Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхныхаа гадаад томилолтоор хоёр хөрш рүү бус НҮБ руу "нисэв"
2021/09/21
...Ер нь бол Монгол Улсын өмнөх таван Ерөнхийлөгч анхны гадаад томилолтоороо голдуу хоёр хөршдөө очсон байдаг. Тэгвэл У.Хүрэлсүх хоёр хөршөөсөө өөр зүгт “ниссэн” эхний Ерөнхийлөгч болж байна.
Өөрөөр хэлбэл, анхны Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-д, дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-д, тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д анхны гадаад айлчлалаа хийж байжээ.
У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван сар болж байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Тамгын газраа эмхэлж, зөвлөхүүдээ томилох зэргээр “ойр зуур”-ын ажил эмхэлж байгаад өнгөрсөн бямба гариг /2021.9.18/-т АНУ-ын Нью Йорк хот руу нислээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаа юм. Уг чуулган энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед болж буй. Өмнөх 75 дугаар чуулган өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдсан. Харин энэ удаад энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцож байна. Тиймээс тэнд хэлэлцэх асуудлууд ч цар тахлын хүндрэлтэй холбогдож байгаа юм.
Тухайлбал, коронавируст цар тахлын эсрэг вакцины хуваарилалттай холбоотой асуудлыг онцгойлон хэлэлцэнэ. Түүнчлэн Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган хуралдаж буй энэ өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс зарим улс орны Засгийн газарт хандаж сургуулиудыг аль болох хурдан нээхийг уриалан “...Алдах эрхгүй цаг хугацаа” үзүүлэнг зохион байгуулж байгаа ажээ.
Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал чуулганд оролцогчдын хэлэлцэх гол сэдэв юм байна. Мөн маргааш Дурбаны тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн 20 жилд зориулсан дээд түвшний уулзалт болно.
Ерөнхий санал шүүмжлэлийн сүүлчийн өдөр цөмийн зэвсгийг бүрэн устгахын төлөөх тэмцлийн олон улсын өдөрт зориулсан өндөр түвшний уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд үүнтэй холбоотой, мөн олон улсын бусад тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганыг болж буй энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ хэмээх их айлын нэг эд эс болоод 60 жилийг үдэж буй улсын Төрийн тэргүүний хувьд анхны гадаад томилолтоо уг чуулганд оролцохоор болсон бололтой. Нөгөө талаас, энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны гадаад томилолт болж байгаа юм. Уг нь түүнийг энэ сарын 2-ны өдөр ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад биечлэн оролцоно гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ тэрбээр цахимаар оролцсон.
Ер нь бол Монгол Улсын өмнөх таван Ерөнхийлөгч анхны гадаад томилолтоороо голдуу хоёр хөршдөө очсон байдаг. Тэгвэл У.Хүрэлсүх хоёр хөршөөсөө өөр зүгт “ниссэн” эхний Ерөнхийлөгч болж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, анхны Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-д, дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-д, тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д анхны гадаад айлчлалаа хийж байжээ.
Дашрамд сонирхуулахад, гурван жилийн өмнө 2018 оны яг энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар АНУ-ын Нью Йорк хотноо албан ёсны айлчлал хийж байв. Тухайд үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай уулзаж байв.
Түүнээс гадна Монгол Улс, АНУ-ын Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцсон.
Мөн тэр айлчлалын хамгийн том үйл явдал нь АНУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор олгож буй буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурж байсан юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
zochin · 2021/09/21
Taalagdaj BNA amjolt khbsie