Ц.Оюунгэрэл: Манай ИОННамд орон зай байгаа...
2021/09/13
УИХ-ын гишүүн асан, Иргэний Оролцооны Нэгдэл Намыг үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
Сайн байна уу? Иргэний Оролцооны Нэгдэл намыг үүсгэн байгуулах анхдугаар их хурал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллээс яриагаа эхлэе?
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам гэдэг нэрийг авч, ажлын хэсэг байгуулснаас хойш яг 4 сарын дараа анхны хурлаа хийлээ. Танхимд 30 хүн, бусад төлөөлөгчид маань цахимаар хуралдаа оролцсон. “Ковид-19”-ын үед нам үүсгэн байгуулсан анхны тохиолдол байсан учраас 4 сарын турш шаардлагатай үйл явцыг өдөр тутам бага багаар хийж байж, нам үүсгэн байгуулах хуулийн шаардлагад нийцүүлж хурлаа хийсэн. Хурлын үйл ажиллагааг би нээсэн. Хурлын даргалагчаар Б.Батмагнай гэж 1990 онд төрсөн залуу ажилласан. Хурлын нарийн бичгээр М.Хатантуул гэж 1989 оны залуухан бүсгүй ажиллалаа.
Хурал болохоос 3 хоногийн өмнө санал хураалтаа цахимаар нээж, бэлтгэл ажлуудаа хангаж эхэлсэн. Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаа үүсгэн байгуулахын тулд нэр, хөтөлбөр, дүрэм, бэлгэдлээ, намын даргаа, төлөөлөгчдийн танхим буюу төв байгууллагаа, маргаан таслах комисс буюу хяналтын байгууллагаа батлах ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Нэрээ дэвшүүлэх, нэр дэвшигчидтэйгээ танилцах, дүрмээ танилцуулах, хөтөлбөрөө танилцуулж хэлэлцүүлэх гэх мэт ажлуудаа хурлаас 3 хоногийн өмнөөс эхлэн өдөрт 3 цаг буюу нийт 9 цаг хэлэлцүүлж, үүний дараагаар санал хураалтын шугам нээлттэй ажиллаж, санал хураалтын дүн гарснаар хурал маань дууссан байгаа.
Иргэний Оролцооны Нэгдэл намыг үүсгэн байгуулагчдын нас, хүйс, мэргэжил, боловсрол гэх мэт мэдээллийг өгөхгүй юу? Яагаад ингэж асууж байна гэхээр танай намыг залуучуудын нам гэж боддог хүмүүс их юм байдаг юм байна лээ?
Манай үүсгэн байгуулагчдын хувь, харьцааг харах юм бол 70 хувь нь Улаанбаатар хотоос, 30 хувь нь орон нутгаас бүрдэж байна.
Мөн 70 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь эрэгтэйчүүд буюу дүгнэх юм бол эмэгтэйчүүд эзлэх хувь нь өндөр байна.
60 орчим хувь нь 40 хүртэл насны залуучууд байна. Мөн тусгай хэрэгцээт 12 иргэн хуралд маань төлөөлөгчөөр оролцсон. Эдгээр иргэдээс 2 нь намын сонгуульт албан тушаал буюу төлөөлөгчдийн танхимд, мөн нэг тусгай хэрэгцээт иргэн үнэт зүйлийн зөвлөл гээд өдөр тутмын удирдах албан тушаалд сонгогдсон. Хүйсийн харьцааг тэгш оролцуулах үүднээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш нэр дэвшүүлсэн. Гэхдээ оролцоо идэвхийн тал дээр эмэгтэйчүүд илүү ялгарсан учраас удирдах байгууллагад бүсгүйчүүд арай илүү зонхилсон нам болж байна. Үүсгэн байгуулагчдын хурлаар намайг намын даргаар сонгосон, дараа нь төлөөлөгчдийн танхим анх удаа хуралдсан. 34 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, 12 хүний бүрэлдэхүүнтэй үнэт зүйлийн зөвлөл байгуулж, ерөнхий менежерээр Б.Батмагнайг сонгосон. Мөн намын бүртгэгчийг сонгосон байгаа. Энэ нь ямар үүрэгтэй албан тушаалтан бэ? гэхээр намын гишүүдэд аливаа зарыг бүрэн хүргэх, гишүүд эрхээ бүрэн эдлэх боломжоор хангах, сонгох сонгогдох эрхийг нь баталгаатай эдлүүлэх зорилготой албан тушаал байгаа. Өөрөөр хэлбэл системд бүртгэгдсэн бүх хүнийг алдалгүй зөв мэдээлэлд хамруулж, хэн нэгэн гишүүн аливаа нэгэн мэдээлэл авахыг хүсвэл хэнийг ч орхигдуулахгүй мэдээллээр хангах, дотоод ардчилал, дотоод мэдээллийг түгээх системийг зөв ажиллуулах үүрэгтэй бөгөөд уг албан тушаалд М.Хатантуул гэж хурлын даргаар ажилласан бүсгүй маань сонгогдсон байгаа. Ер нь бол дандаа 1990-ээд оны залуучуудтай шинэ намын ажлын гараагаа эхэлж байна даа.
Ер нь бол Монголд нам дутаагүй. Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын тоо хэдийнээ 30 гарчихсан. Иргэний Оролцооны Нэгдэл Нам Монголын улс төрд яг юу авчрах юм бэ?
Монгол улсад нам илүүдэх үү? дутах уу? гэдэг асуултанд эхлээд хариулья. Аливаа улстөрийн нам нийгэмд сайн сайхан өөрчлөлтийг авчрах ёстой. Монгол Улсад маань сайн сайхан зүйл илүүдэж байна уу? Эсвэл дутаж байна уу? Монгол Улс хэтэрхий сайхан улс болчихсон юм уу? Эргэн тойрноо, амьдралаа харах хэрэгтэй. Үнэхээр бидний амьдрал хэтэрхий сайхан болчихсон, өөрчлөх зүйл байхгүй болчихсон үед улстөрийн нам хэрэггүй ээ гэж хэлэх юм бол би ч үүнтэй бардам санаа нийлнэ. Гэвч өнөөдөр эргэн тойрон засах залруулах зүйл маш их, амьдрал хүнд, орлого бага, үүний төлөө дуугарах хүн цөөн байгаа бол улстөрийн нам дутаж байна гэсэн үг. Ажлаа сайн хийж чадахгүй байгаа бол нам дутаж байна гэсэн үг. Ажлаа сайн хийхийг шаарддаг нам дутаж байна шүү дээ. Тэгэхээр хөргөгчөө онгойлгоод үз, амьдралаа эргээд хараад үз. Хашаа байшингаа, эргэн тойрноо ажиглаад үзье.
Хүмүүс диваажин шиг сайхан амьдарч байгаа бол нам байгуулах ямар ч шаардлага байхгүй. Харин өөрчлөх зүйл маш их байна гэж санал нийлсэн хүмүүс чөлөөтэй эвлэлдэн нэгдэж болно. Хүмүүс өөрчлөлтийн төлөө л нэгддэг шүү дээ. Байгаа зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун бол хүмүүс ахиж нам байгуулах тухай санаа зовохгүй.
Тийм учраас нам дутаж байгаа, эсвэл илүүдэж байгааг бидний халаас, бидний амьдрал, бидний байгаа орчин өөрөө хэлээд өгнө. Өнөөдөр байгаа олон намууд ийм өөрчлөлтийг хийж чадаагүй учраас бид эвлэлдэн нэгдэж байна. Манай намд орон зай байна, хийх ажил их байна.
Хэдийгээр өөр нам байгуулсан ч гэсэн та амьдралынхаа 30 орчим жилийг зарцуулсны хувьд Ардчилсан Намд болж буй үйл явдлыг ажиглаж л байгаа байх. С.Эрдэнэ даргатай, О.Цогтгэрэл даргатай гэх хоёр тал одоог хүртэл учраа олоогүй л явна. Ардчиллын зарим лидерүүд бүр эртхэн үзэл бодлоороо салаад тус тусдаа намаа байгуулаад явах хэрэгтэй гэж ярих боллоо. Энэ талаар таны бодол ямар байна?
Миний хувьд бодох юмаа бодоод, гаргах шийдвэрээ гаргачихсан шүү дээ. Үйлдлээрээ би харуулж байгаа. Би засаж залруулж дийлэхгүй болсон учраас цаг хугацаагаа хэмнээд, өөрийн бүх цаг зав, хүч хөдөлмөр, оюун ухаанаа залуучууддаа зориулна гэдгээ ил тод хэлээд, үйлдлээрээ үзүүлээд явж байна. Тийм учраас надаас нэмж тайлбар гарахгүй болов уу. Энэ асуултанд би үгнээс илүү үйлдлээрээ тайлбарлаж, хариулж байна гэж хэлмээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон. Үүнийг та юу гэж дүгнэж байна?
Эрх чөлөөт нийгэмд хувь хүн юу ч хийж болно. Олимпын алтан медальт Японы тамирчин зайрмаг зарж байна гэж бахархаад байгаа мөртлөө Ерөнхийлөгч байсан хүн зөвлөх болчихлоо гэж яагаад шүүмжлээд байгаа юм бэ? Яагаад болохгүй гэж? Хувь хүнийхээ хувьд чаддаг, мэддэг зүйлээрээ хэн ч хэнд ч зөвлөх эрхтэй гэж би бодож байна. Тийм учраас энэ асуудалд надад ямар ч шүүмжлэл алга. Бид эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаадаа, хүмүүс эрх чөлөөгөө эдэлж байгаад нь талархаж хандаж байх ёстой. Тийм учраас яагаад болохгүй гэж?
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлснийхээ дараа иргэдэд, нийгэмд хандаж хийх эхний ажил нь юу байх вэ?
Бидэнд бодож төлөвлөсөн хэд хэдэн төсөл хөтөлбөр бий. Үүсгэн байгуулах хурлаараа 10 заалт бүхий хөтөлбөр баталсан. 10 дахь заалт нь Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам нийгэмд сайн сайхныг уриалагч, сайн сайхан үйлсийг дэлгэрүүлэгч нам байна гэдгээ онцолж тусгасан. Ямарваа нэгэн сонгуульд оролцохгүй нэлээн удах байх. Тийм учраас нийгэмд өөрсдийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийнэ. Мэдээж энэ ажил Дээд шүүхэд бүртгэгдсэний дараа идэвхижнэ. Мөн улстөрийн хувьд байр сууриа илэрхийлж эхэлнэ. Баруун төвийн үзэл баримтлалын үүднээс төрийн бодлогод анализ хийж, ямар чиглэлийн бодлогыг бид төрд дэмжих вэ? гэдгээ илэрхийлж, мэдэгдэл хийнэ. Гишүүдийн хийх өдөр тутмын бодит ажил бол сургалт байх болно. Шинэ нам байгуулагдаж, хүмүүс элсэн орж байгаа үед үзэл санаагаа нэгтгэх, гишүүдээ нэг зүгт харуулах нь намын хийх ёстой гэрийн даалгавар.
Нам байгуулагдсан эхний 2 жилийн ажил бол өөрсдийгөө төвхнүүлэх байдаг шүү дээ. Тийм учраас өөрсдийгөө төвхнүүлэх, үзэл санааны хувьд нэгдмэл болох, институцийн соёлыг төлөвшүүлэх зэрэг ажлууд дээр маш их цаг зарцуулна.
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам баруун төвийн үзэл баримтлалтай нам бололтой?
Тийм. Бид дүрмээрээ баруун төвийн чиг баримжаа бүхий гэж намаа тодорхойлсон байгаа. Баруун төвийн чиг баримжаатай намын гол онцлог нь бага мөнгөөр үр ашигтай ажиллах.Хэт үрэлгэн зардал гаргахгүй байх тал дээр маш их анхаардаг. Айлд өмч хөрөнгөндөө хямгатай, харамчдуу, төсөв санхүүгээ яг зөв зүйлд нь зарцуулдаг, илүү зүйлд мөнгө гаргадаггүй, ариг гамтай нэг гишүүн байдаг шүү дээ.
Манай намын хувьд Монголын төрд тэр хүүхэд нь байя гэж бодож байгаа. Амласан зүйлээ хийдэг, чадахгүй юмаа амладаггүй, ийм баруун төвийн сонгодог үзэл санаагаар нэгдэж байгаа. Энэ үзэл санаагаар хурдан хугацаанд амжилтанд хүрдэггүй. Танд 1 сая төгрөг өгье, 2 сая төгрөг өгье гэж үрэлгэн байдлаар ханддаг хүмүүс хурдан хугацаанд амжилтанд хүрдэг. Намын залуучууддаа яг энэ өгнө, тараана гэдэг улстөрийн намуудын эсрэг урсгалаар явж байгаа шүү гэдгээ анхнаас нь хэлж байгаа. Тийм учраас хүмүүс амархан дэмжихгүй байж магадгүй. Гэхдээ бид олон хүүхэдтэй айлын хамгийн хэрэгтэй хүүхэд нь байна гэдэг үзэл санааг залуучуудтайгаа ярьж байна. Монголын төрд үнэхээр ийм үзэл санаа хэрэгтэй байна гээд, яг энэ үзэл санааг дэмждэг хүмүүс манай намд орж ирж байгаа.
Иргэний Оролцооны Нэгдэл намыг дэмжиж буй, магадгүй сонирхож ажиглаж буй иргэдэд хандан та юу гэж хэлмээр байна?
Бидний хувьд төр бага төсвөөр, хямгатай ажиллах ёстой гэдэг үзэл баримтлалтай. Хэн орлого авчирч, хэн гол өөрчлөлтийг хийх юм бэ? гэж асууж магадгүй юм. Тэгвэл манай намын нэг чухал үзэл баримтлал нь хувийн хэвшлийг дэмжих, хувь хүний оролцоог дэмжих. Хувь хүн өөрөө орлогоо бий болгож ажлаа хийхэд нь таатай орчныг бий болгохын төлөө манай нам явна. Аливаа хуулийн төсөл, бодлогыг өргөн барихдаа энэ ажлыг хувийн хэвшлээр яаж хийлгэх вэ? Хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч хийх вэ? гэдэг асуудлыг үргэлж харна. Ажил хийх, өөрийн оролцоотой байх, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор улсаа хөгжүүлэх ёстой гэдэг итгэл үнэмшилтэй хүмүүс Иргэний Оролцооны Нэгдэл Намд нэгдэхэд маш амархан.
Гар утасныхаа аппликейшн татаж авах хэсэг дээрээ “Иргэний оролцоо” гэж бичээд, гарч ирсэн аппликейшныг татаж аваад, өөрөө өөрийгөө бүртгэх замаар эвлэлдэн нэгдэж байгаа. Иргэний Оролцооны Нэгдэл Намд нэгдэхийн тулд иргэн бүр өөрийгөө бүртгүүлэх учир ямар нэгэн өөр намын фракц, хэсэг бүлэг орж ирэх ч юм уу, хэн нэгэн хүнээр татуулж, чангаалгаж орж ирэх боломжгүй.
Манай намд иргэд эвлэлдэн нэгдэх эрх нь чөлөөтэй. Эвлэлдэн нэгдэж орж ирсний дараа мэдээлэл авах эрх нь чөлөөтэй. Утсан дээрээ татаж авсан аппликейшн дотор манай намын дүрэм хөтөлбөрүүд бүгд байж байгаа. Дээд Шүүхэд бүртгэгдсэний дараа бүх гишүүд дэмжигчиддээ, мөн манай намыг сонирхож байгаа хүмүүстээ зориулж веб сайт ажиллуулж эхэлнэ.Тэр веб сайтад намын дансны мэдээлэл гэх мэтчилэн бүх мэдээллээ нээлттэй байршуулна. Тэндээс намын үйл ажиллагааг, санхүүг ажиглаж болно. Мөн намын дүрмийг үзэж танилцаж болно. Эвлэлдэн нэгдэх үйл явцыг ажиглаж болно. Энэ мэтээр бүрэн нээлттэй байдлаар ажиллах болно.
Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Sonin.mn сайтын хамт олонд ч баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
sonin.mn
zochin · 2021/09/14
yooyo bilichij boldogguin bhdaa