Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо маргааш хаалттай хуралдахаар болжээ. Хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх юм байна. 

Тодруулбал, Хөгжлийн Банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчдэд хариуцлага тооцох, цаашлаад намын гишүүнээс хасах арга хэмжээг авах талаар мэдээлэл гараад байна. 

Тус нам гэмт хэрэгт холбогдон гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гишүүддээ шинэ дүрмийнхээ хүрээнд намаас түдгэлзүүлэх шийдвэрийг гаргахаар болсон. 

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй" гэдгийг өмнө нь хэлж байв.