Төсөвт тодотгол хийх тухай хуулиудын төслийг өргөн барилаа
2022/01/28
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд 2020-2021 онд Засгийн газраас иргэдээ вакцинжуулах, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжихэд чиглэсэн нийт 6.9 их наяд төгрөгийн цогц арга хэмжээг төсвөөс үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ.
Үүний үр дүнд 2021 оны 3 дугаар улиралд эдийн засаг 3.6 хувиар өсөж, 2021 оны жилийн эцэст экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Монгол Улсын 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 102.7 хувийн биелэлттэй, үүнээс Нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний 8.8 хувьтай тэнцүү байхаар батлагдсан төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 1.9 пунктээр сайжирч 6.9 хувьд хүрсэн эерэг үзүүлэлттэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.
Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалтыг үндэслэн 2022 оны улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх замаар Нийгмийн даатгалын сангийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашиглан ахмадуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхээр тооцож энэхүү хуулиудын төслийг боловсруулан өргөн барьжээ.
Төсвийн зохицуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023- 2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага ба алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг баримтлан төсвийн тогтвортой байдлыг хангах замаар хэрэгжүүлэхээр тооцсон байна.
Хуулийн төсөл батлагдсанаар цар тахлын цаг үед тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, өндөр настай иргэдийн амьжиргааг дэмжих эерэг үр дагавартай гэж төслийн танилцуулгад дурджээ.