Д.Ганбатыг гарцаагүй эрх баригчид л удирдаад байна даа...
2021/12/01
УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон Дашдондогийн Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдов. УИХ-д 11 суудалтай сөрөг хүчний хувьд нэн хариуцлагатай уг албанд томилогдоход тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар гэх мэт Баянхонгорчуудынх нь дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн гэдэг.
Д.Ганбат эхэндээ эргэлзээгүй "Женко"-гийн л хүн байв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авах эрхтэй бүлгийн даргын хувьд үг хэлэх, үйлдэл хийх нь гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх ашигт л үйлчилж байлаа гэхэд хэтрүүлсэн болохгүй ээ. Гэвч Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр, түүнд үндэслэсэн УИХ-ын тогтоол, хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болов. Яг энэ үетэй зэрэгцэн АН ч хоёр хуваагдав. Энэ эгзэгтэй цаг үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат элдэв сэтгэл хөдлөл, фанатизмд авталгүй цагийн аяс хэрхэн эргэхийг ажиглах болсон бололтой байдаг.
Эргэн сануулахад тэрээр О.Цогтгэрэл даргатай АН, С.Эрдэнэ даргатай АН-ын явуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаан хоёуланд нь зэрэг материалаа өгч, нэрээ дэвшүүлж байлаа.
О.Цогтгэрэл даргатай АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийн төлөө Төв талбай дээр суулт хийж байсан атлаа С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авах үед нь цэцэгтэй тосч, үг хэлж байх жишээний.
Түүний энэ хоёр үзүүртэй зүү мэт давхар тоглолтыг ажигласан О.Цогтгэрэлийн талынхан УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулах асуудлыг хөндөж эхлэхтэй зэрэгцэн Д.Ганбат харин Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Ганнибал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг намын бүлгээс хөөх шийдвэрийг урьтаад гаргачихсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Ганнибалыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг УИХ-ын дарга хүлээж аваагүй тул О.Цогтгэрэлийн талынхан ядаж бүлгээ тараачихгүй байхын тулд Д.Ганбатаар оролдохоо больсон аж. 11-р сарын 6-нд болсон АН-ын Онц Их Хуралд Д.Ганбат ирж, оролцон : "Би ийм эв нэгдэлтэй АН-ын УИХ дахь бүлгийн дарга байгаадаа баяртай байна" хэмээн үг хэлж байв.
Гэвч хэдхэн хоногийн дараа УИХ-ын байнгын хорооны хуралдаанд үг хэлэх үеэрээ АН-ын онц их хурлыг шүүмжилж, үг хэлсэн юм. Мөн өчигдөрхөн тэрээр С.Эрдэнийн талд эргэлт буцалтгүй орж, АН-ын тэргүүн дэд дарга боллоо.
Эргэж буцсан, эргэж буцсан гэхэд арай ч ийм байж болмооргүй. Энэ бүхний цаана юу болоод байна вэ?
Хариулт нь их энгийн. Х.Баттулгын бүрэн эрх дуусахтай зэрэгцэн, "төвийг сахигч" болоод байсан Д.Ганбат шинэ удирдагчтай болжээ. Энэ шинэ удирдагч нь түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар нь үргэлжлүүлэн ажиллуулах эрх мэдэлтэйн сацуу мөн АН-ыг эргэлт буцалтгүй хоёр хувааж буй С.Эрдэнийн талд оруулах сонирхолтой.
Шуудхан хэлвэл өнөөгийн эрх баригчидт гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл Д.Ганбатыг гарцаагүй эрх баригчид л удирдаж байгаа нь ил болж байна.
М.Гал
sonin.mn