Дээсэн дөрөөн дээрх аюулгүй байдал
2021/12/15
Монгол Улсын аюулгүй байдал ямар хэмжээнд байгааг улиран одож буй 2021 он яруу тодоор харууллаа. Энэ онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн хүрээнд олон олон салбарын 100 жилүүд тохиож үнэхээр баярлан хөөрлөө. Зүйн хэрэг шүү дээ.
Цар тахал хэмээгч гамшиг хэрэв эс нүүрлэсэн бол Монгол даяар хавтгай найрлаж, өнөө шараа тайлах гэж махран зовох байсан ч юм билүү дээ. "Ковид-19" хориглон барьсны хүчинд No naadam, yes naadam болсоор жагсаал цуглаан, хэрүүл хараал үргэлжилсээр хугацаатай юм болохоор 2021 он одох босгонд бид туллаа. Энэ хугацаанд юу эс болов. Ёстой хүрээний арвин явдлыг хэлэхэд ч хэцүүдсэн л дээ. Улс төр улангасан халж, дээдэс чи би дээ хүрэн заамдалцаж, талцан хуваагдаж, заргалдаж цавчилдах нь холгүй нэг юм сонгууль гэгч нь өндөрлөсөн. Хэл ам, хэрүүл тэмцэл нам дамжсан өшөө хонзон ёстой хэлэх үг олдохоо больсон.
Ардчилсан намын хуваагдал тогооноосоо хальж, үндэсний том асуудал болон дэвэрч байх зуур харин 100 жилийн эрээн бараан түүхтэй МАН сүүхээ гарган, ололт болгоны орой, ялалт бүхний уриа болж амжлаа. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг Монголд дархлагч гэж өөрийгөө тунхаглав. Чамлахаар чанга атга гэгчээр өрх толгойлсон эхээ түшсэн монгол хүүгийн шинэхэн Засаг хэлтэй, амтай ч хэцүү олон асуудлыг даван туулж яваа нь энэ оройны "Рио Тинто" мэдээнээс эл байна. Төрийн тэргүүн болоход заавал ч үгүй Харвардын, аль эсвэл Москвагийн боловсрол хэрэггүй, эр хүний шулуун зан, цэрэг эрийн хатуужил, ажилчин гарал, амьдралын ухаан байхад болно гэдгийг харуулсан Хүрэлсүх Ерөнхийлөгчид ч монголчууд найдаж итгэж, харж сууна. Яагаад гэвэл 30 жил нам дамжин ужгирч, хөгжлийн тушаа болсон хээл хахуулийн хорт муу хавдарыг чухамхүү тэр л зоримог үйлдлээр таслаж чадна. Өөр хэнд ч найдах хэрэггүй, хэн ч чадахгүй гэж бодож байна. Хэрэв тэрээр ирэх 5 жилд энэ хавдрыг мэс заслын аргаар зайлуулж чадвал ирэх зууны баатар болгон өргөмжилж, нам, хөдөлгөөний туган дээр бус Хүрэл ерөнхийлөгчийн цээжин дээр баатарын алтан 5 хошууг эгнэгт залъя.
Харин цар тахлын энэ хүнд үед бидний эрхэмлэн дээдэлдэг, 100 жилийг нь тэмдэглэж буй Монгол Улсын аюулгүй байдал ямар байгааг шууд харуулж, мах цусаар мэдрүүллээ.
Ийм ч сайхан боломж манай аугаа их хоёр хөршид тохиолоо. Хэрээ мэдэхгүй хэнхэгнэж, хужаа сужаагаар нь харааж, их хөршдөө эвгүй хандахад юу болдогыг монголчууд харж мэдэрч, мэл гайхаж, цэл хөхөрч сууна. Энэ бол цар тахал хоёр хөршид ямар "сайхан" боломж олгосныг харуулж байна. "Хятад хилээ хаалаа", гүйцээ. Монгол зогсож, модоо барин хээр хониндоо гарахад бэлэн байна.
Их Орос хөрш үгэнд орохгүй бол шатахуун түлш, Усан цахилгаан станц үгүй, төмөр зам байхгүй гээд ганц хоёрхон үг хэлэхэд л дуусаа. Хоёр хөрш ам нэгдвэл Тусгаар тогтнол ч будаа болно. Тийм үү? Ойлгож байна уу? Өчигдөр ГХЯ дээр Монгол Улсын гадаад бодлогын өнөө ба ирээдүйд дүн шинжилгээ хийж, ЭШБ хурал боллоо гэсэн. Над мэтэд хэлэх биш дээ. Нам мам гээд сүйд майд. Харин энэ чухал асуудлыг ярьсан болов уу. Дүгнэлт хийгээ болов уу? Аль эсвэл 40-50 жил цэцэрхсэн нөгөө хэдэн акулууд мэдэмхийрээд өнгөрсөн болов уу.
МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙНА.
Онц бөгөөд бүрэн эрхт элчин Т.Залаа-Уул