Б.Амгаланбаатар: 601 м.кв газар жоохон биш ээ, С.Эрдэнэ дарга аа
2021/08/26
АН-ын дарга С.Эрдэнийн хувийн компаний эзэмшлийн “Шонхор тауер”-ыг анх газар авсан зориулалтынх нь дагуу ашиглахыг шаардсан тэмцэл өрнүүлж буй АН-ын гишүүн Б.Амгаланбаатартай ярилцлаа.
Та сүүлийн үед АН-ын дарга С.Эрдэнийн, тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан газар дээр баригдсан "Шонхор тауер"-тай холбоотой асуудлыг шалгуулахаар тэмцэж эхэлсэн. АТГ, Татварын Ерөнхий Газруудад хандсан. Ер нь энэ "Шонхор тауер" буюу АН-ын төв байрны газрын зориулалтын тухай анх хэзээ мэдсэн вэ? яагаад тэмцэх болов? гэдгээс яриагаа эхлэе?
Би Ардчилсан Намын гишүүн. Манай найзад нэг ийм баримт байна. Энэ тухай дуугармаар байна гэсэн юм. Улмаар хэсэг найзуудтайгаа ярилцаад, нийгэмд буруу зүйлийг буруушааж, зөв зүйлийг нь сайшаах жишгийг залуучууд бид л тогтоох ёстой гэдэг үүднээс тэмцэж эхэлсэн.
“Шонхор тауер” гэдэг барилгыг зориулалтаар нь ашиглахгүй байгааг нь холбогдох мэргэжлийн байгууллагуудаар нь шалгуулаад, улмаар албан ёсны шийдвэр гаргуулж, зориулалтаар нь ашиглуулья гэж энэхүү тэмцлээ эхлүүлсэн.
“Шонхор Тауер”-ын газрыг 2010 онд анх авсан юм билээ. Тухайн үед Содномзундуйн Эрдэнэ УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Ингэхдээ тэрээр уг газрыг “Төгс Эрдэм Сан” ТББ-аар дамжуулан авсан байдаг. “Төгс Эрдэм Сан”-г нь 1998 онд С.Эрдэнийн ээж, эхнэр, төрсөн охин нь нийлж байгуулсан. Уг сан нь анх байгуулагдахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, сургалт, боловсролыг дэмжих, судалгаа, төсөл явуулах зорилгоор байгуулагдсан юм билээ. Үүнээс хойш 12 жилийн дараа буюу 2010 онд нийт 330м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авсан байдаг. 2010 ондоо “Шонхор Тауер”-ын барилгын ажлыг эхлүүлсэн. 2014 онд барилгын ажил нь 90 хувьд хүрч, Улсын Комисс хүлээж авсан юм билээ.
Энэ үед “Төгс Эрдэм Сан” ТББ нь Нийслэлийн Архитектур Төлөвлөлтийн газар, мөн Газрын албанд газраа сунгах хүсэлт өгсөн байдаг.
Тодруулбал тэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих төвийн барилгыг барьчихлаа. Гэхдээ эргэн тойронд нь граш, хөгжлийн бэрхшээлтэй хүн орох хаалга, шат зэргийг хийх хэрэгтэй байгаа учраас газрыг маань сунгаж, 601м.кв болгож өгөөч” гэдэг хүсэлтийг хотын захиргаанд өгсөн байгаа юм. 2014 онд С.Эрдэнэ гэдэг хүн УИХ, Засгийн Газрын гишүүн, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд байсан, Ардчилсан Нам Засгийн эрх барьж байсан. Энэ үедээ ингэж газраа томруулж авсан байдаг. Ингээд газраа томруулаад, улмаар 2015 оноос “Шонхор тауер” үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш уг барилга оффис түрээсийн зориулалтаар ашиглагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл 7,8 жилийн хугацаанд зориулалтаараа огтхон ч ашиглагдаагүй.
Монголд 13 мянга орчим тусгай хэрэгцээт хүүхэд байдаг. Нийт 123 мянган тусгай хэрэгцээт иргэд бий. Үүний 10 орчим хувь нь хүүхдүүд.Гэтэл “Шонхор тауер” гэдэг барилга дотор эдгээр хүүхдүүдэд зориулсан нэг ч сургалтын төв алга, нэг ч төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулахгүй байна.
С.Эрдэнэ: “Улс төрийн сонгууль болохоор л миний энэ алга дарам газрын тухай ярьж, зарим хүмүүс тэмцээд эхэлдэг” гэж ярьдаг. Тэгэхээр бидний тэмцэл бол УИХ-ын нөхөн сонгуультай холбоогүй ээ.
Зориулалтын бусаар ашиглаад байгаа, өөрийнхөө орлогын нэг эх үүсвэр болгоод байгаа үйлдлийг нь л бид эсэргүүцэж байгаа болохоос С.Эрдэнэ гэдэг хүнийг нийгэмд муухай харагдуулах буюу улс төрийн зорилгоор тэмцээгүй.
Нөгөөтэйгүүр одоо С.Эрдэнэ гэдэг энэ хүнд улс төрийн өндөр албан тушаал алга. Намаа хоёр хуваагаад, өөрийнхөө авсан намын даргаар М.Тулгат гэдэг залууг тавьчихсан байгаа. Энэ хүнтэй зууралдаад байх шаардлага бидэнд байхгүй.
Таны хувьд тусгай хэрэгцээт хүмүүстэй хамтран ажилладаг уу? Эсвэл эргэн тойронд чинь бий юу? Өөрөөр хэлбэл энэ тэмцлийг эхлүүлэх нь танд ямар ашигтай юм бэ?
Ашиг гэж би нэг зүйлийг л харж байгаа юм. С.Эрдэнэ гэдэг хүн сайд байх хугацаандаа тусгай хэрэгцээт хүмүүсийн төлөө хийсэн зүйл байгаа. Хүний хийсэн сайн зүйлийг үгүйсгэж болохгүй.
Орон сууц барьсан байдаг юм билээ. Мөн Баянгол дүүргийн 20-р хороонд сувилал болон үйлчилгээний зориулалттай маш том цогцолбор ашиглалтанд оруулсан байдаг. Гэхдээ миний бодлоор энэ хөгжлийн төвүүд хотын төвд байх хэрэгтэй. Тусгай хэрэгцээт хүүхдүүд хөгжихийн тулд Улиастай эсвэл Налайх руу заавал очих албагүй. Хотын төвөөс зах руугаа биш, захаасаа төв рүү явбал автобус унаа нь элбэг учраас чөлөөтэй хөгжих боломж нь нээгдэнэ. Та хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг уу? гэж асуулаа. Мэдээж хүний амьдрал юм чинь найз нөхөд дунд маань тусгай хэрэгцээтэй иргэд зөндөө байна. Хараагүй, хэлгүй найз хүртэл бий. Гэхдээ тэд нар маань өөрсдөө тэмцэж чадахгүй. Тэмцье гээд ч өөрсдийнхөө илэрхийллийг төгс гаргаж чадахгүй. Тиймээс тэр найзуудынхаа төлөө би тэмцэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл энэ нийгэмд амьдарч байгаа залуу хүний хувьд, эцэг хүний хувьд бид тэмцэж байна. Нийгэмд зөв зүйлийг жишиг болгохын төлөө тэмцэж байна. Бусдаар бол би С.Эрдэнэ гэдэг хүнийг заавал муулаад, муухай харагдуулах гээд байгаа зүйл огтхон ч байхгүй. Зүгээр “Шонхор тауер”-ынхаа аль нэг хэсгийг ч болтугай зориулалтынх нь дагуу ашиглаач ээ. Магадгүй тэр төвөөс хөгжиж гарч байгаа хүүхдүүд дэлхийд ямар нэгэн алдартай зүйл бүтээхийг үгүйсгэхгүй. Тэр боломжийг нь тэдгээр хүүхдүүдэд олгох хэрэгтэй гэж иргэн хүнийхээ хувьд бодож байна.
АТГ, Татварын Ерөнхий Газарт уг асуудлыг шалгуулахаар хандсан шүү дээ. Ямар нэгэн нааштай хариу та нарт өгсөн үү?
Би маш нааштай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. АТГ-т шалгуулах хүсэлтээ өгөөд, өөрөө очоод мэдүүлгээ өгчихсөн байгаа. Татварын Ерөнхий Газарт бас шалгуулах хүсэлтээ өгчихсөн. Мөн Нийслэлийн Засаг Даргад газрыг зориулалтынх нь дагуу ашигла, эсвэл зөвшөөрлийг нь цуцал гэдэг шаардлага хүргүүлсэн байгаа. Хуулийн хугацаа нь 14 хоног юм билээ. Тэгэхээр энэ хугацаандаа шаардлагынхаа хариуг нааштай байдлаар авна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний тэмцлийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ бас тайлбар хийсэн л дээ.
Үндсэндээ хоёр агуулгатай. Нэгдүгээрт, "Шонхор тауер"-ын барилгын зөвшөөрөл бол хууль ёсных, мөн маш жижигхээн талбайтай барилга гэж. Хоёрдугаарт таньтай холбоотой асуудлыг хөндсөн. Энэ тэмцээд байгаа Б.Амгаланбаатар нь Монголын Либерал Намын даргаар Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй байгаа мөртлөө АН-ын гишүүн гэж явдаг гэж? Та үнэхээр хоёр намын гишүүнчлэлтэй юм уу?
Нэгдүгээрт, 601м.кв газрыг жоохон газар, алга дарам газар гэхгүй л дээ. Энэ нь ойролцоогоор хоёр айлын хашааны газар. Тэгэхэд хотын төвийн А зэрэглэлд улсын өмчид байсан ийм том газрыг өөрийн хэрэгцээндээ ямар ч үнэ төлбөргүйгээр авсан байна шүү дээ. 2005 онд хотын газар төлөвлөлтөөр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт 350 мянган га газар баталж өгч байсан юм. Гэтэл 2015 онд буюу 10 жилийн дараа 314 мянган га газар болж багассан байдаг.
Үүнээс харахад эрх мэдэлтэй хүмүүс хотын А зэрэглэлийн бүсэд байрлах 44 мянган га газрыг улсаас үнэгүй авчихсан байгаа юм. Өөрөөр хэлбэл улс төрчид төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа давуу байдлаа ашиглаж, маш их хэмжээний эд хөрөнгөтэй болж байна. Иргэд бид нар хотын А бүсэд газар худалдаж авья гэвэл 1м.кв-т нь бараг 100 сая төгрөг болно шүү дээ. Газар нь нийтдээ хэдэн тэрбумаар үнэлэгдэнэ. Тиймээс жоохон буюу алга дарам газар биш юм аа. Алга дарам газар гэж арай өөр хэмжүүр, ойлголт байдаг байх.
Бурхны номонд нүглийн тухай ойлголт бий. Энэ бол шинжлэх ухаанаас давсан том ойлголт. Магадгүй бид энэ хорвоо дээр 60, 70 жил амьдраад явна. Үр хүүхдүүд маань цаашдаа амьдарна.
Үр удмаа илүү сайн сайхан амьдруулахын төлөө бид өнөөдөр зөв амьдрах ёстой.
Бүхэл бүтэн 123 мянган иргэний нэрийг барьж, ийм увайгүй үйлдэл хийж байгаагаа энэ гэр бүл зогсоох ёстой. Гэхдээ би нэг зүйлийг зориуд хэлчихмээр байгаа юм. Би зөвхөн С.Эрдэнэ гэдэг хүнтэй л тэмцэнэ. Түүний хүүхэд, гэр бүл, ээж бидэнд чухал биш. С.Эрдэнийн хүүхэд болж төрсөн нь тэр хүмүүсийн буруу биш шүү дээ.
Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй. С.Эрдэнэ дарга гэр бүлийнхнийх нь эзэмшлийн газрын асуудлыг хөндсөнд их эмзэглэж буй юм билээ. Тиймээс би зориуд хэлж байгаа юм.
Бид таны гэр бүлийг ямар нэг байдлаар буруушааж, гутаан доромжлохгүй. Зөвхөн таны буруутай үйлдлийн эсрэг тэмцлээ хийж байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
Хоёрдугаарт, би их сургуулиа төгсөөд 3 жил орчим багшаар ажилласан.
Түүнийхээ дараа буюу 2013-2016 оны хооронд Монголын Либериал Намын даргаар ажилласан.
Би олон намын системийг зөв, ардчиллын хамгийн сайн шийдэл гэж хардаг. Гэхдээ өнөөдөр Монголд гуравдагч хүчний орон зай байхгүй. Тиймээс Ардчилсан системийг хамгаалахын тулд зайлшгүй энэ хоёр том намын аль нэгийг сонгох шаардлага надад тулгарсан.
Намайг маш олон хүмүүс намаа зарчихлаа, намын наймаачин гэж ярьдаг. Би үйлийн үрийн зүй тогтолд итгэдэг учраас юу гэж тийм зүйл хийхэв дээ? Тиймээс би тухайн үед цэвэр итгэл үнэмшлээрээ Ардчилсан Намд гишүүнээр элссэн.Түүнээс хойш Ардчилсан Намын төлөвшил, хөгжлийн төлөө хазайхгүйгээр, чин сэтгэлээсээ зүтгэж явна.
С.Эрдэнэ гэдэг хүнийг намын даргад өрсөлдөж явахад нь би сонгуулийнх нь ажилд зүтгэж л байсан. Одоо бол тэр үед ажилласандаа маш их харамсдаг. Өөр маш олон хүн ч бас харамсдаг юм билээ.
Намынхаа нэр хүндийг шавартай хутгачихсан ийм хүнд Ардчилсан Намын 200 гаруй мянган гишүүд итгэж, 4 жил намын дарга хийлгэлээ. Улс төрийн намын зорилго нь улс төрийн сонгуульд ялж, мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа хэрэгжүүлэх.
Гэтэл С.Эрдэнэ дарга ялагдсан хэрнээ ажлаа өгөөд явж чадахгүй зууралдаад, намаа бутаргаад, хуваагаад явж байгаад нь намын гишүүний хувьд харамсаж байна.
2016 онд Зандаахүүгийн Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын дарга байсан.
Би З.Энхболд гэдэг хүнийг хүндэтгэдэг. Улс төрчийнхөө хувьд шударга, зарчимтай хүн гэж боддог. Тиймээс ч З.Энхболдыг АН-ын дарга байх үед нь Монголын Либерал Намаасаа гарч, Ардчилсан Намд элссэн юм. Ямар нэг байдлаар улс төрийн тохироо, мөнгөний асуудал байгаагүй. Цэвэр итгэл үнэмшлээрээ Ардчилсан намд элссэн юм шүү.
Та АН-ын залуу гишүүдийн нэг. Энэ нам үндсэндээ хоёр хуваагдчихсан, маш хэцүү байдалтай байна. АН-ын лидерүүдийн зарим нь АН баруун зүүнээрээ ялгараад хоёр тусдаа нам болчих хэрэгтэй гэдэг, зарим нь яаж ийгээд эвлэрэх нэгдэх хэрэгтэй гэдэг. Та аль байр суурийг нь дэмжиж байна?
Манай Ардчилсан Нам хэт нээлттэй учраас доторхи зодоон нь ил байдаг. Зодооноо нуудаггүй, хэлье гэснээ хэлчихдэг. Хүмүүс, ялангуяа МАН-ынхан “Энэ Ардчилсан Намынхан олон фракцтай” гэж ярьдаг. 200 мянган хүн дотор маш олон үзэл санаатай хүн бий. Тэд нар нийлээд бүлэг, фракцаа байгуулаад явж байг л дээ. Ардчилсан Намын гишүүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь чөлөөтэй. Гэтэл эрх баригч МАН-ын их, бага хурал, удирдах зөвлөлийн хурлууд нь дандаа хаалттай болдог. Миний сонссоноор тэд дотроо бүр жинхэнээсээ зодолддог гэж байгаа. Цус нөжөө гартал зодолдоод гарч ирээд тэврэлддэг. Энэ бол олон жил тогтчихсон заваан тогтолцоо байхгүй юу. Хаалттай систем. Тэгэхээр л МАН дотроо зөрчилдөөнгүй, атгасан гар шиг харагддаг ч яг үнэндээ тийм биш.
Зүгээр л нийгмийн өмнө биш, хөшигний цаана зодолддог. Харин Ардчилсан Намын ялгаа юу вэ гэхээр нээлттэй, хэн юу хэлэх нь чөлөөтэй байдаг.
Би гишүүнийхээ хувьд хэлэхэд манай Ардчилсан Нам богино хугацаанд үнэхээр сөрөг хүчин болж ажиллах ёстой. УИХ-ын 2024 оны сонгууль удахгүй болох гэж байна.
Миний хувьд нийт гишүүдийн олонхи нь аль талдаа байна, намын удирдлага тэр талдаа байгаасай л гэж бодож байгаа. Өнөөдрийн хагарал бол захиалгатай зүйл. Цаана нь энэ хоёр намыг удирддаг том бүлэглэл хөшигний ард байгаа. Бид МАНАН бүлэглэл гэж ярьдаг. Энэ бүлэглэл үнэхээр байдаг. Тэр бүлэглэл аль намын дарга хэн байх вэ?, дараагийн Ерөнхий Сайд хэн байх вэ?, Ерөнхийлөгч хэн байх вэ? гэдгийг захиалдаг. Тэр бүлэглэлийн үйл ажиллагааны гайгаар Ардчилсан Нам маань хоёр тал болоод явж байна. Гэхдээ нэг талдаа гарчих байх гэж би чин сэтгэлээсээ итгэдэг.
Одоо бүлэглэлийн гар хөл болоод явж байгаа тал нь өөрсдийн увайгүй үйлдлээ зогсоох ёстой. Нэн даруй Ардчилсан Намыг сөрөг хүчин шиг нам болгох ёстой. Хэрэв энэ байдлаараа явбал 2000 онд байгуулагдсан Ардчилсан Нам маань магадгүй 2021, 2022 онд задрах нөхцөл байдал үүсээд байна. Олон намын тогтолцоотой парламентын соёл маань энд хүрээд дуусах нь байна шүү. Ардчилсан Нам бол Монголын ардчиллын тулгуур багануудын нэг.
Энэ баганыг битгий нураагаач ээ, битгий дотор нь хагаралдуулж, бутаргаач ээ, эвтэй, хүчтэй байлгаад өгөөч ээ гэж хэлмээр байна.
Эцэст нь асуухад та залуу хүн, Монгол Улсын иргэнийхээ хувьд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?
Би улс төр судлаач хүн. Ер нь аливаа Засгийн Газар тухайн үедээ үнэлэгддэггүй юм билээ. Жишээлбэл: С.Баяр гэдэг хүн Ерөнхий Сайд байх хугацаандаа “Атрын 3” аян гээд Монголын газар тариалангийн салбарыг дэмжсэн маш том зүйлийг хийсэн. Мөн Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн үед үнэхээр томоохон төслүүдийг хийсэн байдаг. Тодруулбал Монгол Улс социализмын олон жил бүтээж чадаагүй 2000 гаруй юм автозам зэрэг бүтээн байгуулалтуудыг хийсэн. Энэ бол түүхэнд үлдэж байгаа сайн зүйл юм. Гэхдээ муу зүйл нь сайныгаа дарчихдаг.
Л.Оюун-Эрдэнэ бол потенциалтай. Харвардыг төгссөн хүнээр энэ улсыг удирдуулж байна гэдэг сайн зүйл. Муу хүн сайн боловсрол эзэмшдэггүй юм.
Гэхдээ нэг том алдаа байна. Л.Оюун-Эрдэнэ нөгөө л ах нар, бүлэглэлийнхээ үгнээс гарч чадахгүй байна. Бүлэглэл, энэ хэдхэн гэр бүлийн ашиг сонирхол нь гурван сая хүн амын ашиг сонирхлоос өндөр байна. Тэд энэ улсыг удирдсаар л байна. Тиймээс бид энэ бүлэглэлийг нурааж байж, хөгжлийн тухай ярьж эхлэх ёстой. Энэ бүлэглэл тарж сарниагүй цагт бид хөгжих тухай, Монгол хүн баяжих тухай, ДНБ өсөх тухай ярих боломжгүй.
Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газрын үнэлгээг дараагийн Засгийн Газар гарч ирсний дараа ард түмэн тавина. Харьцуулалт хэрэгтэй. Хүмүүс маш муу байна л гээд байгаа юм. Үнэн, маш муу байгаа. Гэхдээ цаана нь юу болж байгааг бид мэдэхгүй. Гол нь сөрөг хүчин болсон манай Ардчилсан Нам ажлаа сайн хийвэл энэ Засгийн Газрын булхай, хөшигний цаана болж байгаа наймаа, тохиролцоог илчилнэ. Монголд сэтгүүл зүй ч эрүүлжих хэрэгтэй. Бүх салбар эрүүлжиж байж шударга ёс тогтоно. Эртнээс л Монголчууд ханцуйн дотроо наймаалцдаг соёлтой ард түмэн байсан. Энэ соёлыг бид нар одоо ч гээгээгүй байна. Үүнийг гээсэн цагт бид дараагийн шинэ түвшинд гарна.
Баярлалаа.
Ярилцсан Н.Энхдэлгэр
sonin.mn
tugsuu · 2021/08/27
e chaavaas iim medrel zaluus l suuliin ued hen 1 nii zaavraar shudraga hun boloh gej zuteed bdag boljee odoo Erdene gedeg huniig hen ch bish bolson gej ih l zorigtoi yrij bndaa zailuul heniih n tejver ym boldoo?