-“Рио Тинто”-той ойлголцолд хүрэхэд цаг орж магадгүй учраас асуудлыг хэт яарч шийдэх шаардлагагүй-

Оюутолгой төсөлтэй холбоотой хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарч, “Рио Тинто” компани менежментийн алдаа гаргасан гэж үзсэн. Энэ асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоогоос тодруулга авлаа. 

 

-“Рио тинто” групп Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл хүндэрснээс шалтгаалсан гэж мэдэгдсэн байсан. Хөндлөнгийн шинжээчид өөр дүгнэлт гаргасан байна лээ. Энэ тухай тодруулж ярихгүй юу?

 

-“Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан 2015 онд гүний уурхайн бүтээн байгуулалт 2021 оны нэгдүгээр сард дуусна гэж төлөвлөсөн. Энэ дагуу бол өдийд гүний уурхайг ашиглалтад оруулаад, олборлолт нь эхэлчихсэн байх ёстой. Тухайн үед нийт хөрөнгө оруулалтын зардал 5.3 тэрбум ам.доллар болно гэж тооцсон. Гэтэл “Рио тинто” групп 2019 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдадаа гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 1.9 тэрбум хүртэлх ам.доллароор өсөх хүлээлттэй, ашиглалтад оруулах хугацаа 30 сараар хойшилж болзошгүй гэсэн албан ёсны мэдэгдэл ирүүлсэн. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон нь “Оюутолгой” компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа. Нэмэлт санхүүжилт татах, авсан зээлийнхээ хугацааг хойшлуулах нөхцөл бүрдсэн зэрэг санхүүгийн хүндрэл үүсгэсэн. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын хүртэх үр өгөөжийн хугацааг хойшлуулсан.

Тодруулбал, Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй байх тооцоолол тэднийх ирүүлсэн. Мөн татварын орлого хойшилж байгаа. “Рио тинто” групп мэдэгдэл гаргасны дараа “Туркойз хилл ресурс”-ийн хувьцааны ханш огцом унасан. 

 

-Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн мэдээлэлтэй холбогдуулж манай тал ямар арга хэмжээ авсан бэ?

 

-УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сард гаргасан Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах 92 дугаар тогтоол баталсан. Энэ тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. УИХ-аас ажлын хэсгийнхэнд өгсөн хамгийн том чиглэл нь Оюутолгойн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон “Дубайн гэрээ”-г Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжид нийцүүлж, сайжруулах үүрэг юм. “Рио тинто” групп 2019 оны долдугаар сараас хойш геотехникийн нөхцөл буюу төслийг эхэлж байх үед урьдчилан харах боломжгүй байгалийн чулуулгаас болж, зардал өсөж, хугацаа хэтрэх нөхцөл бүрдсэн гэж тайлбарлаж ирсэн. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь хяналтаас гадуурх нөхцөлөөс шалтгаалсан гэсэн тайлбар хийсэн хэрэг. Манай Засгийн газар “Оюутолгой” компаниас эзэмшиж буй 34 хувиа зээлээр санхүүжүүлдэг. “Рио тинто” хөрөнгө оруулалтын зардлаас хувь тооцож менежментийн төлбөрөө авдаг. Тиймээс өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөдөг юм биш үү гэсэн эргэлзээ дагуулсаар ирсэн. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 92 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийг анх ахалсан. Тухайн үед “Эргэлзээтэй байгаа асуудалд хариулт авах хэрэгтэй юм байна. Хариулт авахын тулд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулъя” гэж шийдсэн. Ингэхдээ Засгийн газар дангаараа санаачилга гаргахгүй, “Оюутолгой” компанийн засаглалын хүрээнд шийдвэрлүүлье гэсэн. “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавьж ажиллах ёстой. Улмаар гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй ТУЗ-өөр нь дамжуулж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлье гэсэн саналыг Засгийн газрын ажлын хэсгээс албан ёсоор гаргасан. Манай саналыг “Туркойз хилл ресурс” компани дэмжсэн. “Оюутолгой”-н ТУЗ-д манай Засгийн газрыг төлөөлдөг гурав, “Туркойз хилл ресурс”-ийг төлөөлдөг гурван гишүүн ажилладаг. Тэд хамтарч хөндлөнгийн шинжээчийн шалгалт оруулъя гэдэг шийдвэрийг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд гаргасан юм. 

 

-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд итгэж болох уу?

 

-Австрали, Америк, Канадын геотехник, төслийн худалдан авалт, геологийн чиглэлээр мэргэшсэн найман хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Зарим нь 30-40 жил уул уурхайн салбарт ажилласан, нэр хүндтэй хүмүүс байна лээ. Мэдээжийн хэрэг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд итгэж болох уу гэдэг асуулт гарах нь зүйн хэрэг. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг давхар хоёр хараат бус зөвлөхөөр хянуулсан. Хоёр зөвлөх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлж байгаа. Дэлхийн томоохон мэргэжилтнүүдийн дүгнэлтийг мөн л тэдний адил ур чадвар өндөртэй хоёр зөвлөх баталгаажууллаа. Хоёр зөвлөх нь салбартаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс юм билээ. Хоёр зөвлөх “Рио тинто” болон “Туркойз хилл ресурс” компанийн том төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан. “Рио тинто”-гийн зөвлөхөөрөө ажиллуулдаг хүмүүс хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг баталсан гэхээр итгэл үнэмшил төрөх болов уу. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулаад “Рио тинто” групп албан ёсны байр сууриа илэрхийлэх байх. Тус группийнхэн геотехникийн нөхцөлөөс шалтгаалсан гэсэн бол хөндлөнгийн шинжээчид төдийлөн нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гаргачихлаа шүү дээ. Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио тинто” группийн Монгол дахь төлөөллийг хүлээн авч уулзаад, албан ёсны тайлбар өгөхийг шаардсан. “Рио тинто” группийнхэн дүгнэлттэй танилцаж байна гэсэн хариу өгөөд байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг “Туркойз хилл ресурс” компанийн хөрөнгө оруулагчид нухацтай авч үзэх ёстой гэж бодож байна. Учир нь, тус компанийн хувьцааны үнэ цэнд нөлөөлөх хэмжээний том мэдээлэл юм. Бид төслийн оролцогч талуудаас хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулан ямар тайлбар, мэдээлэл ирүүлэх нь вэ гэдгийг хүлээж байна.

 

-“Рио тинто”-гийн зардал өсөж, хугацаа хэтэрсэн нь юунаас шалтгаалсан гэж шинжээчид үзсэн юм бол?

 

-Хөрөнгө оруулалтын зардал яагаад өссөнийг тогтоохын тулд санхүүгийн хөндлөнгийн аудитаар нарийвчлан шалгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг хөндлөнгийн шинжээчид өгөөд байна. Бидний харж байгаагаар төслийн менежментийн асуудлаас болоод хугацаа хойшилсон юм болов уу. Хугацаа хойшилж, хийх ажил сунжирснаас үүдэж, ерөнхий зардал нэмэгдсэн, дунд нь худалдаа авалтын алдаа гарсан асуудал байгаа нь ч харагдсан. Төслийн менежментийг хэрэгжүүлж буй “Рио тинто” болон туслан гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа сайн байгаагүй гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд гарсан байсан лээ. Геотехникийн нөхцөлөөс хамаарч зардал нэмэгдээгүй юм бол юунаас үүдсэн юм бэ гэдгийг нарийвчлан судлах шаардлага үүсэж байна. Хөндлөнгийн шинжээчдийн санхүүгийн аудит хийлгэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг “Оюутолгой” компанийн ТУЗ харгалзаж үзэх болов уу. 

 

-Одоо цаашид яах вэ?

 

-Одоо хэлэхэд эрт байна. “Рио тинто” группийн албан ёсны байр суурийг сонсоогүй байна. “Туркойз хилл ресурс” компани ч харгалзаж үзээд, байр сууриа илэрхийлэх байх. Албан ёсны байр сууриа илэрхийлсний дараа “Рио тинто”-той яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Үүсээд буй нөхцөл байдал “Одоо яах вэ” гэдэг асуулт дагуулах нь ойлгомжтой. Ерөнхийд нь харвал бид “Оюутолгой” төслийг урагшлуулах шаардлагатай. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах ёстой. Ингэж байж ордын нөөцийн үнэ цэнтэй хэсгийг олборлох нөхцөл бүрдэнэ. Улмаар төсвийн орлогоо нэмэгдүүлж, баялгийнхаа өгөөжийг хүртэнэ. Төсөлд оролцогч аль ч талын хүсэл гүний уурхайг хурдан хугацаанд ашиглалтад оруулах гэж бодож байна. Яриа хэлэлцээний явцад гүний уурхайн бүтээн байгуулалтыг гацаах албагүй гэж харж байгаа. “Рио тинто” групп гэрээт гүйцэтгэгчийн хувьд гүний уурхайг аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй. Энэ шаардлагыг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөрөнгө оруулагч талд тавьсан. “Рио тинто” групп өмнө нь геологийн нөхцөл байдлаас үүдсэн хэмээн өөрсдөөс нь хамаарахгүй байдлаар зардал хэтэрч, хугацаа хойшилсон гэж тайлбарласан. Тэгвэл хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт өөр хариулт өгч байна. Ингэж яриа хэлэлцээг асуудалд ул суурьтай, үндэслэлтэй хандаад үргэлжлүүлэх байх. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой зарим асуудлыг тодорхой болголоо. Тодорхойгүй байсан асуудал тодорхой болж байгаа нь сайн хэрэг гэхдээ бид яриа хэлэлцээнд нухацтай хандах шаардлагатай. Хэрэв “Рио тинто” эсрэг байр суурьтай байвал хөндлөнгийн шинжээчидтэй хамтарч ажиллаж болно. Хамтарсан шинжээчдийн баг ажиллуулж болно. Мэдээжийн хэрэг байр сууриа үндэслэлтэйгээр тайлбарлах байх.

Техникийн мэргэшсэн багууд хоорондоо ойлголцох болов уу гэж найдаж байна. Ойлголцолд хүрэхийн тулд цаг авч магадгүй. Тиймээс бид асуудлыг хэт яарч шийдэх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр, хоёр тал бие биеэ буруутгаад суугаад байх хэрэггүй. Харилцан үр ашигтай хамтарч ажиллахад анхаарах шаардлагатай.

“Оюутолгой” төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал өссөн, хугацаа хэтэрсэн гэсэн үл ойлголцлоос гадна татварын маргаан бий. Талууд ойлголцоод нэг талдаа гараад, гүний уурхайг ашиглалтад оруулсны дараа маргаангүйгээр төслөө үргэлжлүүлэх нь “Оюутолгой” компанийн эрх ашигт нийцнэ. Бид төслөөс Монгол Улсад ирэх өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Нөгөө талаас “Рио тинто” группийнхэн Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Бид хөрөнгө оруулагчдад маш үндэслэлтэй санал тавьж байгаа. Аль аль тал нь яриа хэлэлцээнд үр дүнд хүрье гэсэн эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Ийм хүсэл эрмэлзэлтэй байвал яриа хэлэлцээнд урт хугацаа зарцуулахгүй болов уу.