Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тал нь намын жагсаалтаар сонгогддог болох ёстой
2021/11/22
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, ХҮН-ын нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайх нар Үндсэн Хуулийн Цэцэд улсын төсвийн мөнгөөр элдэв хөшөө дурсгал барьж, үр ашиггүй цемент зуурдаг байдлыг үндсээр нь зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэхтэй холбоотой асуудлаар хандан, үүнийхээ өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Т.Доржханд: "Дараагийн 100 жилд Монгол улс хөгжих үү? үгүй юу гэдэг чухал асуудлыг өнөөдөр Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргах хэлбэрээр хөндөж байна. УИХ саяхан 2022 оны улсын төсвийг баталсан, маш их алдагдалтай төсөв болсон. Хамгийн сүүлд иргэдийн дургүйцлийг хүргэсэн нэг жишээ бол Зонховын хөшөө байна. Ийм зүйлийг хэрхэвч санхүүжүүлж болохгүй. Ийм төсөв батлагдаж буй шалтгаан бол УИХ-ын гишүүд 76 тойргоос гарч ирж буйтай холбоотой.
Тэр гишүүд чинь дахиж сонгогдохын тулд аль болох өөрийнхөө тойрог руугаа мөнгө хувиарладаг. 30 жил бид ингэж явсан. Үүнээс болж л манай улсын өр нэмэгдэж байгаа. Иймээс энэ асуудлыг углуургаар нь өөрчлөе, үүний тулд УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөе. Гэвч ингэхийн өмнө нэг түгжээг тайлах хэрэгтэй.
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө захиалгаар Үндсэн Хуулийн Цэцэд нөлөөлж, сонгуулийн холимог тогтолцоо байхгүй, зөвхөн мажоритар хэлбэрээр л сонгууль явуулна гэсэн шийдвэр гаргуулсан. Үүнийг нь УИХ хүлээж аваад тогтоол гаргачихсан. Энэ түгжээг гаргахын тулд бид Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гарган, хандаж байна.
Ингэж байж л дахин Зонховын хөшөө шиг зүйлд улсын төсвийн мөнгө зарцуулдаггүй болно. УИХ-ын гишүүдийн ядаж тал нь намын жагсаалтаар сонгогддог болох ёстой. Тэгж байж хөгжлийн төслүүдээ санхүүжүүлдэг болно. Цаашдаа Монгол Улсын 76 жижиг тойрог гэдэг зүйлийг халах ёстой. Мөн УИХ дээр уг тогтоолыг хүчингүй болгох саналыг би УИХ-ын гишүүний хувиар гаргана. Энэ системийг өөрчилж байж л Монгол Улс хөгжинө. Мөн УИХ Засгийн Газарт хариуцлага тооцох боломжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүд Засгийн Газрын гишүүн, сайдаар ажиллах эсэхтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй " гэв.
Зочин · 2021/11/22
элбэгдорж ах нь юу гэх бол оо
Зочин · 2021/11/22
бас санаатай зүгээр л мөрөөрөө бай намын жагсаалтаар хачин юмнууд орж байж монгол улсыг сүйрүүлэх шахсан даа