Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа 

КОВИД-19-ийн үеийн Засгийн газрын санхүүжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг Сангийн сайд, УОК-т даалгалаа. Иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өгч байсан. Өнөөдрийн хуралдаанаар иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн.

Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны газрыг сэргээн байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тодруулбал, Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих хүрээнд дээрх үүргийг өгч байна. 

Мөн тус бодлогын хүрээнд хүнд аж үйлдвэрийн салбар, дэд бүтцээс гадна аялал жуучлал, ногоон хөгжил, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх ажил үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон улсын тэргүүлэх чиглэлийн урлагийн наадамд оролцох шийдвэрийг гаргалаа. 

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар мал эмнэлгийн газрын даргаар Д.Батчулууныг түр томилсон гэлээ

 

 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд

 “Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо.

Манай улсын хувьд иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг.

Харамсалтай нь манай улсын иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байна.

Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ" гэв. 

 

Соёлын сайд Ч.Номин

 "Каннын фестиваль, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохон зэрэгт ордог Венецийн Биеннальд орох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлаг болон кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадмуудад Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой боллоо.

Соёлын яамны гол чиг үүргийн нэг нь Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлах явдал юм. Жуулчин татах тал дээр түлхүү хамтарч ажиллана.

 Иймээс дэлхийн хэмжээний томоохон наадмуудад соёлын бүтээгдэхүүнийг таниулах нь чухал байна. Венецийн Биенналийн үеэр улс төр, урлагийн төлөөлөл, 8,000 гаруй хэвлэл мэдээллийн салбарынхан ирдэг. Тиймээс урлагийн бүтээлээр дамжуулан улсаа таниулах боломж бүрдэж байгаа. Бүтээлийн үнэлэмжийг дэлхийд өсгөхөд чухал үүрэгтэй. 

Манай улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байгаа. Томоохон продюссеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливүүдийн дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаадугаар сард эхний кино нь орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн" гэлээ.