УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан /2021.11.15/ хуралдаанаар шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийж байна.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын ТАВАН хүн олонхын санал аваад байгаа.

УИХ-ын гишүүд дээрх нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дараалал нь жаахан буруу болчихож. 24 гишүүн нэр дэвшээд байхад яагаад тавыг оруулж ирж байгаа юм. Ямар шалгуураар оруулж ирсэн юм бэ. Сүүлдээ УИХ-ын гишүүд кнопчин болж хувирлаа. Уг нь долоог оруулж ир гэсэн юм. Гэтэл тэнцэхгүй байна гэсээр тавыг мухарлаад оруулаад ирж. Би ажлын хэсэгт итгэхгүй байна. Хүний эрхийн комиссын гишүүдийг гаргаснаас хойш надад эргэлзээ төрөөд байгаа. УИХ-ын гишүүний эрхийг бид ажлын хэсэгт шилжүүлж болж байгаа юм уу. Үүнийг С.Бямбацогт гэдэг дарга ахалж болж байгаа юм уу. Ашиг сонирхлын зөрчил гэж харж байна. МАН-ын амьтад аа, та нар гайгүй хуульч байгаа шүү дээ. С.Бямбацогтоор даргалуулснаас хойш би итгэхээ байсан. Наадах чинь худлаа жонхуу болно. Жонхуу болсон нь Эрдэнэчулуун дээр илэрч байна. Би Х.Нямбаатартай хэл ам тар тур гээд байдаг ч үүн дээр санал нийлж байна. Насаараа захиргааны ажил хийсэн хүнийг шүүхийн байгууллагад оруулж ирэхдээ яадаг юм бэ. Нэг хүнд зориулаад хууль өөрчилчихсөн юм байна шүү дээ, Ж.Сүхбаатар аа. Бид ийм амьгүй гишүүд байж болохгүй.

ХЗБХ-ны дарга С.Бямбацогт: Бид томилгооны сонсгол хийж байна. Нэр дэвшигчдийн намтар түүх, ажлын туршлага, мэдлэг боловсрол гэдэг асуултыг асууж нээлттэй хэлэлцэж байгаа. Үүний дараа байнгын хорооны хурал дээр ажлын хэсгээс оруулж ирсэн хүмүүс нь сайн, муу байсан эсэхийг хэлнэ. Олонхын саналаар таван хүн оруулж ирсэн. Байнгын хорооны гишүүд эдгээр таван хүнийг дэмжихгүй ч байж болно гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Таныг шүүмжлээгүй байхад орж ирээд баахан тайлбар хийгээд байх юм. С.Бямбацогт оо хийдэг юм аа хийе. ХЗБХ-ны дарга чамд хавайск. Бараг ахдчихсан юм байхгүй юу. Гэтэл эд нарыг шалгаруулдаг дарга болно гэх юм. Илүү шунал хүний дандаа алдаг байхгүй юу.