Г.ЭНХЦЭЦЭГ

Шүдний өвчлөл нь чих хамар хоолой, зүрх судасны болон уушгины өвчин, чихрийн шижин, цус харвалт зэрэг 100 гаруй төрлийн өвчний шалтгаан болдог байна.

Нийслэлийн зургаан дүүргийн 2-12 настай хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 86 хувьд хүрч, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2017 онд “Монгол Улс шүдний өвчлөлөөр гамшгийн түвшинд хүрлээ” гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

“Манай улс 0-7 насны хүүхдийнхээ шүдийг бүрэн гүйцэд эмчилж чадвал ходоод, зүрх, бөөр гэх мэт амин чухал эрхтний өвчлөлийг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой” гэсэн судалгааны дагуу 2018 онд Засгийн газрын 255 дугаар тогтоолоор 6-12 насны хүүхдүүдийн дунд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Уг асуудлын эргэн тойронд юу болж буй талаар сурвалжилга бэлдсэн юм. 

“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” хөтөлбөр нь 2019-2023 оны хооронд үргэлжлэхээр төлөвлөгдсөн. Дэлхийн улс орнуудад сүүн шүд ургаж эхлэх үеэс л шүдний эмчийн хяналтад ордог эрүүл мэндийн нэгдсэн тогтолцоотой. Манай улсын хувьд наад захын эрүүл мэндийн жишигт хэт хойрго хандсаар ирсэн. Эрүүл мэндийн өвчлөлийн суурь шалтгаан шүдний өвчлөл хэмээн мэргэжлийн хүмүүс нэлээдгүй зөвлөдөг. Гэвч энэ асуудалд дорвитой анхаарал хандуулдаггүй өнөөдрийг хүрсэн. Гэвч бага насныхны дунд шүдний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрсэн судалгааны үр дүнд үндэсний хэмжээний “дорвитой” хөтөлбөр явуулсан нь энэ. Гэтэл энэ оны дөрөвдүгээр сараас санхүүжилт нь зогссон гэж мэдэгдсэн.

Уг нь 2019-2023 он хүртэл үргэлжлэх ёстой уг хөтөлбөр нь 2016 онд 86.1 хувь байсан шүд цооролтын тархалтыг 2021 онд 75 хувь, 2023 он гэхэд 50 хувь болгож бууруулах үр дүнг Засгийн Газрын 255 дугаар тогтоол дээрээ “амласан”. Энэхүү тогтоол одоо ч тамга тэмдэгтэйгээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Гэвч “Санхүүжилт байхгүй тул төлбөрийн нэхэмжлэл хүлээж авахгүй” гэдэг мэдэгдлийг энэ хөтөлбөрт хамрагдсан хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд мэдэгдсэн байна. 

Оргил дент шүдний эмнэлгийн захирал Х.Оюунчимэг: Манай эмнэлэг 2019 оны наймдугаар сараас эхлээд энэ хөтөлбөртэй хамтран ажилласан. Санхүүжилтийн хувьд аян зогсох хүртлээ ер нь асуудалтай байсан. 2019 оны наймдугаар сараас хойш он дуустал нийт таван сарын турш санхүүжилт огт орж ирээгүй. Он гарахад сүүлд олгосон. Манай байгууллага өөрийн зардлаар эмчилгээгээ хийгээд явсан. Сард ойролцоогоор 2 сая 400 мянган төгрөгийн санхүүжилт орж ирдэг. Нэг хүүхдийн шүдний эмчилгээнд 60 мянган төгрөг гэж төсөвлөгдсөн боловч үнэндээ энэ үнэд багтсан эмчилгээтэй хүүхэд бараг байгаагүй. Иймд эмнэлгийнхээ нөөц боломжоор ирсэн бүх хүүхдийн шүдийг бүрэн эмчилж байсан. Мөн 2020 онд нэг сарын турш санхүүжилтгүй тул үйл ажиллагаа түр зуур тасалдсан. 

С.Анударь: ЭНЭ ХӨТӨЛБӨРТ ОЛГОГДСОН САНХҮҮЖИЛТ НЬ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛДАА ОГТ ХҮРЭЛЦДЭГГҮЙ

Продент эмнэлгийн захирал С.Анударь: 2020 онд цар тахлын улмаас анх тооцоологдож байсан эмнэлгийн хэрэгслийн үнэ гурваас дөрөв дахин нэмэгдсэн. Жишээ нь есөн мянган төгрөг байсан бээлий 35 мянга болтлоо огцом өссөн. Цар тахалтай холбоотойгоор Монголд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирдэг компаниуд үнээ нэмсэн. Тиймээс энэ хөтөлбөрт олгогдож байгаа санхүүжилт нь эмчилгээний зардалдаа огт хүрэлцдэггүй. Бид Эрүүл мэндийн яаманд төсөв нэмэгдүүлэхээр мэдэгдэл хүргүүлсэн боловч “Төсөв нэмэгдүүлэх боломжгүй нийгмийн хариуцлагын хүрээнд уг хөтөлбөртэй хамтарч ажиллана уу” гэсэн хүсэлтийг буцааж тавьсан. 

Индранил эмнэлгийн Дэд захирал Б.Жаргалмаа: Манай эмнэлэг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт тэнцсэн. Гэхдээ шүд эмчлэх үнийн дүнг зөвшөөрөх боломжгүй учраас Эрүүл мэндийн даатгалын газраас нэрээ эргүүлэн татсан. Яагаад татгалзсан талаараа тэд манай эмнэлэг Америк, Япон, Герман зэрэг орнуудын өндөр үнэтэй тоног төхөөрөмж, эмчилгээний хэрэгсэл, эм бэлдмэл ашигладаг. Энэ хэрээр үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ хийхийг зорьдог. 

Үндэсний хэмжээний аян энэ хүрээд өндөрлөж, хөтөлбөрийн үр дүн, биелэлт, цаашид 2023 он хүртэл дахин үргэлжлэх эсэх нь ч огт тодорхойгүй хав дарагдаж байна. Хийсэн ажил, гаргасан зардал ядаж л тодорхой хэмжээний дүгнэлт, тайлантай байдаг. Санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх шатны бүх төвшний ам тагларч ажлаа гэнэт орхиод дуугүй сууцгааж болох уу. Үүгээр зогсохгүй төлбөрийн нэхэмжлэл хүлээж авахгүй гэдгээ шүдний эмнэлгүүдэд зарласан хэрнээ “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяныг зогссон болохыг одоо болтол албан ёсоор мэдэгдээгүй байна. Энэ талаар Оргил мед эмнэлгийн угтах үйлчилгээний ажилтан “Эрүүл мэндийн даатгалаар үнэгүй үзүүлэх гээд эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирдэг. Өдөрт хэд хэдэн удаа утсаар асуудаг. Тэр бүрд тайлбарладаг боловч зарим эцэг эхчүүд ойлгохгүй биднийг буруутган уурладаг “ гэсэн юм. Ийнхүү бодит байдал дээр иргэд , хувийн хэвшлийн шүдний эмнэлэг хооронд үл ойлголцол маргаан үүссэн хэвээр. Уг нь энэ асуудал энд биш хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэгчид болох Засгийн газар, ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газарт хөндөгдөх ёстой?

 Хөтөлбөрт 2020 онд хамрагдсан иргэдийн төлөөлөл болох Сүхбаатар дүүргийн иргэн Г.Насаннэмэх “Би хоёр хүүхдээ зургаа, долдугаар сард үзүүлж эмчлүүлсэн. Тэр үед сувгийн эмчилгээ хийлгэж, ломбо тавиулсан. Сая охины маань шүд бас өвдөөд эмчилгээ хийлгэтэл 120 мянган төгрөг болж байна. Шүдний эмчилгээний зардал өндөр болохоор тэр бүр эмчид үзүүлж чадахгүй өвдөхөөр нь л эмнэлэгт ирдэг. Бид шүдний эмнэлэгт тогтмол хамрагдаж “тансаглах” чадал алга. Хөтөлбөр хэрэгжээд явбал зүгээр л юм” хэмээн ярьсан юм. 

Хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр ажилласан Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн эрхлэгч Б.Дэлгэржаргалаас энэ талаар тодруулахад: Энэ хөтөлбөрт нийт 154.700 хүүхэд хамрагдсан. Хүүхдүүдийн хамгийн их хамрагдсан үйлчилгээ нь шүдний цоорлын эмчилгээ байсан. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр өртөгтэй хүндэрсэн шатны эмчилгээг олонх хүүхдүүд хийлгэсэн гэсэн үг юм. Эмчилгээ хийлгэх шаардлагагүй эрүүл шүдтэй хүүхдийн тоо 4064. Нийт 178 эмнэлэг хамтран ажилласан. Шүдний эмнэлэг тус бүрд улиралд 120 хүүхдийг үзлэг, эмчилгээнд хамруулах квотыг тогтоож өгсөн. Нэг шүдний эмнэлэгт дунджаар 57 сая 600 мянган төгрөгийн санхүүжилтийг хийсэн гэсэн үг. Уг төсөл зогсох болсон шалтгаан, цаашид 2023 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжих эсэхийг лавлахад “Эрүүл мэндийн яам, Засгийн газраас одоогоор ямар нэг тушаал, мэдэгдэл ирээгүй байна” гэсэн юм. Төсөл хөтөлбөр эхлэхдээ чихэнд чимэгтэй сайхан мэдээ дуулгаж, телевиз хэвлэлээр бараг өдөр болгон шахуу сүр бадраан ярьсан. Харин хөтөлбөр зогсчихоод байгааг иргэд мэдэхгүй хүүхдээ хөтлөн эмнэлэгт хий дэмий дэвтрээ барин буцсаар...

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН