Монгол болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар өчигдөр Кремлийн ордонд гурван цаг гаруйн хугацаанд ганцаарчилсан уулзалт хийлээ. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн урт үргэлжилсэн уулзалт болж буйгаараа ихэд онцлог байна. 

Уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар олон чиглэлийн асуудлыг хөндөн ярилцаж, өөрсдийн улсын байр суурийг илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм. 

Дараа нь хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний хэлсэн үгийг дэлгэрэнгүй хүргэе.



Владимир Владимирович Путин: Бид Монголын нөхөдтэйгөө найрсаг түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой нь мэдээжийн хэрэг. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа маань дээр үеийн үүх түүхтэй. Бидний дипломат харилцаа албан ёсоор тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улс орон Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсан гэдгийг онцлон хэлье. Тэртээх үеэс Орос, Монголын хамтын ажиллагаа бэхжиж, бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан, хөгжиж ирсэн.  

Халх голын байлдаан, Дэлхийн хоёрдугаар дайны үед бэхжүүлсэн дайчин нөхөрлөлийг Орос, Монголын хоёр талын ард түмэн дурсаж явдгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ярьсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр хамтарсан тунхаглал гаргасан ба энэхүү тунхаглалыг 2019 онд гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг суурь болгон боловсруулсан.

Хамгийн чухал нь хоёр талын харилцааг ирээдүйд олон чиглэлээр хөгжүүлэх тодорхой зорилтуудыг тунхаглалд орууллаа. Түүнчлэн айлчлалын үед талууд худалдаа, олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын болон яам, агентлаг хоорондын баримт бичгүүдийг боловсруулж гарын үсэг зурна.

Орос улс бол Монгол Улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг. Коронавируст цар тахлын амаргүй нөхцөлийг үл харгалзан, энэ оны есдүгээр сарын байдлаар манай худалдааны эргэлт 24 хувиар нэмэгдсэн. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс үр дүнтэй ажиллаж байна. 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болж өнгөрсөн комиссын ээлжит хуралдаанаар дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг гаргасан.

Улаанбаатар төмөр зам бол хоёр улсын хамтарсан гол чухал бөгөөд амжилттай хөгжиж буй арилжааны том төсөл юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр талын ачаа тээвэрлэлт 15 сая тонноос 30 сая тонн болон өсөж, хоёр дахин нэмэгдсэн.

Сүүлийн жилүүдэд төмөр замыг шинэчлэх, өргөтгөх, “Улаанбаатар төмөр зам”-ын тогтвортой байдлыг хангах талаарх ажил ОХУ-ын дэмжлэгтэйгээр хийгдсэн. Тухайлбал, тээвэрлэлтийн тарифын индексжүүлэлтийг цаг тухайд нь тогтворжуулж, 1990-ээд оны зээлийг зохицуулах төлөвлөгөөг гаргаж, газар эзэмшилтийн хуучин асуудлыг шийдвэрлэв. Монгол Улсаар дамжуулан ачааг төмөр замаар тээвэрлэх нь улам үр ашигтай болно гэж найдаж байгаа.

"Оросын эрчим хүчний компаниуд Монголын шатах тослох материалын дотоодын зах зээлд орж ажиллах сонирхолтой"

Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр дэлгэрэнгүй ярилцав. Орос улс Монгол Улсад эрчим хүч нийлүүлдэг найдвартай түнш бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангадаг.

Оросын эрчим хүчний компаниуд Монголын шатах тослох материалын дотоодын зах зээлд орж ажиллах сонирхолтой.

Оросоос Хятад руу Монголын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төсөл боловсруулах шатандаа байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байна.

Хамгийн оновчтой маршрут, урт зэрэг үзүүлэлтийг гаргаж, ТЭЗҮ боловсруулсан. Ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд боловсруулж дуусах болов уу гэж бодож байна.

Өнгөрсөн жил манай улсын компаниуд Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлийг амжилттай хийсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадлыг 15 хувиар нэмэгдүүлэв. Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг  хамтарсан төслийг боловсруулж байна.

Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй байгаа. Маш олон компани энэ чиглэлээр Монгол Улсад Цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг Монголын эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үүднээс атомын судалгааг хийх боломжийг судалж байгаа. Энэ талаар мөн дэлгэрэнгүй ярьсан.

Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчны хамгаалалтын салбарт чухал төслийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Таир нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана.

Орос, Монгол хоёр улсын хооронд коронавируст халдвартай хамтран тэмцэхэд чиглэгдсэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Спутник V вакцин болон КОВИД-19 илрүүлэн оношлох оношлуурыг Монгол Улсад нийлүүлж байна.

Бүс нутгийн, олон улсын тулгамдсан асуудлын талаар хоёр улсын байр суурь ижил төстэй байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж буй бөгөөд Засгийн газрын дарга, Холбооны хурлын хоёр танхимын даргатай болон Аюулгүй байдлын зөвлөлд уулзалт хийхээр төлөвлөгдсөн байгаа. Цаашид хийх уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. Ноён Ерөнхийлөгчид анхны айлчлалаа ОХУ-д хийсэнд талархлаа илэрхийлье” гэсэн юм.