Я.Содбаатар: Тэрбум мод тарихад жил бүр ДНБ-ий нэг хувиас доошгүй хөрөнгийг зарцуулна
2021/10/04
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр болж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орнуудын нэг.
Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд бодлого, стратеги гарган ажиллах
- Жил бүр ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах
- Ойн агентлагийг сэргээн байгуулах
- Халамжаас хөдөлмөрт чиглүүлэх цогц бодлогын хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачлагыг дэмжих
- Иргэн аж ахуй нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах, энэ чиглэлээр үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх
- Нэг тэрбум мод хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр болон хувийн хэвшлийг хангах
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор экологийн боловсролыг олгох зэрэг чиглэлүүдийг Засгийн газарт өглөө.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монголын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн байна гэдэг тооцоо судалгаа байна. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадвал цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 120 сая га талбайг дөрвөн хувиар бууруулж чадна. Ойгоор бүрхсэн талбайн хэмжээ одоогийн байдлаар 7.9 хувьтай байгаа. 2030 он гэхэд энэ тоог 9 хувьд хүргэх зорилготой байна. Тэрбум мод тарихад ДНБ-ийн 1-ээс багагүй хувийг зарцуулахаар тооцоолж байна. 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулах тооцоолол гарсан. Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024 он буюу бэлтгэл үе шат, 2024-2026 он буюу эрчимжүүлэх үе шат, 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх үе шат гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.