УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сүүлийн хэдэн сарын турш илт байр сууриа өөрчилж, хоёр хуваагдсан АН-ын хооронд чөлөөт шилжилт хийх болсон.

Тодруулбал хэдхэн сарын өмнө С.Ганбаатар, Н.Алтанхуяг нартай нийлэн, Сүхбаатарын талбайд жагсаал хийж явсан тэрээр гэнэт л С.Эрдэнийн баруун гар болж, түүнээс АН-ын Тэргүүн Дэд Дарга гэх сэтэр хүртэл хүртсэн.

Энэ тухай бид: "Д.Ганбатыг гарцаагүй эрх баригчид л удирдаад байна даа..." нийтлэлдээ: "Х.Баттулгын бүрэн эрх дуусахтай зэрэгцэн, хэсэг зуур "төвийг сахигч" болоод байсан Д.Ганбат шинэ "удирдагч"-тай болжээ. Энэ шинэ "удирдагч" нь түүнд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгох эрх мэдэлтэйн сацуу мөн түүнийг АН-ыг эргэлт буцалтгүй хоёр хувааж буй С.Эрдэнийн талд оруулах сонирхолтой.

Шуудхан хэлвэл өнөөгийн эрх баригчид гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл Д.Ганбатыг гарцаагүй эрх баригчдын нэг нь л удирдаж байгаа нь илт болж байна." хэмээн дүгнэсэн билээ.

Тэгвэл мөн л нэгэн сонирхолтой баримтыг sonin.mn дэлгэж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, АН-ын Тэргүүн Дэд Дарга Дашдондогийн Ганбатын төрсөн дүү Дашдондогийн Ганцэцэг МАН-ын Бага Хурлын гишүүн болжээ. Өдгөө Д.Ганбат ахынхаа бизнесийг хариуцан, "Техник Импорт" ХХК-ы Гүйцэтгэх Захирлаар ажиллаж буй Дашдондогийн Ганцэцэг Баянгол дүүргээс МАН-ын Бага хуралд сонгогдсон байна.

 

Э.Мягмар

сонин.мн