Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг Шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.09.07) хуралдаж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа ахалж байгаа бөгөөд тэрбээр уулзалтын эхэнд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг танилцуулав.

 

сонин mn

 

Уулзалтад оролцогчдыг танилцуулсны дараа Оюу толгой ХХК-ийн албаны хүмүүс Төслийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй гүний усны талаар мэдээлэл хийв.

 

Мэдээлэлд, Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн усан хангамжийн үндсэн эх үүсвэр нь Гүний хоолойн газрын доорх усны орд газар. Уг орд газрыг БОНХАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн тогтоолоор баталсан усны нөөцийг ашигладаг. 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 9,278,020 шоо метр ус ашиглаад байна.

 

Гүний хоолойн өндөр давсжилттай усыг зөөлрүүлэн цэвэршүүлж, ус савлах үйлдвэрийг 2011 онд барьж байгуулсан. Оюу толгойн уурхайн талбайд ахуйн бохир ус цэвэрлэх нийт дөрвөн байгууламжийг ашигладаг бөгөөд үйлдвэрлэлд ашиглагдах усны 88% дахин ашигласан гэв. Мөн 2013 оноос 2021 оны 8 сарын 31-нийг хүртэлх хугацаанд ус ашигласны төлбөрт Өмнөговь аймгийн төсөвт 122 тэрбум төгрөг төвлөрүүлсөн.

 

сонин mn

 

Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Гүний хоолойн газар доорх усны ордын ашиглалтын үеийн нөөцийг тооцох хайгуул судалгааны ажил хийхээр Усны газартай ярилцаж байна. Цаашид Улсын усны мониторингийн сүлжээг өргөтгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд хараат бус хөндлөнгийн эрх бүхий усны аудитын компани шалгаруулах ажил үргэлжилж байна. Усны аудитын тайланг энэ ондоо багтааж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна гэлээ. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар байгаль орчны үнэлгээ, ус ашиглалт нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн эсэх, мөн бусад асуудлын талаар тодруулж байв.

 

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Адьшаа уулзалтыг дүгнэж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, өнөөдрийн өргөтгөсөн уулзалтад хүрэлцэн ирсэн албаны хүмүүст талархал илэрхийлээд тус ажлын хэсгээс Оюу толгойн төслийг гацаах, улстөрийн оноо авах, нийгэмд ташаа мэдээлэл тараах зорилго агуулаагүй болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас Рио Тинтогийн удирдлагад ил тод нээлттэй хамтран ажиллах талаар удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Говийн бүсийн газрын гүний ус нь Оюу толгойн төслийн үр дүнгээс илүү чухал. Олон улсын туршлагад аливаа уул уурхайн олборлолтод хөндлөнгийн байгууллага, шинжээчид дүгнэлт гаргадаг. Гэтэл өнөөдөр Оюу толгой өөрөө дүгнэлт гаргаж, түүнийг Монгол Улсын Засгийн газар олон нийтэд танилцуулж байгаа тогтолцоо нь буруу болохыг шүүмжлэв. Түүнчлэн Цагаанхадаас Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замыг 10 гаруй жил ашиглаж байгаа нь өнөөдөр Оюу толгой хэр ажиллаж байгааг харуулж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Өмнөговь аймагт 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг гэж олон нийтэд танилцуулдаг хэрнээ жилийн эцэст үүнийг яагаад “өр” гэж тайлагнадаг болохыг тодруулав. Оюу толгой ХХК-ний Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Андрю Вилсон хийсэн тайлбартаа, аливаа хамтын ажиллагаанд итгэлцэл чухал байдаг, ажлын хэсгийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө ажиллана.

 

 

 

Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замын хувьд шинэчлэлийн ажил эхэлсэн бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд дуусгана. Орон нутагт жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлдэг. Санхүүгийн албаны хүмүүсээс тодруулж, уг зардал “өр” болгон тайлагнадаг эсэхийг тодруулж, эргэн мэдэгдье гэлээ.

 

 

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Адьшаа байгаль орчны хяналт, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд Оюу толгой манлайлагч байх ёстой, удахгүй ажлын хэсгийн гишүүд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байгааг танилцуулав. Уулзалтад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ, Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Д.Өнөржаргал, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ий Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон албаны бусад хүмүүс оролцлоо