны албанд нэгдүгээр албанаас хүн томилоод байдаг чинь бас л хуулийн гажуудал болчихоод байгаа юм. Түүнээс гадна Төрийн албаны зарчим гээд хуульчилсан. Ямар зарчимтай байдаг юм бэ гэхээр хамгийн гол нь мэргэшсэн тогтвортой байна гэж байгаа. Элчин сайдын яам нь мэргэшсэн байх ёстой л гэсэн ойлголт. Хуулийн долоогийн нэгийн гуравт, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байна гэж заасан. Нэгэнт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нь улс төрийн албан тушаалтан биш юм бол дипломат алба аливаа улс төрийн нам, эвслийн ангид байх нь ойлгомжтой зүйл биз. Бас нэг маргаан тариад буй заалт бий.
-Тодруулбал?
-Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтална... Мерит зарчим шүү дээ. Ажил албандаа тэнцэнэ, чадна гэдгээ харуулчихсан, нотолчихсон бараг уралдаан өрсөлдөөнөөр ялаад давчихсан хүн л байх ёстой гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна Дипломат албаны тухай хуульд, дипломат албанд ажиллагсад гэдэг дотор дипломат албан тушаал гэж юу юм бэ гээд ес, 13 дугаар зүйл дээр тодорхой заачихсан. 13 дугаар зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 21-ний хуулиар нэмэлт заалт болгоод оруулчихсан. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дараах албан тушаал нь дипломат албан тушаалд хамаарна. Шатлан захирагдах гэх юм уу, шатлан өсөж дэвжих зарчмаар заачихсан байж байгаа юм. Дотооддоо буюу Гадаад хэргийн яамандаа Төрийн нарийн бичгийн дарга, тусгай үүрэг гүйцэтгэх Элчин сайд, газрын захирал, газрын дэд захирал, хэлтсийн дарга, тасгийн дарга, зөвлөх, нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга, атташе гээд 11-н дэс. Гадаадад буюу Элчин сайдын яаманд, Элчин сайд, байнгын төлөөлөгч, Элчин буюу хэргийг хамаарагч, байнгын төлөөлөгчийн орлогч, элчингийн зөвлөх, цэргийн атташе, нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга атташе гээд заагаад өгчихсөн. Консулыг ч гэсэн хуулиараа хатуу заагаад өгчихсөн.
-Францын элчин сайдын томилгоо дээр асуудал үүсээд байсан уу?
-Наадмын өмнөх томилгооны үеэр Франц дээр асуудал үүссэн. Францад доод албан тушаалд ажиллаж байгаа ажилтан нь гэнэт элчин сайд болох гээд асуудал тавьсан. Өмнө нь ийм зүйл гарч л байсан. Энэ бүхэн хуулийн гажуудал гэхээсээ томилж байгаа Төрийн тэргүүн, нам, намын бүлгийн тодорхой зорилго дотор эргэлддэг.
- Дипломат алба төрийн тусгай алба гэсэн үг үү?
-Дипломат алба бол төрийн тусгай алба. Амар хялбар алба биш. Хүмүүс дипломат алба гэхээр хоёр зүйл буюу ажлаар нь төсөөлөөд байдаг. Угтаа дипломат ажил гэдэг маш өргөн хүрээтэй. Хамгийн түрүүнд төр засгаа төлөөлсөн, төр засгийнхаа гадаад бодлогыг боловсруулдаг, хэрэгжүүлдэг байгууллага. Гэтэл зүгээр нэг ёслолын болоод консулын ажлаар төсөөлөөд байна. Тэр хэрээр Гадаадад яамныхан гэж аз жаргалтай хэдэн хүн сууж байдаг гэж төсөөлөөд байдаг юм билээ. Тийм биш шүү.
-Та чадахуйн зарчмыг мерит зарчим гэж тайлбарлалаа. Тэгвэл мэргэшсэн гэж яг юуг хэлж ойлгох ёстой юм бэ. АНУ-д томилогдсон залуугийн тухайд нэлээд асуудал яригдсан. Уг нь Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр гурван жил ажиллаж байсан юм билээ. Зөвлөх гэдэг чинь мэргэшсэн гэсэн үг биш юм уу?
-Гурван жил биш гурван сар байх аа. Гэхдээ би тэр залууг танихгүй. Хувь хүний зүгээс надад хэлэх юм байхгүй л дээ. Гэхдээ АНУ бол манай гуравдагч хөрш гэдгээ өөрсдөө зарлаад орж ирсэн, бид онцгой ач холбогдол өгдөг улс. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг хамгийн ихээр дэмжсэн дэмжсээр байгаа, стратегийн түншлэлийн харьцаатай улс. Өнөөдөр бид АНУ-тай улс төр батлан хамгаалах, соёл хүмүүнлэг худалдаа эдийн засаг гэхчлэн олон салбарт хамтын ажиллагаатай. Өнөөдрийг хүртэл Монгол Улс АНУ-д онцгой ач холбогдол өгөөд дээд зэрэглэлийн нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн дипломатчдаа томилдог байсан. Тэр мэргэшсэн, туршлагатай хүмүүсийн араас телевизийн аяллын хөтөч, хөтлөгч залууг тавьчихлаар АНУ хэрхэн хүлээж авах вэ гэдгийг томилсон хүмүүс нь эрх биш эргэцүүлэн бодох ёстой. За яахав, томиллоо. Цаадуул нь хүлээн авчихлаа гэж бодоход Вашингтонд хэнд ч тоогддоггүй нэг нөхөр Элчин сайдынхаа яамны хашаан дотор суугаад байдаг. Урьдаг ч хүн байхгүй. Уулзья гээд хүсэлт тавихаар Америкийн төрийн департаментын Азийн газрын хэлтсийн орлогч дарга хүлээж авдаг. Асуудал хүсэлтийг нь дамж уулдаг төдийгөөр хязгаарлагдах юм шиг санагдаад байгаа юм. Энэ бол миний л бодол. Нөгөөтээгүүр нийслэлд гадаадын 20 орчим орны Элчин сайдын яам бий. Тэд Монголын телевизийг нэг нэгэнгүй үзээд хараад хянаад шалгаад орчуулаад бүх материалыг төв рүү явуулдаг юм.
З.Урнаа
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
Уншигч · 2021/07/20
Энэ нэг солиот үргэлж Алуурчин элбэгдоржийн толгойлсон манан мафийн ялгадас угаадас шавхруугаар хооллодог пиздаа үргэлж Алуурчин элбэгдоржийг магтан дуулж угаадасаа нэмүүлдэг.
Бат · 2021/07/20
Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо
иргэн · 2021/07/19
зөв л дөө. шагналын, эсвэл танил талын, ах дүүгийн, хамаатан садны, нууц амрагийн бөгсний, эсвэл худалдан авах бараа шиг албан тушаал биш. Үүнийг мэдэхгүй тэнэг малнуудыг төрөөс зайлуулах хэрэгтэй