УИХ-ын гишүүд Монгол Улсад хоноцын сэтгэлээр хандаж байна
2021/11/30
УИХ-ын гишүүд Монгол Улсад хоноцын сэтгэлээр, өөрсдийнхөө ашиг олох объектуудын нэг хэмээн харж, яг ингэж хандаж байгаа нь илт байна. Уул нь тэд ард түмнээ төлөөлөн улсаа удирдаж олсон жоохон татварын мөнгөөр нь улс орноо хөгжүүлэх, сонгосон түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэг зорилготой сонгогдсон хүмүүс юм.
Гэвч хамгийн сэтгэлгүй, чадамжгүй, ажил хийдэггүй хамгийн гол нь ард түмнээ шулж өөрсдөө болон намынхаа эрх барих элит давхаргыг баяжуулах гэсэн УИХ гэдгийг энэ удаагийн парламентын олон зүйлээс харж болно. Өмнөх УИХ-ын гишүүд ард түмнээ монжиж, мөнгө хийж хоноцын сэтгэлээр хандаж буйгаа ядаж нуудаг байсан юм. Сүүлийн парламентын гишүүд нуухаа ч байж. Бүр улаан цагаандаа гарч мөнгө хүүлэгч шиг ажил хийдэг болсон. Хэн ч харсан ойлгогдохоор ард түмнээ хожиж, ард түмнээрээ мөнгө хийж, ард түмнээ шулж байгаа нь ил цагаан болсон. Ард түмнээсээ авсан мөнгөөр тансаглаж, ямар ч үр дүнгүй зүйлд зарж үрж яавал дахин сонгогдох вэ гэж хумсаа мэрэн тэчьяадаж байна.
Хэдхэн жишээ хэлье. Банкны тухай хуулиар хадгаламжийн хүүг бууруулна, ингэснээр зээлийн хүү буурч ард түмэн жаргана гээд ёстой амтай болгон нь л шогширсон, энэ удаагийн гишүүдийн. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг хар. Хадгаламжийн хүү 14 хувиас 7 хувь хүртэл буурсан. Зарим газраа бүр 6 хувь хүртэл буурав. Харин нөгөө талдаа зээлийн хүү яг хэвээрээ. 14 хувиас 17 хувьтай бахь байдгаараа л байна. Гишүүдээс зээлийн хүү яагаад буурахгүй байгаа талаар асуухаар Засгийн газраас Ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээлийг урьдаас яриад байдаг. Энэ чинь тэс өөр зүйл шүү дээ. Гурван хувийн хүүтэй зээл чинь бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа зээл. Жирийн ард түмэнд ямар ч падгүй зүйл. Хаа байна өнөө зээлийн хүү буурах, огт буураагүй дээр нь хадгаламжийн хүү талаас илүү шахуу буурсан. Хэн хожсон бэ, үүнийг баталсан гишүүд дээрээс нь эдэнтэй нийлсэн банкныхан л бүтэн жил мөнгө хүүлэн баяжиж байна. Гишүүд хадгаламжийн хүүг бууруулчихаар хадгаламж эзэмшигчдийг банкнаас мөнгөө татна гэж тооцоолсон. Тэр мөнгийг нь угтуулаад койн гэх зүйл гаргаж ирсэн. Монголд өнөөгийн байдлаар 10 гаруй криптовалютын биржүүд үйл ажиллагаа явуулж байна. Нэг бирж дээр гэхэд л сүүлийн яг нэг сарын хугацаанд 2.5 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байх жишээтэй. Эндээс харахад одоо криптовалютын зах зээлд 4-6 их наяд төгрөг эргэлдэж байна гэж тооцож болохоор байна. Энэ бол ард түмнээ бодлогоор улайм цайм шулж байгаа хэрэг биз дээ. Төлөвлөгөөтэй явуулсан бодлого гэж харахаас өөр аргагүй. Одоогийн УИХ-ын гишүүдийн хэдэн хувь нь банкнаас хамааралтайг мэдэхгүй хүнгүй. Койны 95.5 хувь нь алдагдалтай байдаг тухай математикчдын тооцоолол байдаг.
Гишүүд Монгол Улсад хичнээн хүнийрхүү хүйтэн сэтгэлээр хандаж байгаа дүр зураг 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд ч нэвт мэдрэгдэж байв. Яг төсвийн төслөө сөхөж харсан, тоон дүнгүүдтэйгээ танилцсан гишүүн байсан юм уу. Намрын чуулган дөнгөж эхэлж байхад УИХ-ын гишүүд ажилдаа ийнхүү хариуцлагагүй хандаж, хэлэлцэх гэж буй хууль, тогтоолын төслүүдээ ч уншихгүй байгааг юу ч гэж ойлгомоор юм. Уг нь тэд ард түмнээс илүү эрх мэдэлтэй, илүү үүрэг хариуцлагатай улс. УИХ-ын гишүүний үндсэн ажил төсвийг зөв зүйлд батлах, зарцуулалтыг хянах. Үүнээс нь үүдэж улсын хөгжил дэвшил яригдаж байдаг. Гэтэл гишүүд нь төсвөө уншаагүй баталж л байдаг. Арваннэгдүгээр сарын 15-наас л өмнө нь төсвийн хуулийг баталж байгаа болоод шоудаад өнгөрсөн. Зөөлөн суудлаасаа авахуулчих вий гэсэн айдас нь тэднийг түлхэж 15-наас өмнө батлуулах нь дамжиггүй юм. Ирэх оны төсөв ажлын байр бий болгож иргэдийг ажлын байраар хангаж татвар төлөлтийг яаж өсгөх вэ гэдэг тал руу чиглэх ёстой байсан. Гэтэл өмнөх жилүүдийнхээс бүр дордчихлоо. Ковидын хүнд үед хөрөнгө оруулалт 38 хувь, урсгал зардал нь 30 хувиар өссөн төсөв баталсан.
Энэ удаагийн УИХ хамгийн бүрхэг ажиллаж байна. Гишүүд нь зөвхөн өөрсдийн лоббитой, эрх ашигтай хуулиуд дээр л дуугардаг. Гишүүд өөртөө оногдох дөрвөн тэрбум төгрөг нь хаана ямар зүстэй нуугдаж суусан байна вэ л гэж төсөв шагайснаас өөрөөр төсвийг огтхон ч уншаагүй, бас ард түмний төлөө ганц үг ган хийдэггүй. Хэрэв ард түмэн гээд бөөн бөөнөөрөө орилолдоод хэвлэлийн хурал хийгээд эхэлбэл тэрүүгээр далимдуулж өөрсдөдөө орлого олох гэж байгаагийн л дохио. Нөгөө банкны хадгаламжийг байхгүй болгосон шиг. Төрд иргэдийг төлөөлж, Засгийн газрын оруулж ирж буй төсөв мөнгөнд хяналт тавих ёстой УИХ-ын гишүүд төсвийг хэрхэн баталдгийн тод жишээ нь Богд Зонховын хөшөө болсон. Энэ их тахал үхэл хагацал, үгүйрэл хоосрол дотор гучин хоёр тэрбум төгрөгөөр бурханы хөшөө барих төсөв батлаад огтхон ч сэтгэл нь зовохгүй байж чадаж байна гэдэг бол ямаршуухан хүйтэн сэтгэлтэй хүмүүсийг бид төр гаргасан бэ гэдгийг баталгаа юм. Тэдний сэтгэлд ард түмний зовлон зүдгүүр ямаршуухан байр эзэлж, ард түмэндээ ямаршуухан хандаж байгаагийн бодит төрхийг энэ хөшөөнд тавьсан мөнгө илчилсэн.
Ийм л хоноцын сэтгэлтэй гишүүдийг бид гаргаж ирсэн байна. Яагаад ийм гишүүдтэй болчихов оо, яагаад ийм хариуцлагагүй хүмүүс төр засагт гарч ирээд байна вэ. Үүнд гайхаад байх юм байхгүй. Яагаад гэвэл бид өөрсдөө ийм л байна гэсэн үг. Бид өөрсдөө хувиа бодож довоо шарлуулдаг, өөрөөсөө өөрийг боддоггүй болохоор өөрсдөөсөө өөр хүн сонгож чадахгүй шүү дээ. Парламент бол бага ард түмэн, тэд сонгогдож гарч ирсэн их ард түмнийхээ тусгал гэдэг.
Бид хэрхэн хувиа бодож довоо шарлуулдгийн нэг тод жишээг харцагаая. Д хотын замын мөнгийг нэг УИХ-ын гишүүн зараад идчихжээ. Тэр гишүүн Д хот юмуу тэр газрын ойр дахиж нэр дэвшсэн бол гарч ирэх ч үгүй. Иргэдийн уулзалт бүрдээ толгойгоо хагалуулаад таарах байв. Тийм учраас хаа байсан Г хотод очоод УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Тэндээ бараг баатрын дүрээр очиж хутагт хувилгаад шиг гарч ирэв. Д хотын замын мөнгөнөөс Г хотод мөнгөөр бороо оруулж байгаа болохоор нөгөө хэд нь бөөн хөөр. Д хотын зам Г хотод ямар ч хамаагүй. Хэрвээ бид хувиа боддоггүй байсан бол Д хотын замыг балласан түүнийг сонгож болохгүй гэж ярих байсан. Зайлуул мөнгө өгөөд л байх юм,хулгайн л мөнгө тараагаад байна, ийм хүнээр төр бариулж болохгүй гэж стандартаар сэтгэдэг ямар ч ард түмэн бодох байв. Хариуцлага тооцож чаддаг байх ёстой байсан юм, бид.
Энэ гишүүд Монголын төлөө огт юм хийхгүй гишүүд байна. Хийвэл ард түмнийг хэрхэн хуурч, тэдний эцсийн сохор зоосыг нь ч үлдээхгүйгээр сэгсрэх ямар арга байна л гэж эрэлхийлэх шинжтэй. Тэр талаар хууль дүрэм бодож боловсруулах талаар л хөөцөлдөх шинжтэй хүмүүс байна. Энэ хэвээрээ удвал бид балрах шинжтэй. Хоёр жил болоход ард түмнээ ингэж баллаж байгаа юм чинь дахиад хоёр жил болоход улсаараа тэсч үлдэх нь үү. Энэ мэт яриад байвал энэхүү жижигхэн бичлэгт багтах зайгүй их олон юм бий. Ийм гишүүд сонгочихоод хэрхэн биднийгээ шулахыг нь хараад, хүлээгээд дахиад хоёр жил болоход мөн хэцүү еэ. Хэн юу ч хэлж байсан дараагийн сонгууль болтол тэд огт тоохгүй, бүх шатандаа эрх барьж байгаа учраас. Сөрөг хүчин гэж бараг эрх баригчдынхаа гар хөл болох нь халаг хүмүүс л гарч ирээд ард түмнээ загнахаас өөр юм хийдэг юм уу.
Зочин · 2021/11/30
эх оронтой учираас сонгогдсон байна.
Зочин · 2021/11/30
Зочин · 2021/11/30
Эд нар Эх орон гэж байдаггүй юм шиг байх юм.
зочин · 2021/11/30
улс орноо бодоод хурдан тар ерөнхийлөгчөө та ажлаа хийгээч