Л.Гантөмөр: Ардчилсан нам боловсрол төвтэй, ажил хэрэгч улс төрийн хүчин байх болно
2021/11/09
Т.АМАРТҮВШИН
Ардчилсан нам Онц их хурлаа хуралдуулж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийг сонгосон. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.
-АН Онц их хураа хуралдуулж, шинэ удирдлагаа баталгаажууллаа. Одоо намын даргатай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож болох уу?
-Ардчилсан намын удирдлагууд ямар ч үед хамтарч ажиллах ёстой. Тэгж байж Монголын төлөө ажиллана. Нам талцах асуудал одоо байхгүй. Нам салж, сарних эсэх асуудлыг АН-ын гишүүд шийднэ. Нам 200 мянган гишүүнтэй. Маргаж буй тав, арав, хамгийн олондоо 20 хүн л байна. Тэгэхээр 200 мянган хүний өмнөөс тэдгээр 20 хүн “зодолдоод” байж болохгүй. Иймд 200 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлэх учиртай. Намын 200 мянган гишүүний төлөөлөл их хурлаа хийж асуудлаа сая шийдлээ. Их хуралд 330 сум, есөн дүүргийн төлөөлөл 95 хувийн ирцтэй хуралдаж, асуудлаа ярилцлаа. Таван хувь нь ирээгүй байх. Тэр хүмүүс өөр бодолтой байж болно. Тэгэхээр улс төрийн намын асуудлыг гишүүд нь л шийднэ. Бид хоёр зарчим баримталсан.
- Нэгдүгээрт, нам нийлж нэгдэх,
- Хоёрдугаарт асуудлаа гишүүдээрээ шийдүүлэх ёстой гэдэгт нэгдсэн. Энэ хоёр зарчмыг тунхаглах хэрэгтэй.
- Гуравдугаарт, залуу үеэ бид хохироож болохгүй. Намын гишүүд, дэмжигчид, залуучуудын буянаар олон жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, дарга хийсэн хүмүүс гишүүдээсээ асуулгүй маргалдаж болохгүй. Одоо намын даргын маргаан дууссан. АН-ын нийт гишүүд хоёр жил дамнасан маргааныг эцэслэсэн. Өмнө нь намаас гаргаж байсан тодорхой шийдвэрүүдийг цуцалж, заримыг нь дэмжсэн шийдвэр гаргалаа.
Тодруулж хэлбэл, цахим сонгууль хүчингүй гэдэг шийдвэрийг намын их хурлын гишүүд дэмжлээ. Намын даргыг сонгох цаасан сонгуулийн шийдвэрээ их хурлын гишүүд хамгаалж, тэр сонгуулиар сонгогдсон даргаа баталгаажууллаа. Тэгэхээр О.Цогтгэрэл дарга нь юм бол М.Тулгатыгаа дэд даргаар томилоод яваач гэдэг саналтай байгаа. Нам нэг даргатай болсон гэдэгт би итгэлтэй байна.
-Улсын Дээд шүүх АН-ын Онц их хурлын шийдвэрийг, тодруулбал намын даргыг бүртгэхгүй байвал хэрхэх вэ?
-АН-ын асуудал шийдэгдэхгүй бол парламент ардчилалгүй болно. Парламент ардчилалгүй бол үймээн, бослого гарна. АН-ын асуудлыг шийдэхгүй бол Монголын төр хохирно. Бослого хөдөлгөөн гарч, үүнийг дагаад цалин, орлого буурна. Үүнийг Монголын төрийн нэг ч зүтгэлтэн хүсэж болохгүй зүйл.
Энэ ярилцлагыг шүүгч нар уншиж байгаа бол АН-ын асуудлыг гишүүд нь мэддэг юм. Гишүүд нь цуглаад асуудлаа шийдсэн зүйлийг шүүх хүлээгээд авчих. Ийм будлианд шүүх оролцож, “ойчиж” ерөөсөө болохгүй. Энэ бол АН-ыг удирдаад явж байгаа хэдэн хүний асуудал биш шүү. Бид маргалдаад суугаад байж болно. Хамгийн гол нь төрийн ордон чинь аюултай байдалд орно гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний хувьд ордонг хамгаалж чадахгүй шүү гэдгээ хэлэх ёстой.-Ардчилсан намын “гал тогоо”-г та удирдахаар боллоо. Ажлаа юунаас эхлэх вэ?
-Хоёр зарчим баримтална. Нэгдүгээрт, ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Хоёрдугаарт, боловсрол төвтэй улс төр хийнэ. Ажил хэрэгч улс төрийн хүчин байхын тулд улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд байнгын судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Судалгаанаас гарч ирсэн датаг ашиглаж маш тодорхой бодлого боловсруулах ёстой. Тиймээс судалгааны төвүүдтэй хамтарч ажиллана. Тэдгээр судалгааны байгууллагуудаа би удахгүй зарлана. Сар болгон судалгаа хийнэ.
Хүмүүсийн амьдрал, сэтгэл санаа, юу хүсэж мөрөөдөж байгаа, ямар шийдвэрийг төрөөс хүсэж буйг нь сонсож, судална. Хоёрдугаарт, АН-ын дэргэд Стратегийн судалгааны хүрээлэн байгуулна. Энэ хүрээлэн Монгол Улсад судалгааны үйл ажиллагаа явуулдаг байгууллага, “Тинк танк” байгууллагуудтай хамтарч ажиллана. Гадаадын судалгааны байгууллагуудтай ч хамтарна. Тодруулбал, бодитой судалгаанд үндэслэж, асуудлын шийдлийг гаргана. Судалгаанаас гарсан дүгнэлтээ УИХ дахь намын бүлгээрээ дамжуулж, хууль тогтоох байгууллага болон Засгийн газраар шийдвэр гаргуулна. Бид ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Манай нам УИХ-д 13 суудалтай. “Чамлахаар чанга атга” гэгчээр байгаа нөөцөө бүрэн дайчлах ёстой. Ярьж биш, бодитой хандаж, асуудлыг шийдэх хуулийн төслийг боловсруулж УИХ-д өгдөг, Засгийн газарт шахалт шаардлага хүргүүлж, санаачилгатай ажилладаг, нээлттэй сонсгол явуулдаг больё гэж байгаа юм. Гуравдугаарт, ажил хэрэгч байхын тулд бусад намуудтай хамтарч ажиллана. Улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд дуу хоолой, бодол санаагаа хүргэдэг намуудтай хамтарч ажиллаж, 2024 онд амжилт гаргах ёстой. Одоо салхи оруулахгүй бол монголчуудын ирээдүй сайн сайхан харагдахгүй байна.
Боловсрол төвтэй улс төр хийнэ гэж дээр хэлсэн. Хүний нөөцийн бодлогоо боловсрол төвтэй суурь баримтална. Хүмүүсээ сургая, боловсруулъя, тэгээд амжилтад хүргэе. Ардчилсан намын үүрэг бол үзэл бодолдоо үнэнч, боловсрол мэдлэгтэй залуу үеэ төрд бэлдэж өгөх явдал юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатар шиг ажлаа хийж чаддаг залуу хүнийг манай нам бэлдэх ёстой юм.
Арын хаалгаар, удам угсаагаараа нөлөөлж төрд очдог биш, мэдлэгтэй нь төрд ажиллах ёстой. Боловсрол төвтэй улс төрийн бодлогыг тодорхойлж, хүний нөөцийн зөв шийдлийг гаргаж, үүнийхээ үр дүнд Монгол Улсын төрийн албаны хүний нөөц шударга, зарчимтай явдаг байдал руу бүрэн шилжилт хийнэ. Бид маш хурдтай явахгүй бол хоцорсон байна.-АН-ын дарга болон таны ард Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нар байна гэдэг хардалт байна. Таныг намын генсекээр ажиллах саналыг хэн тавьсан бэ. Эсвэл та өөрөө санаачилга гаргав уу?
-Би биеэ оторлоод суугаад байсан байхгүй юу. Чи ч гэсэн “Зэвэрлээ. Хэзээ хөдлөх юм бэ” гэж шүүмжилдэг биз дээ. Энэ шүүмжлэл маш олон хүнээс ирсэн. Ялангуяа ахмад гишүүд “Та нар намаа авч яв. Танай үеийнхний цаг ирсэн шүү дээ” гэдэг. Миний хувьд өөрийгөө золиосолж байгаа юм. АН Монголд хэрэгтэй нам. Монгол Улс бүрэн бүтэн байх, тусгаар тогтнолоо алдахгүй байх, хөгжиж дэвших, эрх чөлөөгөө хамгаалж үлдэхэд АН хэрэгтэй. Хүн болгон л өөрийгөө улсын хөгжилд хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ улс төрийн нэгдмэл хүчний хувьд АН улсын хөгжилд хэрэгтэй гэж би үзэж байгаа юм. Ийм учраас би өөрийгөө золиод ирсэн. Надад улс төрийн ямар нэгэн лидер санал тавиагүй. АН-ын сонгогдсон дарга өөрөө санал тавьсан. Энэ саналыг хүлээж авах шалтгаан нь бид ажиллаад үзэх хэрэгтэй гэж бодсон. Түүнээс УИХ-д гурван удаа сонгогдсон хүн хэн нэгний хүн байна гэдэг нь инээдтэй зүйл байхгүй юу.
-Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний ажлаа сайн гүйцэтгэж чадсангүй. Одоо танай нам нэгдсэн учраас хүчтэй ажиллах боломжтой.
-МАН-ын бүлэг 60 гаруй гишүүнтэй. Эрх баригч бүлэгт үйлчилж байгаа нь Засгийн газар. Засгийн газарт олон мянган төрийн албан хаагч үйлчилж байгаа. Засгийн газрын сайд, ТНБД, агентлагийн дарга нар гээд бодлого боловсруулж буй хүмүүс бүгд эрх баригч намын бүлэгт үйлчилнэ. Төрийн бодлогын баримт бичиг, хуулийг нь боловсруулж өгч байна. Хэвлэлээр ярих зүйлийг нь бэлдэж өгдөг.
Гэтэл АН-ын бүлэг яагаад жаахан харагдаад байна гэхээр ард нь үйлчилдэг аппарат алга. Тэгэхээр ажил хэрэгч улс төрийн хүчин байна гэдэг нь УИХ дахь намын бүлгээ босгож ирэхийг хэлж байгаа юм. Бүлгээ бодлогоор хангах, бусад дэмжлэгийг бүлэгтээ үзүүлэх ёстой.
Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг бүлэг дээрээ “хөтөлж очиж”, тэдний дуу хоолойг сонсох ёстой. Бүлгийн гишүүдээ мэдээллээр хангах хэрэгтэй. Бүлгийн гишүүдээ боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзуулж, мэдээллээр хангаж байх шаардлагатай. АН бүлэгтээ үйлчлэхгүй бол бүлэг бидэнд үйлчлэхгүй. УИХ дахь бүлэг маань мэдээллээр дутагдана. Үзэл санаа, үйл хэргээрээ дутагдана. Тэгэхээр бид бүлэгтэйгээ нягт хамтарч ажиллах ёстой.Хоёр намын бүлгийн хувьд хүч тэнцвэргүй нь мэдээж. Тэнцвэргүй тулаан удаан үргэлжилбэл парламентын ардчилал байхгүй болчихож байгаа юм. Нэг тал нь мэдээллийн дэмжлэггүй, нөгөө тал нь бүх талын дэмжлэг, эрх мэдэлтэй. Тэгэхээр АН сөрөг хүчний дуу хоолойг парламентад өгөхийн тулд, сүүдрийн Засгийн газрын түвшинд бодлого, бичиг баримт боловсруулах чадвар чансаатай болох ёстой. Энэ ажлыг богино хугацаанд хийнэ.
-Та Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон дариудаа намынхаа нарийн бичгийн дарга, бүтцээ товч танилцуулсан. Намынхаа бүтцийг хэрхэн бүрдүүлэх бодлого баримталж байна вэ?
-Ажил хэрэгч, боловсрол төвтэй улс төрийн хүчин байхын тулд маш сайн бичиг баримт боловсруулдаг хүмүүсээр багаа бүрдүүлэх ёстой. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг намын Нарийн бичгийн даргаар ажиллахыг урьсан. З.Нарантуяа насаараа банканд ажилласан. Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, УИХ-ын гишүүнээр дөрвөн жил зүтгэсэн. Мөн АН-ын дэд даргын ажлыг хийж байсан хүн. Судлаачдын дунд өөрийн гэсэн байр суурьтай, туршлагатай хүнийг сонгож авч байгаа. Өөрөөр хэлбэл, бидний бодлого боловсруулах ажилд тулж, түшиж ажиллах хүн гэж харж байна. Х.Тэмүүжин гишүүнийг мөн урьсан. Боловсрол төвтэй улс төр, хүний нөөцийн зөв схем, сургалт хөгжлийн асуудалд төвлөрч ажиллах болов уу гэж найдаж байгаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй хамтарч ажиллана. Монголын эдийн засгийг авч явах бизнес эрхлэгчидтэй бид нүүр тулах ёстой. Тэр хүмүүст ямар боломж өгч, дундаж давхаргаа яаж баталгаажуулж, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр хамтарч ажиллая гэж бодоод саналаа тавьсан.Мөн Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх байсан Ч.Өнөрбаярт санал тавьсан. Ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Хуулийн шинэчлэлийн асуудалд залуучуудын дуу хоолой болоод Ч.Өнөрбаяр амжилттай ажиллана гэдэгт итгэж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижирт саналаа хэлсэн. Тэр залуу үеийнхэнд өөрийн гэсэн байр суурьтай, үнэлэмжтэй. Олон нийтийн байгууллагатай ажиллаж сурсан. Иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хэмжээнд ажиллаж чадна. Ажил хэрэгч улс төрийн хүчин байхын тулд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой. Энэ тал дээр Ө.Шижир илүү туршлага хуримтлуулсан гэж бодож байна.
Түүнчлэн манай намын Нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн яамны ТНБД-аар ажиллаж байсан А.Гантулгыг урьсан. Тэр төрийн том бүтцийн өөдөөс ямар бүтэц ажиллах нь зүйтэй вэ гэдэг дээр тодорхой бодлого гаргаж чадна гэж бодож байна. Дахиад би хэд хэдэн хүнд намын бүтцэд орж ажиллах санал тавина. Хүмүүс намайг фракцуудын төлөөллийг татаж байна гэж бодох байх. Гол нь хамтдаа байх нь чухал. Бид салж, сарниад явбал бүгдээрээ алдана. Хамтдаа нийлээд, нягтраад явбал бодож, төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж чадна. Бодож, төлөвлөж, итгэж, үнэмшиж буй зүйлээ ажил хэрэг болгоход АН тусалдаг байх хэрэгтэй. Бидэнд үнэт зүйл бий. Түүнийгээ хамгаалах ёстой.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг хамгаална. Энэ үзэл санаандаа бид бүгд хатуу байр суурьтай байх ёстой. Мөн ардчиллаа хамгаалж, хөгжил дэвшлийн төлөө явах хэрэгтэй.-АН хамтын удирдлагатай болж байна гэж ойлгож болох уу?
-АН хамтын удирдлагатай болно. Дүрмэндээ өөрчлөлт оруулаад, нам нь шийдвэрээ гаргадаг байх шийдэл рүү орно. Бодлого боловсруулахдаа намын удирдах зөвлөлөөр дамждаг байх зарчим руу орохоос өөр аргагүй. Гэхдээ бид АН-ын чөлөөт сэтгэлгээг үлдээх тал дээр анхаарах хэрэгтэй. Хамтын удирдлага руу орно гэхээр хуйвалдаан хийх нь гэж ойлгодог. Хуйвалдаан руу оруулахгүйн тулд чөлөөт сэтгэлгээтэй хүмүүсээ яаж хайрлаж, хамгаалахаа тодорхой болгох ёстой. Чөлөөтэй сэтгэж дуугарч байгаагаа хэрхэн хамгаалах вэ гэдэг нь чухал.
-АН өнгөрсөн хугацаанд хагаралдаж, түүний хэрээр нийгэмд төдийгүй, гишүүдийн итгэл сэтгэл буурсан нь анзаарагдлаа. АН-д итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, үзэл санаагаа хэрхэн түгээн дэлгэрүүлэх вэ?
-Хүн болгонтой ажиллана. Маш тодорхой бодлогуудаа зарлана. Бодлогоо УИХ, Засгийн газрын шийдвэр болгохын төлөө явна. Бидний үйл хэргээс итгэл сэтгэл хамаарна. Бид ямар үйлдэл гаргаж, хэрхэн ажиллахыг ард түмэн хүлээж байгаа. Зүгээр яриад суугаад байх юм бол хэн ч бидэн дээр ирэхгүй. Ямар ч амжилтад хүрэхгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Тиймээс биднийг иргэд ажлаа хий гэж байна. АН-ын хийж буй ажил олон нийтэд таалагдвал “гар бариад” явна. Ажил хийхгүй хойш суувал ард түмэн бидэнд дэмжлэг үзүүлэхгүй нь тодорхой юм.
-Эрх баригч МАН-ын том бүтэцтэй АН хэрхэн өрсөлдөх вэ. Засгийн эрхийг олон жил барьсан, хүний нөөц, хөрөнгө мөнгөний хувьд ч асар зөрүүтэй байгаа нь тодорхой юм?
-Бидний хийх ажил бол МАН-ын хэмжээнд өөрсдийн үйл хэргийг босгож ирэх явдал юм. Тиймээс иргэний нийгмийн байгууллага, улс төрийн бусад намуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Бид хувийн хэвшил, салбар салбарын төлөөлөлтэй хамтарч ажиллах шаардлагатай. Ингэж байж МАН-тай өрсөлдөх хэмжээний хүчийг олж авна. Гэхдээ бид хамгийн түрүүнд гишүүдийнхээ итгэл сэтгэлийг татах ёстой. Иргэдийн итгэл үнэмшлийг татахын тулд, бид боловсрол төвтэй хүний нөөцтэй явна гэдгээ зарлаж байгаа юм.
Манай гишүүд нэг зүйлд итгэх хэрэгтэй. Арын хаалга байхгүй, шударгаар өрсөлдөөд улс төрийн албан тушаалд очно гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарчимтай, мэдлэгтэй, оюун ухаантай хүмүүс нь амжилт үзүүлнэ гэдэгт итгэх ёстой. АН-ын гишүүдийнхээ итгэлийг олчих юм бол дараа нь иргэний нийгмийн байгууллага, бусад улс төрийн хүчнүүдтэй нээлттэй хамтарч ажиллана.-АН бүтэц, хүний нөөцийн хувьд нэмэгдэж, олон нарийн бичгийн даргатай ажиллах юм байна. Тэгэхээр танай нам хаана үйл ажиллагаа явуулах вэ. Нам байрны асуудлаа хэрхэн шийдэх вэ?
-Манай намын газрыг аваад, оронд нь байр барьж өгнө гэсэн хэлэлцээр байдаг юм билээ. Намын газрыг авсан хүмүүстэй дариухан ойлголцох шаардлагатай. Гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлд шахаж ажиллана.
-Улс төрийн намууд цаашид төлөвшиж, улсын хөгжлийг зөв тодорхойлоход эрх зүйн ямар өөрчлөлт хэрэгтэй вэ. Энэ намрын чуулганаар удахгүй Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ?
-Улс төрийн намуудын процесс тодорхой болмоор юм байна лээ. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа процесс нь их тодорхой, маргалдаж буй зүйл нь хэлбийх зүйлгүй хуулиар хамгаалагдсан, хоёр утгагүй шийддэг байх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал зүйл.
Цаашилбал, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой. Намын санхүүжилт шилэн байх хэрэгтэй. Ямар мөнгөөр хэрхэн үйл ажиллагаа явуулсан нь тодорхой байх ёстой. Жишээлбэл, бид Ардчилал хөгжил сан байгуулаад, тэр сангаараа дамжуулж, бодлогын судалгаа хийж, залуучуудад боловсрол олгоход анхаарна. Энэ сангийн үйл ажиллагаа шилэн байх ёстой. Хэн хэдэн төгрөг санд хандивлаад, ямар үйл ажиллагаанд зарцуулсан нь шилэн байх хэрэгтэй. Улс төр, мөнгө хоёр хэтэрхий хутгалдсанаас болоод төрийн үйл хэрэг доголдоод байна. Тиймээс улс төр, мөнгө хоёрыг хутгахгүйгээр яаж цэвэрхэн авч явах вэ гэдгийг Улс төрийн намын тухай хуулиар тодорхой болгох хэрэгтэй.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2021/11/09
nOHOIN BAAS,,,,,,,,,,,,,,,,,,,§§§§§§§§§§§§§§§§§§§§§§