АН-ын дэд дарга, эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

Та "Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ 200 хоногийн тайлангаа тавихыг харлаа.Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдлаа бүрэн ойлгоогүй, вакумжсан байдлаар мэдээллээ авч байгаа нь харагдаж байна." гэж ярьсан байсан. Яг ямар учраас ийм дүгнэлт хийх болов?

Ерөнхий Сайдын 200 хоногийн тайлангаас харахад тэрээр Монгол Улсад өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг олон талаас нь харж чадаагүй юм байна гэж дүгнэсэн. Нөгөө л байдаг хэдэн төрийн албан хаагчид, яамны мэргэжилтнүүдийн гаргадаг мэдээлэл дээр тулгуурласан байна лээ. Арилжааны банкууд, том бизнесүүд үгээ хэлэхээс айдаг болсон байна. Бүгдэд нь маш их хяналт шалгалт ордог учраас хуучин шигээ засаг төрөө шүүмжилж чадахгүй, тодорхой шийдэл хэлж чадахаа больж. Бизнесийнхний дунд тодорхой айдастай байдал үүсчихэж. Эдгээр үүсээд байгаа нөхцөл байдлыг эрүүлээр харах боломжийг бүрдүүлэх нь Ардчилсан Намын хийх ёстой ажил юм. Жишээлбэл: эдийн засаг өсч байна гээд байгаа нь зэс, нүүрсний үнийн өсөлттэй холбоотой. Зэсийн үнэ өнөөдөр 9400 орчим ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 30%-40% буюу харьцангуй сайн өссөн дүн. Сайн чанарын нүүрс бол 170 ам.доллар хүрч байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 2-3 дахин өссөн, нэг үгээр бол маш том боломж. Нөгөө талаасаа эдгээр хүчин зүйл манай эдийн засаг өсчихсөн юм шиг харагдуулж байгаа ч иргэдийн цалин, орлого буурч байна. Сард 100,000 төгрөгөөр буурч байна гэж гарсан. Засгийн Газар ядуурал буурч байна гэж мэдэгдэж байгаа нь хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг болгож нэмсний нөлөө. Гэвч энэ бол түр зуурын үзэгдэл. Үүнийг байнга өгөх боломж төсөвт байхгүй. Ажилгүйдэл нэмэгдэж байгаа. Албан ёсны статистикаар ч тэр, албан бусаар буюу хөдөлмөр оролцооны аргаар тооцсон ч ажилгүйдэл өсч байгаа нь харагдаж байна. Санаа зовох зүйл их байгаа ийм үед аливааг хэт гоёчлох хэрэггүй. Мэдээж дэлхийн бүх орон ковидтой тэмцэж байна.

 

Ганц Монгол Улсын Засгийн газар тэмцээгүй нь үнэн. Энэ өвчний тархалт, өвчлөл, нас баралтын тоог хүн амын тоондоо харьцуулаад үзэх юм бол Монгол Улс нилээн хойгуур явж байна. Мөн дэлхийн өөр ямар ч улс оронд байхгүй хатуу хөл хориог 5 удаа тогтоосон. Үүний үр дүнд эмэгтэйчүүд олноор ажилладаг салбарууд хямралд маш их өртсөн. Өмнө нь ч өсөлттэй байсан ажилгүйдэл, ядуурал ковидтой холбоотойгоор шок үүсгэх хэмжээнд нэмэгдсэн байх магадлалтай. Гэтэл Засгийн Газар эдийн засаг хасах байсныг нэмэх болгочихлоо, эдийн засаг өсөөд байна, ядуурлыг бууруулчихлаа гээд санаа амарчихсан. Энэ нь өөрөө нөхцөл байдлыг бүрэн ойлгосон гэж хэлэхэд хэцүү юм. Тийм учраас АН-д байгаа эдийн засагчид, бизнесийн болон төрийн ажлын туршлагатай хүмүүс маань сайд дарга нар, зөвшөөрөл өгдөг агентлагийн дарга нараас айлгүйгээр мэдээллийг аваад, Ерөнхий Сайдтай уулзаж бодит байдлыг олон талаас нь нягталж харцгаая гэж байгаа юм. Дахиад хэлье. Төрийн албаныхан ажил хийж байгаа болж харагдах гээд хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл өгч байна. Хувийн хэвшлийнхэн бүгд айдастай болчихлоо. Бүх том компаниуд жил бүр ямар нэгэн яам, агентлагаас зөвшөөрөл авдаг. Түүнийгээ сунгуулж чадахгүй болчих вий, бөөн шалгалт орчих вий гэж эмээж байна. Гайгүй амжилттай бизнесүүд дээр нэгэн зэрэг 5-6 газар шалгалт оруулж, хэвийн үйл ажиллагаа явуулахад нь маш их саад болдог. Уул уурхайн салбарын өсөлтийг аваад, бодит байдал дээр ажлын байр бий болгож байгаа салбарууд дээр юу болж байгааг ойлгож чадахгүй байна. Тийм учраас АН үндэсний хэмжээний том намын хувьд улс орны өмнө үүрсэн хариуцлагаа хүлээгээд, сөрөг хүчний хувиар Ерөнхий сайдад уулзацгаая гэдэг хүсэлт хүргүүлсэн. 

 

Энэ хүсэлтийн хариуг хэзээ авах вэ? Тодорхой хугацаа зааж өгсөн үү?

 

Төрийн байгууллагуудад аливаа хүсэлтэд хариу өгөх хугацаа гэж байдаг. Тэр журмаараа шийдэгдэх болов уу? гэж бодож байна. 

 

Та аж ахуйн нэгжүүд айдастай байна гэлээ. АН-ын хувьд үүний эсрэг яаж тэмцэх төлөвлөгөөтэй байна вэ?

 

Засгийн Газар хэвлэл мэдээлэлд асар их мөнгө цацаж байна. Томоохон компаниудад ямар нэгэн байдлаар нөлөөлөөд өөрсдийнхөө талд дуугаргах ажлыг сайн хийж байна. Энэ бол ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл. Хятад, Хойд Солонгос, Орос зэрэг улсад төр засаг нь том бизнесүүдээ айлгадаг, хууль шүүхийн байгууллагаар дарамтлуулж үг дуугарах эрхийг нь хаадаг. Монгол Улс ийм зам руу орох юм бол улам хүнд байдалтай болно. Цөөн хэдэн улстөрч бүхнийг атгадаг. Төрийн өмчит компаниуд олширч, өөрсдийнхөө хүнийг байршуулдаг, Монгол банк, Төрийн банк, Хил гааль зэрэг хувийн хэвшлийг хянадаг, санхүүжилт олгодог газруудад ганцхан эрх баригч намын төлөөлөл, тэдний хүмүүс оччихвол эрсдэл гаргаад, бизнес хийж байгаа хувийн хэвшлүүдэд томрох боломж огт байхгүй болно. Ашигтай бизнес хийх гэхэд нь мэдээллийг нь хулгайлж авах, эсвэл янз бүрийн шалгалт оруулж, хэвийн ажиллах боломжийг нь алдагдуулсан ийм л байдалтай болж байна. 10 их наядаар ажилгүйдлийг буруулсан гэнэ. Энэ их мөнгө яг эзэндээ очсон уу? Задаргааг нь ил болгох хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр, улсад эргэн төлөгдөх энэ асар их мөнгөний задаргаа яагаад хаалттай байгаа юм бэ? Үнэхээр ажлын байр бий болгож байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид дунд судалгаа хийгээд үзвэл ихэнх нь аваагүй гэсэн үр дүн гарах байх. Бас нэг УИХ-ын гишүүдийн тойргийн усалгаа шиг юм болчих вий гэсэн хардлага байна.

Төрөөр дамжуулж хувийн хэвшлийг дарамталдаг байдалтай тэмцэх ёстой. Энэ тэмцлийг Ардчилсан Нам түүчээлнэ, манлайлна. 

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ 200 хоногийн тайлангаа тавих үеэрээ: " 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ маш сайн өгч байна, Ажлын байрыг дэмжих зээл зарлагдсанаас хойш зургаан сарын хугацаанд 1.8 их наяд төгрөгийн зээл гарсан. Гурван жилийн хугацаанд хийнэ гэж бодсон зүйл нэг жил хүрэхгүй хугацаанд хийгдээд дуусаж байна гэсэн үг." гэж ярьсан байсан. Тэгэхээр танаас эдийн засагчийн тань хувьд асуухад үнэхээр энэ 10 их наядын хөтөлбөр амжилттай явж байна уу?

 

Хямралыг зөөллөхөд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа байх. Харин яг эзэндээ очсон уу гэдэгт би их эргэлзэж байгаа. Хувь хүмүүст их олгосон байна. Ямар шалгуураар тэр хүмүүст өгсөн юм бэ? Банкаар дамжуулж олгосон. Гэтэл банкны шалгуур маш өндөр байна. Улстөрчидтэй холбоотой, эрх мэдэл, мэдээлэлд ойр компаниуд л тэсэж үлдсэн байгаа шүү дээ. Тэр компаниуд л энэ хатуу шалгуурыг давж, хөнгөлөлттэй зээл авах боломжтой. ЖДҮ-ээс зээл авдаг, төрөөс тендер аваад сурчихсан компаниудад очлоо гээд тэр компанийн хувьд сайн байх. Үнэхээр урт хугацааны ажлын байр бий болгож байгаа жинхэнэ ЖДҮ, жинхэнэ хувийн хэвшилд очсон гэдэгт би асар их эргэлзэж байгаа. Бор зүрхээрээ явж байгаа аж ахуйн нэгжүүд өнгөрсөн 2 жилийн хугацаанд маш хүнд байдалд орсон. Банкууд зээл олгохоо больчихсон. Зээлээ төлж чадахгүй, бизнесийг нь зогсоочихсон ийм компаниудад 3 хувийн хүүтэй зээл очсон гэдэгт огт итгэхгүй байна. Шалгуур нь маш хатуу учраас яг эзнээ олоогүй байх. Үүн дээр болдог бол хэвлэл мэдээллийнхэн, бие даасан хөндлөнгийн судлаачид нэгдэж байгаад нээлттэй хэлэлцүүлэг хийх, мөн УИХ дээр нээлттэй сонсгол хийх ёстой гэж харж байгаа. 

 

Замын Үүд дээр бараа бүтээгдэхүүн гацсаны улмаас бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, улмаар үнэ нь өсч байна. Ерөнхий Сайд болохоор "Ер нь дэлхийн бараа эргэлт бүхэлдээ удааширч эхэлж байна." гэж тайлбарласан байсан. Замын Үүдийн гацааны хувьд үнэхээр дэлхийн бараа эргэлттэй холбоотой юу? Эсвэл манай улсын нөхцөл байдал нь илүү нөлөөтэй байна уу?

 

Ковидтой холбоотойгоор дэлхий даяар хүндрэл үүссэн нь мэдээж. Гэхдээ надад ирсэн мэдээллээр Замын-Үүд дээр үүсээд байгаа гацаа бол цэвэр Монголчуудтай холбоотой юм билээ. Тяньжинь дээр, Замын-Үүд дээр татан авалт хийж чадахгүй маш их бараа ил задгай овоорсон байгаа нь дэлхийтэй гэхээсээ илүү Монголчуудын хариуцлагагүй байдалтай холбоотой. Нүүрсний үнэ маш сайн өсчихсөн байхад экспорт нь зогсчихдог. Энэ нь манайхан халдвар хамгааллын дэглэмээ сахиулж чадаагүйтэй холбоотой. Хятадын талаас удаа дараа шаардлага тавьж байсан юм билээ. Түүнийг нь хийж чадалгүй цаг алдсанаас болж үнэ нь ийм сайн өсчихсөн байгаа үед бид нар нүүрсний экспортоо зогсоочихсон байдалтай байна шүү дээ. Замын-Үүдийн татан авалт гацсанаас болж эмэгтэйчүүд ихээр ажилладаг оёдлын үйлдвэрүүдэд хэрэгтэй бараа материал ирэхгүй байна. Үүнээс үүдээд сул зогсолт хийж байна. Энэ бол цэвэр манай улсын ажилдаа муу, эзэнгүй, хариуцлагагүй байснаас үүдсэн асуудал. Хүмүүс тэр ариутгалын хаалга гэж ямар муухай зүйл байсныг харсан байх. Гэтэл үүнийг хувийн хэвшлүүд амархан шийдчих байсан. Энэ болгон дээр төр засаг анхаарал хандуулсан бол асуудал өнөөдрийнх шиг хүндрэхгүй байсан болов уу. Ковид гараад 2 жил болж байхад ийм асуудлуудыг шийдэх боломж, хугацаа хангалттай байсан. Эцэст нь хувийн хэвшлүүд бизнесээрээ хэдэн сар хохирлоо.

Төрийн хариуцлагагүй байдлын алдааг ард иргэд, хувийн хэвшлүүд нуруун дээрээ үүрч гарч байна. Засгийн Газар хувийн хэвшлүүдийн, иргэдийн төлсөн татварын хариуд тэдэнд үйлчилгээ үзүүлэх ёстой шүү дээ. Гэтэл энэ ажлаа хийж чадахгүй байна. 

Төр бол татвар төлөгчдийн мөнгийг зөвөөр зарцуулах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй гэлээ. Гэтэл ганц энэ Замын-Үүдийн хаалгатай холбоотой асуудлаас харахад татвар төлөгчдөөс цуглуулсан энэ их мөнгө үнэхээр зөв зүйлд зарцуулагдаж байна уу? Яг аль шатандаа  асуудал үүсээд байх шиг байна? 

 

Манай төр бол хэтэрхий данхайсан, хэтэрхий том. Нэг ажил дээр олон байгууллагад чиг үүргийг нь давхардуулаад өгчихдөг. Эдгээр байгууллага нь нэг нэгэн рүүгээ ажлаа чихдэг. Ямар нэгэн байдлаар дарамтлах, шалгах болохоор өөрсдөө гүйгээд очдог хэр нь хэрэгжүүлэх, хариуцах болохоор манай ажил биш , тэр байгууллагынх гээд хоорондоо шидээд, хариуцах эзэнгүй болгочихдог. Энэ бол төр хамгийн муу менежер гэж ярьдгийн жишээ байх. Монгол Улсын төсөв 10 их наядад эргэлдэж байна. Төсвийн хөрөнгө оруулалт 2-3 их наяд буюу хангалттай байдаг. Тэр дотор маш олон сонин хөрөнгө оруулалтууд байдаг.

 

Жишээ нь: “Андлалын хөшөө”, “Хүндэтгэлийн өргөө”, “Их түүхийн жимээр”, “Нууц товчооны ордон” гэх мэтээр хэдэн арван тэрбум, магадгүй хэдэн зуун тэрбумын хөрөнгө оруулалтууд бий. Эдгээр зүйл бидэнд яг одоо хэрэгтэй юу? гэвэл үгүй шүү дээ. Ковидын улмаас аялал жуулчлал ойрын 2 жилдээ явахгүй гэдэг нь ойлгомжтой болчихлоо. Ковидгүй зун гэдэг амлалт биелсэнгүй. Энэ намар, өвөл, ирэх хавар ч ковидгүй байж чадахгүй юм байна. Бид маскнаасаа салахгүй юм байна. Энгийн чөлөөт байдалдаа орж чадахгүй, хөл хорионы дэглэм үргэлжлэх юм байна гэдэг нь ойлгомжтой болчихлоо. Ийм үед үр ашиггүй хөрөнгө оруулалтуудаа болиод, үүнийхээ өчүүхэн хэсгээр нь хил, боомтынхоо нэвтрүүлэх чадварт хөрөнгө оруулалт хийж болно шүү дээ. Эмнэлэг, сургуулиудад хөрөнгө оруулалт хийж болно. Сувилагчдийнхаа цалинг нэмж болно. Ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлгүүд дээр ор нэмдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хурдан шуурхай ажиллаж болно. УИХ-аас ковидтой тэмц гэж өнгөрсөн жил 5 их наядын төсөв баталж өгсөн. 2020 онд 5 их наядын алдагдалтай төсөвтэй, гадаадын зээл тусламж 2-3 их наяд хүрсэн. Энэ их мөнгө хаачсан юм бэ? гэдэг  ойлгомжгүй байна. 

 

Ерөнхий Сайд бас тайлангийнхаа үеэр Оюутолгойн төслийг "УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй хөрөнгө оруулагч талд хэтэрхий ашигтай шийдэл гаргаад, тэр нь өнөөдөр олон нийтийн шүүмжлэл дагуулаад цаг хугацаа явах тусам өр үүсгээд байдаг, ногдол ашиг авахгүй, дандаа өртэй байх тогтолцоо өнөөдөр бий болчихоод байгаа нь үнэн" гэж дүгнэсэн байсан. Та "Оюутолгой" компаний ТУЗ-ийн гишүүн байсны хувьд энэ дүгнэлттэй санал нийлэх үү?

 

Би нэг товч түүх ярих хэрэгтэй болов уу? 2003 онд “Их өр төлнө” гээд сүр дуулиантай арга хэмжээ болсон. Энэ үеэр тухайн үед Ерөнхий сайд байсан Намбарын Энхбаяр гуай  Оюу Толгойд  ашиглалтын 4 лизензийг өгчихсөн байдаг. Уг нь А лицензийг том шалгуур нөхцлийг давж байж өгдөг. ТЭЗҮ, нөөц, гэрээ нь тодорхой байх ёстой. Гэтэл энэ бүгд тодорхой биш байхад нь анх 4 лицензээ өгчихсөн. Үүнээс л Оюу Толгойн төслийн маргаан эхэлсэн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд баталж, гарын үсэг зурсан. Ингэхдээ УИХ-аар орсон. УИХ Засгийн газарт үүрэг өгч, 34 хувийг эзэмш, гэхдээ өр тавьж болно гэсэн утгатай хоёр ч тогтоол гаргасан байдаг юм. Засгийн Газар нь УИХ-ын тогтоолын дагуу 34 хувиа эзэмшье, гэхдээ мөнгө байхгүй учраас ирээдүйд олох ногдол ашгаараа төлөөд өгчихье гэсэн байдлаар гэрээ хийсэн байдаг. 

Энэ нь УИХ-аар орсон. Хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнүүд нь тухайн үедээ УИХ-д танилцуулагдаж байсан гэж би ойлгож байгаа.

 

Ер нь Оюу Толгой дээр Монголчууд өөрсдөө, Монголын үе үеийн улс төрчид олон алдаа хийсэн байдаг юм. Жирийн бизнес хийдэг хүн бол хамгийн эхэнд нь техник эдийн засгийн үндэслэлээ батлуулна. Энэ төсөл ашигтай юм уу? Ашиггүй юм уу? Хувь эзэмших нь зөв юм уу? Буруу юм уу? Эсвэл зүгээр татвараа аваад явж байх юм уу? Үүний дараа нь гэрээгээ хийдэг. Мөн ийм асуудал гарвал ингэнэ шүү, тэгнэ шүү гээд үүнийхээ өгөөжийг нь баталгаажуулна. Дараа нь лицензээ өгдөг. Манайх бол яг эсрэгээрээ явчихсан. Эхэнд нь лицензээ өгчихөөд, бүтээн байгуулалт нь дундаа орж байхад гэрээгээ хийсэн. Хэзээ хойно нь техник эдийн засгийн үндэслэлээ нөхөж хүлээн авсан. Зөв дэс дараалал нь алдагдаж, орвонгоороо эргэсэн ийм төсөл л дөө. Үүн дээр манай төр засаг, улс төрчид өөрсдөө л сургамж авмаар байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчдыг муулаад л байдаг. Гадны хөрөнгө оруулалт байхгүй бол манай эдийн засаг чинь сүйрнэ биз дээ. Хөрөнгө оруулалтгүй бол ажлын байргүй болно. Төгрөгийн ханш унана. Гэтэл үүнийг нь хэлсэн эдийн засагчдыг элдвээр адладаг. Гадныхны гар хөл гэж өөрсдийнхөө сошиал сүлжээгээр хэлүүлдэг. Энэ их буруу соёл гэж би хувьдаа хардаг. Яагаад гэвэл манай өмнөд хөрш болох БНХАУ гадны хөрөнгө оруулалтаар л босч ирсэн. Турк улс байна.

Мөн Герман улс BENZ, BMW, AUDI, VOLKSWAGEN гээд автомашины эх орон шүү дээ. Тэгсэн мөртлөө л TESLA гээд Америкийн цахилгаан машиныг урьж, өөрсдөө гуйж хөрөнгө оруулалт хийлгэж байна шүү дээ. Дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалтын араас хөөцөлдөж, уралдаж, өрсөлдөж байна.

 

Харин манайд л гадаадын хөрөнгө оруулалтыг муухай гэж харуулдаг болчихлоо. Тэгж муухай болгосон хүмүүс нь манай улс төрчид өөрсдөө шүү дээ. Сонгууль болгоноор попордог, буруу гэрээ баталдаг. Аливаа зөв ойлгуулахын оронд мундаг эх оронч болж, дахин сонгогдох л сонирхол тэдэнд байдаг. Цаана нь ямар олон ажлын байр алга болж байна. Залуучуудын ямар сайхан ирээдүйг хааж, боож байгаагаа тэд нар ойлгодоггүй. Магадгүй ойлгодог байх. Гэхдээ тэд нарт тэр нь тийм чухал биш. Дахин сонгогдох нь л чухал.

 

Ярианыхаа төгсгөлд миний асуугаагүй, таны тодруулж нэмж хэлэх зүйл байна уу?

 

Эдийн засгийн жинхэнэ хүндрэл энэ намар, өвөл ирэх болов уу гэж би харж байгаа.  Яагаад гэвэл сар болгон Хүүхдийн 100.000 төгрөг өгч байгаа, тог цахилгааныг тодорхой хэмжээгээр хөнгөлж байсан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулчихсан. Жинхэнэ хүндрэлийг тодорхой хэмжээгээр зөөллөөд байлаа л даа. Гэхдээ тэр хүндрэл алга болоогүй. Бид нар цаг хугацааны хувьд л жаахан хойшлуулж байсан. Ингэж хойшлуулахдаа бид нар нэг чухал арга хэмжээг авах ёстой байсан. Эдийн засгийнхаа тамир тэнхээг сэргээгээд, том төслүүдээ хөдөлгөөд, бизнесүүддээ эрх чөлөөг нь олгох ёстой байсан. Харамсалтай нь Засгийн Газар тэгээгүй. Энэ хугацаа хожоод, зовлонг жаахан хойшлуулж байх хугацаандаа бид нар харин ч хувийн хэвшилдээ асар хортой хатуу хөл хорио, баахан популист улс төрийг хийчихлээ. Тэгэхээр өвчин намдаах эмийн үйлчлэл гарч эхэлнэ. Энэ хооронд бид жинхэнэ өвчнөө эмчилж чадаагүй, улам л хүндрүүлчихсэн. Гэтэл үүний эсрэг Засгийн Газар ямар арга хэмжээ авах нь ерөөсөө ойлгомжгүй байна.

Монголчууд бид нэг л үндэстэн, нэг л айл. Улс төрийн бүх хүчнүүд, төрийнхөн, хувийн хэвшлийнхэн, ард иргэд ирж байгаа хүндрэлийг хохирол багатай даван туулахын төлөө хамтдаа шийдэл хайж, ил тод илэн далангүй ярилцмаар байгаа юм.

 

Түүнээс бус нэг тал нь өөрсдийгөө магтаад хэвлэл мэдээллээр сурталчлуулаад л, нөгөө тал нь айгаад дуугарч чаддаггүй. Үүнээс бид бүгд л хохирно. Үүнд манай хэвлэл мэдээллийнхэн оройлж, манлайлж оролцоосой, улс төрчид ард иргэдийн хооронд гүүр болдог ажлаа улам сайн хийгээсэй л гэж хүсэх байна даа.

 

 

Баярлалаа.

 

Ярилцсан: Н.Энхдэлгэр