"Гаднын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж буй жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн хандлагыг өөрчлөх хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй"
2021/10/26
УИХ-ын Тамгын газар, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран “Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 35 гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж байна. Энэ тоо бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд маш том анхааруулга өгч байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үл ялгаварлан хөрөнгө оруулалтыг татах, мөн хандлагаа өөрчлөх цаг болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.
Тэрбээр “Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд Засгийн газраас 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 24 улстай “Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг байгуулсан.
Гэсэн ч хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад эрх зүйн баталгаа олгох, дэмжих, хөрөнгө оруулалтын үр ашгийг илүү шинэ түвшинд гаргах нь чухал болоод байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ 2016 онд 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 3.1 тэрбум буюу сүүлийн 8 жилийн дээд түвшиндээ хүрч, харин 2021 оны байдлаар бараг 3 дахин буурч, 1.3 тэрбум ам.долларт хүрээд байна.
Манайд оруулсан хөрөнгө оруулалтын үнэмлэхүй дийлэнх хэмжээ буюу 70 хувь нь уул уурхайд ногдож, худалдаа үйлчилгээний салбар 17 хувийг эзэлж байх жишээтэй.
Улсын Их Хурал, Засгийн газраас уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн загварыг өөрчилж, олон хэвшилтэй болгох, үүний тулд юуны өмнө хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлж, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхийг чухал зорилтоо болгон дэвшүүлээд байгаа.
Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх асуудал нь аль нэг улсын иргэдийг Монголд олноор суурьшуулах, тэдэнд баялгаа найр тавин өгөх тухай асуудал биш юм. Энэ бол дутагдаж буй хөрөнгийн эх үүсвэрийг олж бүрдүүлэх, бусадтай дэлхийн жишгийн дагуу эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах, эцэст нь үр өгөөжийг нь улсынхаа хөгжил, иргэдийнхээ ирээдүйн сайн сайханд зориулах тухай асуудал юм.
Монгол Улс малын гаралтай түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулах хэрэгтэй байна. Зэсээ, алтаа, нүүрсээ баяжуулах хэрэгтэй байна. Экологийн хувьд эрүүл, монгол хөрс шороонд ургасан хүнсний ногоог дэлхийн зах зээлд гаргамаар байна. Үйлдвэрлэлээ экспортын чиг баримжаатай болгомоор байна. Дэлхийн түвшний шинэ техник, технологийг эзэмшмээр байна. Улмаар төмөр зам, авто замаа байгуулж, эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангах цаг болсон” гэв.
Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна. НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишра Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт жилээс жилд буурч байгаад дүгнэлт хийж, эрх зүйн шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудад Монгол Улс хүрэхийн тулд хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал гэдгийг мөн тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа дэлхийн 118 улсад гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд босго тогтоодоггүй жишиг байдгийн хэлээд хуулийн шинэчлэл хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татаж, эдийн засгаа сэргээхэд чиглэж байгааг онцоллоо.
Бизнес хийх гэсэн биш хэрэгтэн болоод хувирчихдаг
Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сүүлийн 2 жилийн хугацаанд 571 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байгаа. Монгол Улсын хувьд хөрш хоёр орноос гадна гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байж, эдийн засагт цус сэлбэнэ гэж үзэж байгаа. Жишээлбэл, Казахстан улс гадаадын хөрөнгө оруулалтыг шууд татах хуулийг баталсан. Энэ хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. 2020 онд 3.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан, 35 хувиар хөрөнгө оруулалт нэмэгдсэн.
Тус улсын хувьд гадаадаас хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүддээ гаалийн татвараас чөлөөлөх. Урт хугацааны санхүүжилтэд Засгийн газраас баталгаа гаргаж өгсөн. Татварын бусад төрлийн урамшуулал, хөнгөлөлтийг гаргаж өгсөн талаар танилцуулав.
Монгол дахь Америкийн худалдааны танхимаас УИХ, Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч нарт ээлтэй байх талаар урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, яаралтай хэрэгжүүлэх, нэгэнт хөрөнгө оруулсан гадаадын компаниудаа дэмжих, хууль эрх зүйн хувьд тогтвортой байхаас гадна урамшууллын бодлого татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай талаар зөвлөмж өгсөн юм.
Хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчинг сайжруулах хэлэлцүүлэгт Америк, Европ, Австрали, Герман, Францын худалдааны танхимын төлөөлөгчид оролцож, манай улсад хөрөнгө оруулахад ямар саад бэрхшээл байдаг талаар болон хөрөнгө оруулалтын ямар боломж буй талаар саналаа хэллээ. Тэд цахим гарын үсгийг ашиглахыг зөвшөөрөх, баримт бичгийн бүрдлийг цахимаар боловсруулах, хүлээн авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг асуудалд анхаарахыг хүсэв.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Өнөөдрийг хүртэл хийсэн алдаагаа бүх түвшинд засаж залруулах зайлшгүй шаардлагатай байна. Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдаасаа уучлалт гуйн хандлагаа өөрчлөхөө илэрхийлсэн. Гадны хөрөнгө оруулалтыг ярихад хамгийн их эсэргүүцэж байгаа нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний газрууд, бизнес эрхлэгчид өөрсдөө эсэргүүцээд байна.
Тэгэхээр бид маш том хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юм байна гэж харж байна. Гадны хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг бол тухайн хүмүүст шинэ соёл, технологи, мэдлэгийг бий болгож, өсөж дэвшихэд нь том орон зай болдог юм гэдгийг ойлгуулахгүйгээр энэ хандлагыг өөрчлөх боломжгүй гэж харж байна. Үйлчилгээний газрууд, зочид буудлууд эсэргүүцэж байсанд нь хувь хүний хувьд харамсалтай санагдсан.
Монголыг зорьж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үнэхээр эрсдэлтэй, том шийдвэр байдаг. Гэтэл гадаадаас орж ирж хөрөнгө оруулалтын эх үүсгэврийг шалгаж байгаа нэрээр банканд 2-3 жилээр гацаадаг. Үүн дээр нь цагдаа оролцдог бодитой жишээ байгаа. Үүнийг гаргаж ярих хэрэгтэй.
Энэ нь гадны хөрөнгө оруулагч нарт дээрэм мэт санагдаж байгаа. Үүнийг болиулахгүй бол болохгүй. Бизнес хийх гэсэн биш хэрэгтэн болоод хувирчихдаг. Мянга хуулиа өөрчлөөд нэмэргүй. Бид хандлагаа өөрчилье. Хөдөлгөөн өрнүүлье. Гаднын хөрөнгө оруулагч нарыг үнэхээр татсан хууль эрх зүйн дорвитой арга хэмжээ авах ёстой" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ