Н.БАЯР

“Францын алдартай реппэр Орелсан өнгөрсөн долоо хоногт шинэхэн пянзаа гаргалаа” гэх мэдээлэл Францын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна.  Энэ мэдээтэй зэрэгцээд Орелсаны шинэ дуу “Бензиний үнэр”-ээс үүдэж Францад ажиллаж, амьдарч байгаа ЮНЕСКО-гийн итгэмжит “Нүүдэлчин зам” холбооны зохицуулагч Ш.Номиндарь НҮБ, ЮНЕСКО, Хүний эрхийн олон улсын нийгэмлэг, Францын Соёлын яам, Монгол Улсад суугаа Элчин сайд нарт захидал илгээлээ. “Нүүдэлчин Зам Холбоо” нь 2006 оноос хойш Монголын соёл, урлагийг баруунд түгээн таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж, Монголын нэр хүндийг олон улсад өргөх тал дээр томоохон хувь нэмэр оруулдаг байгууллага юм.

Тэдний захидалд, “Рэп дуучин Орэлсан шинээр гаргасан “L’odeur de l’essence”  (Шатахууны үнэр) дуундаа “Монгол” нэрийг Монголчууд болон Монгол соёлоос гаралтай хэн бүхэнд туйлын доромж утгаар хэрэглэсэн байна” гэжээ. Үгчилбэл,

“Эргүү малуудыг (монголчуудыг) авч зэвсэг өгөөд

Энийгээ “шударга ёс” гэчихжээ, гэмт хэргүүд нь илтгэнэ.”...

....”Эргүү малууд (монголчууд) эксперт болсноос хойш

Эргүү малуудаар (монголчуудаар), Монголын Эзэнт Гүрнээр хүрээлэгдэж,

Эргүү малуудад (монголчуудад) таалагдахаар эргүү малуудыг (монголчуудыг) хийж байна. 

Бид удахгүй монголчууд шиг, египетчүүд шиг, ромчууд шиг, майяачууд шиг, грекчүүд шиг унах болно.” гэжээ.

Энэ бол Монгол гэх үгийг доромж утгаар ашигласан холбогдон гарч ирж байгаа хамгийн сүүлийн жишээ. Үнэндээ реппер мэддэг үгээ ашигласан. Гэхдээ Монголын гэх тодотголтой Цонжин болдгийн морьт хөшөөг клипэндээ ашигласныг харвал Монгол гэж улс байдгийг мэдсээр байж доромж утгаар ашигласан гэж үзээд монголчууд түүнийг эсэргүүцэхэд хүргэж байгаа юм.

Харамсалтай нь дэлхийн олон орны иргэд “Монгол” гэдэг улс байдгийг, энд 3 сая хүн амьдардгийг мэдэхгүй. Тиймээс толь бичигт нь тайлбарласнаар “Монгол” гэх үгийг “тэнэг, мулгуу” гэсэн утгаар нь өнөөдрийг хүртэл ашигласаар байна. Өөрөөр хэлбэл, хараалын хэвшмэл үгнийх нь нэг байдгийг Канад, Шотланд, Франц гэх зэргээр франц хэлтэй улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд өөрсдийнхөө бие сэтгэлээр мэдэрч байна.

 

Кейс-1

“Монгол тодотгол” ТББ-ын  гишүүн Канадад ажиллаж амьдардаг “Zoloo Bold”:

-Франц хэлэнд Монгол гэдэг үгийг тэнэг, мангар гэдэг утгаар хэрэглэсээр ирснийг анх Канад улсын Квэбэк мужид ирээд өдөр тутмын амьдралдаа мэдэрч эхэлсэн. Анх ‘’Би монгол’’ гэж хэлэхэд л цэцэрлэгт хамт ажилладаг квэбэк багш маань шоолж инээгээд. Бага oхин маань зурагт үзэж сууснаа: “Ээжээ яагаад зурагтаар хүмүүс бие биенээ монгол гэж хэлээд шоолоод байгаа юм бэ” гэж асуугаад л. Энэ үеэс эхлээд л монголчуудад маань ч ийм асуудлууд тулгараад байгааг сонсож анзаарч, энэ үгийн утгыг судалж эхэлсэн.

 

Кейс-2

“Нүүдэлчин зам”  холбооны зохицуулагч, Францад ажиллаж амьдардаг Ш.Номиндарь:

-Францад буй Монгол хүн бүр, тэр байтугай, англи хэлтэн, герман хэлтэн орнуудад сурч, ажиллаж амьдарч буй монголчууд “Монгол” гэж үгийг доромжоор хэрэглэсэн тохиолдолтой их бага хэмжээгээр таарч байсан, байсаар байгаа. Өнгөрсөн долоо хоногийн цахим хурлын үеэр төрийн дээд албан тушаалд байгаа хүмүүс ч гадаадад сурч байхдаа ийм зүйл тохиолдож, үүний эсрэг тодорхой хэмжээнд тэмцэж байснаа ярьсан. Энэ доромж утгын хэрэглээнээс болоод Францад байгаа монголчууд жишээ нь “Би Монгол хүн” гэж хэлэхгүйгээр “Би Монгол улсаас гаралтай” гэсэн маягаар хэлэх тохиолдол их бий. Би ч энд магистрт сурч байхдаа эхэндээ өөрийгөө тэгж танилцуулж байгаад дараа нь зориудаар “Би Монгол хүн” гэж байгаад, Монгол гэж улсын тухай танилцуулдаг болсон.

 

“Монгол тодотгол” ТББ-ын  тэргүүн, Шотландад ажиллаж амьдардаг П.Ууганбаяр:

Гадагшаа явсан ихэнх хүн энэ байдалтай тулгарна. Ялангуяа франц хэлтэй улсад элбэг тохиолддог.

Бидний мэдээллээр 20-иод оронд “Монгол” гэдгийг мулгуу гэсэн утгаар ашиглаж байна. Францаар ярьдаг орон гэхэд Францаас гадна Канад, Швейцарь, Бельги гээд Африк тивд ч байна. Колоничлолын үеэр франц төрийн хэл нь болсон олон улс бий. Англи, испани хэлэнд ч “Монгол” гэдгийг буруу утгаар тайлбарласан нь байдаг. Бидний зүгээс аль болох зөөлөн бодлогоор, Герман, Англид ийм тохиолдол гарахад цахимаар хандаж, өөрсдөөр нь засуулахыг хичээж, засуулаад л явдаг. Гэхдээ интертайнмэнт том одуудын хувьд чөлөөт эрх гэдэг талаасаа юу ч гэж хэлсэн яах вэ гэх байдлаар ханддаг. Тэдний эрхийг бид хүндэтгэж байгаа ч өөрийнхөө үг хэлэх чөлөөгөөр бусдын эрхэнд халдах ёсгүй. Тийм учраас бид өөрсдийнхөө боломжоор эсэргүүцэж, буруу ойлголтыг нь ядаж тайлбарлаж, таниулах гэж олон ажил зохион байгуулж байна.

Шалтгаан нь, нэгдүгээрт Монгол гэдэг улс байдгийг огт мэдэхгүй хүмүүс байна. Монгол нь өөрсдийнх нь хар ярианы үг болчихсон. Монгол гэхээр улс гэж боддоггүй.Монгол хүүхдүүд маань “Би монгол хүн” гээд танилцуулахаар багш нь “Монгол гэж битгий хэл. Монголоос ирсэн гэж хэлээрэй” гэдэг. Монгол гэж хэлбэл хүмүүс чамайг хөгжлийн бэрхшээлтэй эсвэл тэнэг гэж ойлгоно гэж тайлбарладаг.

Залуусыг “Монгол” гэж чи өөрийгөө танилцуулахдаа анхаа­рал­тай байгаарай. Франц хэлэнд тэнэг, мулгуу гэдгийг “монгол” гэдэг учраас чи битгий гомдоорой гэх тохиолдол бий.

Үнэндээ өөрөө өөрийгөө хэн бэ гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй болтол асуудалд оруулж байна гэдэг нь хүний эрхийн зөрчил шүү дээ.

Биднийг хэтэрхий эмзэглэж байна гэх хүмүүс байдаг ч эмзэглээд ингээд байгаа юм биш шүү. Ирээдүй үед минь ийм зүйл тохиолдсоор байх учраас бид дуугарч байж л засч залруулах ёстой. Энэ бол нэг шөнийн дотор хийх ажил биш. Яриад байх тусам “ингэж болохгүй гэж юм” гэдгийг хүмүүс ойлгоно. Бидний хувьд хүний эрхээ л эдэлж байгаагийн нэг хэлбэр. “Монгол” гэдэг бидний өөрсдийгөө тодорхойлдог бахархдаг үг, тодотгол минь.

Бидний хувьд бусдаас санхүү, мөнгө гуйсангүй. Гол нь буруу хэрэглээд байгаа үгийн хэрэглээгээ зөв болгооч гэж хүссэн. Дотоодоос, гадаадаас ил, далд янз бүрийн аргаар тэмцэж байж л энийг арил­гана. Франц хэл бол маш том хэл.Тиймээс бид боловсролын байгууллагуудтай юуны түрүүнд хамтарч ажиллахаар хичээж байна. “Монгол тодотгол”-ын боловсролын баг маань хичээлүүд бэлтгэж байгаа. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол хүн бүр Элчин сайд гэдгээ бодож, эергээр өөрсдийгөө таниулах, биеэ зөв авч явах, өөрсдийнхөө түүхийг мэддэг мэдлэгтэй боловсролтой байх ёстой юм шүү. Бидний  зүгээс зөөлөн хүчээр спорт, урлаг талаасаа бусдад энгийн өдөр тутмын амьдралд нь илүү хүрнэ. Монголчууд маань гадаадад байгаа монголчуудтай хамтарч, аль болох сайн сайхан зүйлсээ харуулах, хуваалцах талаар хамтарч ажилламаар байна. Жижиг видео, зураг, эсвэл уралдаан зарлаад ч юм уу хамтарч ажиллах ёстой. Монгол гэхээр зөвхөн эзэнт гүрний тухай яриад байлгүй, орчин цагийн монголоо л сурталчилмаар байна. Бид өөрсдөө ч энэ цагаасаа шилжмээр байгаа юм.

Эдгээр бүсгүйчүүд Монголын соёл, урлаг, өв уламжлал, монгол судлалыг олон улсад таниулж яваа төрийн бус байгууллагынхан бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гадаадад амьдарч буй монголчуудын танилууд. Харин олон нийтэд нээлттэй байж чаддаггүй, монголчуудын хувьд иймэрхүү ялгаварлан гадуурхалд хэр, хэрхэн өртөж байдгийг бид мэдэхгүй.

 “GEN-Z”-д эрх чөлөөг бэлэглэе

Дэлхийн 10 оронд амьдардаг хүмүүсийг нэгтгэсэн 30 гаруй гишүүнтэй “Монгол тодотгол” ТББ нь албан ёсоор байгуулагдаад нэг жил болж байгаа ч 2012 оноос үйл ажиллагаагаа явуулжээ. Энэ жилийн нэгдүгээр сард Кембриж, Коллинс, Оксфордын толь бичгүүдэд “Монгол” гэдэг үгний буруу ойлголтыг өөрсдийн толь бичгээс хасах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Ингэснээр Оксфордын ахисан шатны англи хэлний толь бичгээс “Монголизм, Монголойд” хэмээх сөрөг утгатай үгсийг хасуулж, “Монгол” гэх зөв утгатай үгээ авч үлдсэн байна. Мэдээж энэ бол том алхам, том ажил. Гэсэн ч биднийг дэлхий “танихгүй” хэвээр байна. Танихгүй учраас таньдаг үгээ л ашиглаж байна гэж хэлэхэд хилсдэхгүй.

Харин монголын орчин цагийн залуус, олон улсын нэршлээр Gen-Z үеийнхэн гадаадад ажиллаж амьдрахыг мөрөөдөж байна. Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд гадаадад сурна, болбол тэндээ ажиллаж, амьдарна гэх үгийг ахлах ангийн сурагчдын хоёр хүүхэд тутмын нэг нь заавал хэлдэг болжээ. Хэрвээ, ээж аав нь төлбөрийг нь төлөөд эсвэл тэтгэлгээ аваад суралцаж чадвал бидэнд тэднийг хорих эрх байхгүй. Гол нь хүний нутагт очоод тэдэнд ямар бэрхшээл тулгарахыг өнөөдөр мэдэхгүй. Тэд гоё сайхныг, эрх чөлөөг мөрөөдөж байгаа. Гэтэл үгүй юм.

Франц хэл бол дэлхийн 31 орны төрийн албан ёсны хэл. Мөн НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын Эрүүгийн шүүх, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын Валютын сан, Олон улсын Олимпын хороо, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын хувьд албан ёсны болоод ажлын хэл нь болдог. Тэгэхээр алхам тутамд энэ гадуурхал тэдэнд тохиолдох нь тодорхой байна.“Монгол тодотгол” ТББ, Нүүдэлчин зам холбоо зэрэг гадаадад ажиллаж амьдардаг монголчууд Монгол гэдэг үгийг олон улс оронд үндсэн бус, буруу утгаар ашигладгийг засч залруулах, Монгол гэдэг тусгаар улс гэдгийг сурталчлан таниулах зорилготойгоор олон янзын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулсаар... Францын реп дуучинтай холбоотойгоор “Монгол” нэрийн анхдагч утгыг эергээр таниулах ажил өрнүүлж эхлээд байна. Гэхдээ энэ бол дөнгөж саяхан эхлээд байгаа ажлууд биш.

Аль 1866 онд Английн эмч Жон Даун дауны хам шинжийг гадаад төрх байдлын нийтлэг шинжээр нь “Монголоид” буюу “тэнэг монгол” гэж оношлосноос үүдэн олон улсад энэ нэршлийг 100 гаруй жил хэрэглэсэн. 1960-аад онд Азийн генетикийн эрдэмтэд тус хромсомын эмгэгийг анх оношилсон эмчийн нэрээр “Даун синдром” хэмээн нэрлэх болсон байна. 1965 онд ДЭМБ-ын чуулганд оролцсон Монголын төлөөлөгчид “Монголоид, Монголизм” нэр томъёог дауны хам шинжийн онош болгон хэрэглэхгүй байхыг албан бусаар хүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, 60 гаруй жилийн өмнөөс л эхэлсэн ажил. Гэвч...

Цахим сүлжээ хэрсэн дэлхийд Монгол байтугай улсыг таниулах тийм ч хэцүү биш болсон. Тэгэхээр “Монгол” гэх улсыг дэлхийд таниулах нь хамгийн эхэнд төр, ард нийтээрээ хамжиж, нэгдэж хийх ёстой ажил болсныг дээрх жишээнүүд батална. Гэтэл Монго­лын гадаад сурталчилгаа гэхээр таны толгойд юу бууж байна вэ?Ирэх жилүүдэд гадаад сурталчилгаанд чиглэсэн ямар ажлууд хийх талаар өнөөдрийн байдлаар гарт баригдаж нүдэнд харагдах төлөвлөгөө алга. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг төсвийн талаар мэдээлэл өгөх үеэрээ 40 гаруй төсөл хөтөлбөрт 7 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар төлөвлөж байна гэсэн. Харин Соёлын яамнаас энэ талаар тодруулахад Гадаад харилцааны яам, БОАЖЯ, Соёлын яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Нэг цонхоор харж ажиллана гэснээс өөр зүйл алга. Нэг цонхоор хэр удаан харахыг таах арга алга. Илтгэл тавьж танилцуулга хийсээр олон жилийг үдсэн хэвээр... Гэтэл хувьсан буй дэлхий биднийг хүлээхгүй. Дэлхийд танигдаж амжаагүй ч дэлхийд гадуурхагдсаар өдийг хүрч байна. Үр хүүхдээ нүүр бардам “Би монгол хүн” гэж хэлэх эрх чөлөөг бид өөрсдөө л бэлэглэнэ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН