МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар 

Хөгжлийн Банкны асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ сарын 28-ны дотор дүрмийн зүйл заалтыг зөрчсөн намын гишүүдийн судалгааг гаргаж ирүүлэхийг үүрэг болгож байгаа. Намын гишүүд холбогдох хууль хяналтын байгууллагаас ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн тодорхойлолт хавсаргадаг болсон.

Хэрэгт холбогдоод шийдэгдээгүй, шалгагдаж байгаа намын гишүүдийн асуудал бий. Гэмт хэрэгт холбогдсон намын гишүүд намаас түдгэлзэх хүсэлтээ өөрсдөө ирүүлэх ёстой. Энэ 30 хоногийг өнөөдрөөс эхлэн тоолно. 

Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой асуудалд намын нэр бүхий хүмүүс холбогдсон. УИХ, Хөгжлийн Банкан дээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа. Хууль хяналтын байгууллага дээр МАН-ын гишүүд Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар яллагдагчаар татагдсан мэдээлэл байхгүй байна. Хяналтын ерөнхий хорооноос уг зээлийн асуудлаар нэр холбогдсон хүмүүсийн тус бүрийн нэрээр албан хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад явуулахаар шийдвэрлэлээ. 

Хуулийн байгууллагууд хамтарч ажиллан лавлагааг цаг хугацаа алдалгүй гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Ажлын гурав хоногт багтаан албан тайлбар ирүүлэхийг найман гишүүнд үүрэг болголоо.

Тодруулбал: 

  1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
  2. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  3. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  5. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  6. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  7. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн 
  8. НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нарт үүрэг болгосон. 

Хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд 30 хоногийн хугацаанд намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө ирүүлэхийг тогтоолд тусгалаа. МАН-ын дүрэмд 300 гаруй гишүүдийн санал туссан. Нэг ч гишүүнд ялгавартай хандах боломжгүй.

Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэллээ гэж ойлгож болно. Шинээр нөхцөл байдал үүсвэл Хяналтын ерөнхий хороо хариуцлагын асуудалд анхаарал хандуулна" гэлээ.