Караоке, бар чиглэлээр үйлчилгээ эрхлэгсэд дуу, хөгжмийн тоног төхөөрөмж ашиглуулахгүй гэх НОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгдэж эхэллээ.

Тэд “Караоке бар гэдэг нь дуу хөгжмийн нэмэлт тоног төхөөрөмжөөр тусгайлан тоноглож үйлчлүүлэгчид дуулж, стрессээ тайлдаг нэг төрлийн үйлчилгээний салбар. Гэтэл нэмэлт дуу хөгжмийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй лоунж, паб чиглэлээр ажиллуул гэдэг нь бидний үйлчилгээний онцлог, ялгаа, зориулалтыг үгүйсгэсэн шийдвэр” гэж мэдэгдлээ.

Анх тухайн газруудыг дахин нээхэд НОК-оос “хариуцлагын гэрээ”-г байгуулсан юм. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас тус салбарт ажиллагсад дээрх хязгаарлалтын хүрээнд ажиллаж эхэлсэн. Харин үүний улмаас бизнес эрхлэгчид орлого багатай, дампуурахдаа тулсан хэмээгээд байгаа юм. 

Тэд нэг удаагийн микрофоны маскыг үйлчлүүлэгчдэдээ хэрэглүүлээд, халдвар, хамгааллаа барьж ажиллаж чадна гэсэн юм. Ийнхүү өнөөдөр 14:00 цагаас эхлэн караоке, бар чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч нэр бүхий байгууллагууд дуу, хөгжмийн тоног төхөөрөмжөөр үйлчилж эхлэхээ мэдэгдлээ.