МAH-ынхан Cонгинохайрханы сонгогчдыг сонгиногүй цуйвангаар л хуурч байна даа
2021/10/11
Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болж байна. Үнэн хэрэгтээ энэ сонгуулийг эрх баригч МАН тоохгүй байна. Хөдөөний оркууд дүүрсэн ядуу хорооллынхноос ганц суудал авсан ч яалаа, байсан ч яалаа хэмээн үл тоомсорлож байна. Сонгуульд энэ нам ингэж оролцдоггүй, ясаа цайтал үзэлцдэгийг монголчууд мэднэ.
Гэтэл энэ удаад тийм биш байна. Сонгинохайрханчуудыг МАН-ынхан дорд үзэж байгаа нь өнөөдөр нийгэмд болж буй бүх үйл явдлаас харж болно. Өнөөдөр гэхэд нийслэлчүүд бензин дээр зодолдож байна. Шатахуун түгээгүүрийн гадаах оочер нийслэлийн түгжрэл болтлоо хүндэрч, оочероо булаалдсан иргэд хоорондоо нүдэлдэж байна. Картын барааны үед бидний монголчууд хэрдээ ёс зүйтэй, нийтээрээ хүлээцтэй, нийгэм огт өөр нийгмээр солигдсоныг ухамсарласан сэтгэл зүйтэй байж. Одоо бол зөвхөн литр бензиний төлөө нэгнээ алахад бэлэн харгис харчуул дүүрэн байна. Бас сайжруулсан түлшинд дээр алалцаж байна. Бодит амьдрал дээр гэрийг нь дулаан байлгах түлш нь бензин шатахуунаас илүү амин чухал юм. Ар гэрт нь насан өндөр аав ээж, нялх балчир үрс, бие давхар эмэгтэй, бие нь өвдсөн хүмүүс... ганц минут ч хүйтэн суух боломжгүй. Дээр нь ковид бол хөргөгчний хүйтэн агаарт хүндэрч буй өвчин. Ийм эмзэг цөвүүн цаг үед нийслэлийн 200 мянган өрхийн халуун түлшийг таслав. Монголын ард түмэн нийслэлдээ даарч эхэллээ. Өнөөдөр Монголд цар тахалын халдвар авсан иргэдийн тоо даруй 300 мянга хол давж бүтэн зургаа аймгийн төвийн иргэдийн тооноос давлаа. Өвөрхангайн төв Арвайхээрт 40.000 мянган хүн л амьдардаг юм шүү дээ, тэгэхээр бараг долоон аймгийн төвийн иргэд цар тахалд нэрвэгдлээ, үхэж байна. Дээр нь эмнэлгийн ор, эмчийн хүрэлцээ тэг зогсолт хийв. Эмнэлгийн үүдэнд тортой хувцас, эмийн бичгээ барьсан иргэн суугаагаараа нас барлаа. Ингэж үхэхгүйн тулд иргэд ар өврийн хаалгаар, авлигыг нь өгөөд ч болтугай эмнэлгийн бараа харахын тулд гэртээ байгаа мөнгөн аягаа бариад ломбардны үүдэнд оочерлож байна. Эмнэлэгт хэвтэхийн тулд эхлээд ломбарданд дугаарлах болжээ. PCR-ын шинжилгээнд хөгшин хөвөө, хүүхэд залуусгүй жагссаар удлаа. Тэдний оочер дугаарыг цагдаагийн хүчээр зохицуулж байна. Өнөөдрийн бодит үнэн ийм.
Энэ бүгдийг зөв зохион байгуулах үүргийг төрийн нэрийн өмнөөс хүлээсэн Уул уурхайн сайд Г.Ёндон “Та нар яах гэж банкаа шатахуунаар дүүргэсэн юм, тэгээд хомсдож байна” хэмээн ард түмнээ загнаж суух юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд нь “Эмнэлгийн орыг би хуваарилна” гэж яамандаа татаж аваад дээд түвшнийхний авлига болгочихлоо. Эмнэлгийн ор хуваарилдаг Эрүүл мэндийн сайд гэж энэхүү дэлхий дээр би лав дуулаагүй юм байна. Энэ бол энэ салбарын цэвэр дампуурал. Н.Тавинбэх гэж тарцарсан сайдын хэлж ярьж байгааг харж байна уу. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгвөл хэн гэдэг амьтан болохоо шууд мэдрүүлчих нэгэн болохоор сценарийн дагуу, бэлдсэн яриа хэвлэлд өгч түүгээрээ Монгол Улс эрчим хүчний диваажин болсон шахуу юм хуцаж байна. Хэдхэн сарын өмнө Төвийн эрчим хүчний нэг шугаманд дээр том даавуу салхинд хийсч ирээд тохогдоход масс үүссэн нь Монгол Улс нийтээрээ цахилгаангүй болж хэсэгтээ харанхуй байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Ийм эмзэг, хүн үнэмшимгүй, хөгийн Эрчим хүчний бүтэц тогтолцоотой, үүнийг сайжруулахын төлөө юу ч хийж чадахгүй сууж байгаа хүн шүү дээ. Түүний ганц ам тагладаг нь “Эрчим хүчний үнийг чөлөөлнө” гэх байх. Тэгээд чөлөөлөөч дээ. Тийм эр зориг, тооцоо судалгаа, хувь улстөрчийн нэр нөлөө байна уу... Энэ байдлаараа бол энэ өвөл Монгол Улсын нийслэл бараг хөлдөх байх. Зуслан дээрээ гэр бэлдэж, У.Хүрэлсүхийн сонгуульд тараагаад хаячихсан үйлдвэрээс бага сага нийлүүлсээр байгаа Таван толгойн түлшээс зусландаа нөөцлөх хэрэгтэй.
Ийм эмгэнэлтэй байдалд Монголын ард түмнийг оруулахгүй байх боломж эрх баригч МАН-д хангалттай бий. Ялангуяа Сонгинохайрханы нөхөн сонгуульд ялалт байгуулахын төлөө тэд бүгдийг хийж, ард иргэдээ амгалан байлгах ажлыг сонгуулийн санал өгөх өдөр хүртэл хийгээгүйд гайхан сууна. Гайхах зүйлгүй дорд үзэж байгаа хэрэг л дээ, сонгинохайрханчуудыг. Нийслэлийн энэ дүүргийг нэн дорд үзсэн, Н.Энхбаярын амыг хааж хүүг нь сонгуульд нэр дэвшүүлсэн нэр зүүж буй л хэрэг.
Сонгинохайранчууд аа!!! Та нарыг эрх баригч МАН ингэж л доромжилж байна. Сонгинохайрхан бол сүүлийн хэдэн сонгуулиар час улаан дүүрэг болсон нь үнэн. Сонгууль болгоноор МАН-ыг сонгочихоод хамгийн ядуу дүүрэг хэвээрээ хоцордог. УИХ-ын 2020 оны сонгуульд сонгинохайрханчууд Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин гэсэн МАН-ын гурвыг сонгосон. Нэг гишүүн нь сул гишүүнээ голж сонгинохайрханчуудын сонголтыг уландаа гишгэн хаяад явсан. Сонгосон нэг эмэгтэй гишүүн нь чуулганы танхимд дээлийн өнгө, хээ хуар ярьсан шигээ хээнцэрлэж суугаа. Тэр байдлаараа бол энэ бүсгүй хөдөөгийн оркуудын дүүрэг гэх сонгинохайрханаас сонгогдсондоо ичиж суудаг байх. Нөгөө нэг гишүүн болох Н.Учрал нь Сонгинохайрханы иргэдийг компани дээрээ цуглуулчихсан, туслахуудаараа цуйван хийлгэн дүүргийн иргэдийг хооллож, түүнийгээ лайваар нийгэмд цацан тохуурхаж байгаа нь монголчуудын эгдүүцлийг төрүүллээ. Цуйван идэж суусан Сонгинохайрханы сонгогч нэгэн буурал “Хүү минь ээ, энэ цуйван чинь сонгиногүй юм байна” гэж хэлж байгаа харагдана. Тэрхүү сонгинохайрханчуудын цуйвандалтаас үүдэн “МАН-ынхан Сонгинын сонгогчдыг сонгиногүй цуйвангаар хуурч байна” гэсэн яриаг нийгэмд гаргалаа. Энэ удаагийн нөхөн сонгуулиар Сонгинохайрханчуудад зориулсан МАН-аас хийгдэж байгаа ганц ажил Н.Учралын энэхүү “Сонгиногүй цуйван ажиллагаа” л байх.
Эдгээр нөхдүүдийн дэргэд Эрдэнийн Бат-Үүл бол том улстөрч юм. Тэр наад зах нь “Гэр хорооллыг барилгажуулъя” хэмээн том ажлыг эхлүүлсэн хүн. Сонгинохайрхан дүүргийг хотын төв болгоё хэмээн Нийслэлийн төр захиргааны төв байрыг Сонгинохайрхан дүүрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргаж байсан хотын захирагч. Э.Бат-Үүлийг ингэж зорьж тэмцэж явсан он жилүүдээс хойш Сонгинохайрханд юу хийж гийгүүлэв. Баянхошууны амьдрал яг бахь байдгаараа. Энд тэнд хэдэн байшин барилга баригдсаныг эс тооцвол. Иргэдийнх нь амьдрал бараан, гудамж талбай нь шороо тоосонд дарагдаж, зэгэл саарал өнгөтэй. Уг нь Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар УИХ-д гурвантаа сонгогдсон тойрог шүү дээ. Тус тойргоос Н.Учрал гэхэд хоёр удаа сонгогдсон. Лавтайяа Д.Сумъяабазарын хөрөнгө оруулгын мэдүүлэгт 1.9 тэрбумын орон сууцанд амьдардаг гэж. Ийм үнэтэй байшин байтугай халамжийн төв ч энэ дүүрэгт байхгүй. Э.Бат-Үүл Сонгинохайрханыг хотын төв болгоё, нийслэлийн төр захиргааг Ханын материалд нүүлгэн шилжүүлье, гэр хорооллоо барилгажуулъя л гээд шийдвэр гаргаад явж байсан бол тэндээс өнөөдөр сонгогдсон Д.Сумъяабазарын зүгээс Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргасан байх жишээтэй. Э.Бат-Үүлийн тооцоолсноор Сонгинохайрханд хотын шинэ захиргаа нүүгээд очсон бол тэр хавийнхны газрын үнэ өсч, эдийн засгийн эргэлтэд орох боломж наад зах нь байсан юм. Одоо бол Сонгинохайрхан Улаанбаатарын хамгийн олон хүн амтай, хөгжил муутай, ядуус ихтэй дүүрэг байна.
Сонгинохайрханчуудыг эрх баригч МАН-ынхан “Оркууд” гэж үздэг нь энэ бүхнээс ил байна. Үнэн хэрэгтээ Сонгинохайрханчууд бол хот-хөдөө гэсэн хоёр өөр орчинд ажиллаж, амьдраад үзчихсэн. Амьдрахын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрч дүүрэг. Тэд нэг их сонгиногүй цуйвангаар сонголтоо худалдаад явах ард түмэн ч биш. Ганцхан эрх баригч МАН л энэ дүүргийг хүчээр ядуу байлгаж, түүгээр нь барьцаалан улс төрд ашиглаж ирсэнд эмгэнэл байгаа юм. МАН-ынхан одоо энэ дүүргийнхнийг ингэж дорд үзэн доромжлохоо зогсоо. Сонгинохайрханчууд та бүхэн ч гэсэн ингэж доромжлуулж, дорд үзүүлж суухаа боль. Ингэж доромжлуулан доромжлуулан МАН-ын төлөө саналаа өгөх шаардлага байна уу.
Та нарын төлөөлөн болон УИХ-д суулгахаар өрсөлдүүлж байгаа Э.Батшугарын төлөө МАН-ын зүгээс хийж буй байгаа хоёрхон акцын нэгдүгээрх нь сонгиногүй цуйвангаар ахмадуудыг чинь дайлж, түүнийгээ лайвдсан доромжлол. Нөгөөх нь Э.Бат-Үүлийн эсрэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэмээн гурван шатны Шүүхээр ял авсан авгайг телевизийн дэлгэцийн өмнө суулган түүний эсрэг яриулсан явдал. Алуурчин хэмээн ял авсан авгайг Ажлын хэсгийн зөвлөх нь шахуу байсан дүрд тоглуулан Э.Бат-Үүлийн эсрэг ашиглалаа. Энэ хүний ёсонд байж болох үйлдэл мөн үү. Сонгинохайрханчуудын саналыг авахын тулд Та бүгдийг дорд үзсэн хамгийн том доромжлол бол алуурчин хэмээх яллагдсан хүнийг аврагчийн дүрээр та нарын тархинд аваачиж хийх гэсэн оролдлого юм шүү дээ.
Б.НЯМАА