ЖДҮ-гийн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна
2021/09/29
УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн оролцсон ЖДҮ-гийн хэрэг 2018 оны сүүлчээр илэрсэн. Энэ хэргийг АТГ шалгасан.
Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан. Улмаар шүүхээс тухайн үеийн УИХ-ын хэд хэдэн гишүүн, сайдад ял оноосон байдаг.
Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг 2020 оны наймдугаар сарын 4-ний өдөр шүүсэн. Шүүхээс Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг мөн оны наймдугаар сарын 19-ний өдөр шүүж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрийг гаргасан.
Бас УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны долдугаар сарын 29-нд болж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2020 оны наймдугаар сарын 11-нд шүүхээс 2.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хассан.
Ингэж анхан шатны шүүх шийдэж байлаа. Тэд давж заалдаж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар заримынх нь ялын байдал хөнгөрч, өөрчлөгдсөн байдаг.
Харин ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон УИХ-ын бусад гишүүн, албан тушаалтнууд ямар нэг хариуцлага хүлээлгүй үлдсэн гэх ойлголт нийгэмд байдаг.
Тэгвэл энэ хэргийг мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Тодруулбал, яг одоо АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтад өнөөгийн нэр бүхий УИХ-ын гишүүд, түүн дотор АН-аас сонгогдсон гишүүд хүртэл байгаа юм байна. Мөн тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, өдгөө төрийн өмчит компани толгойлж байгаа эрхмүүдийн нэр ч дуулдаж байна. Удахгүй ийм хэргүүд шүүхэд шилжиж, мэдээлэл нь олон нийтэд ил болох бололтой.
Б.Дамдин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин