Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдохын өмнөхөн болсон УИХ-ын чуулган дээр “Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш.

Цар тахлын хүнд үед зуны олимпийг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн” гэж мэдэгдсэн.

 

Энэ талаар Хятадын мэдээллийн сувгуудаар “Ирэх хоёрдугаар сард Бээжинд болох өвлийн олимпийн наадамд оролцохоор БНХАУ-ыг зорино гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Олимп бол бүх хүн төрөлхтний спортын наадам гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Улстөржихгүй, улс төрөөс хол байх ёстой” гэсэн талаар мэдээлжээ.

 

Ямартаа ч Монголын Ерөнхий сайд Хятадад болох өвлийн олимпод очихоор болоод байна. Дэлхий даяар Хятадын эсрэг байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийсэн нь анхаарал татахаас аргагүй юм. Ямартаа ч ингэснээр манай улс ийм цаг үед нь Бээжинг дэмжсэн хэдхэн улсын нэг болов. Нэг талаас Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сард хойд хөршид айлчлаад ирсэн. Тэр үеэр хамгийн ихээр яригдаж, хоёр талын анхаарал татсан асуудал нь Монголоор дамжиж Хятадад хүрэх хийн хоолой байв. Өөрөөр хэлбэл, Оростой ярьж байгаа хийн хоолой Хятадад хамгийн их хамаатай болоод байгаа юм. Энэ зэргийн өмнөд хөршийн эрх ашгийг хөндсөн асуудал Ерөнхий сайдыг очиход яригдах өндөр магадлалтай.

 

Нөгөө талаас газарзүйн байршил, эдийн засгийн хамаарал, бусад зүйлээрээ Монгол Улс Хятадад ингэж хандахаас өөр аргагүй гэх байр сууриуд харагдаж байна.

Үүнд үнэний ор бий. Учир нь монголчуудын хувьд эдийн засгийн хамгийн том үүд болох Замын-Үүд боомт голдуу Хятадын санаачилгаар байн байн хаагдах болсон. Энэ нь Монгол Улсад сайнгүй нөлөө үзүүлж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон намынхаа Их хурал дээр “Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хичнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудын дотоод шаналал, сорилт байсаар ирсэн нь нууц биш ээ. Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна" гэж байсан юм. Тэгэхээр Ерөнхий сайд Бээжингийн олимпод очих үеэрээ энэ талаар Хятадын талтай тохироо хийж, хилээ хаалгахгүй байлгах нь нэн чухал, нийтийн анхаарал татсан асуудал болоод байгаа юм.

 

Магадгүй, Бээжингийн олимпийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь өмнөд хөршийн төр засагт хилээ нээлгэх гэсэн хүсэлт болон очиж байж мэдэх юм. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажилласан 2021 оны хувьд Монгол Улсад цар тахлын эсрэг вакцинжуулалт эрчимтэй явагдсан.

Үр дүнд нь өнөөдөр өдөр тутам гарч буй халдварын тоо буурсаар байгаа юм. Шинээр дэгдэж буй омикрон зэрэг хувилбарыг алдаж балрахгүй бол түүний тэргүүлсэн Засгийн газар цар тахлын тархалтыг вакцины хүчээр барьж дөнгөөд байна.

Харин энэхүү вакцинжуулах ажилд Хятад улс гол дэмжлэгийг үзүүлсэн байдаг. Тус улсад үйлдвэрлэсэн “Сенофарм” вакцин Монгол Улсын хүн амын дийлэнхийг дархлаажуулсан. Тиймээс өнөөдрийн үзүүлэлтийг амжилт гэж үзвэл тэр нь Хятад улс вакцинаар таслаагүйтэй холбогдож таарна. Иймээс Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаан дээр “Бээжингийн олимпийг дэмжинэ” гэсэн нь “вакцины талархал” болж буй бололтой.

Б.Тулгат

сонин.мн