Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зо­­хи­­цуу­­­­­­­лах зөвлөлийн дарга Д.Монголхүүтэй ярилцлаа.

Та болон МоАХ-ы Ерөнхий Зохицуулах Зөвлөл МоАХ-ы 5-р их хурлыг зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил ямархуу түвшинд явна вэ? Ардчилсан холбооны анхдагчид, гишүүд, дэмжигчид та бүхэнтэй хэр их холбогдож байна вэ?

 

Бэлтгэл ажил хангагдаад дуусч байна. Сая болж өнгөрсөн зөвлөгөөнд оролцсон болон оролцож амжаагүй гишүүд, мөн Монгол орны өнцөг булан бүрээс л холбогдож, оролцоно гэдгээ хэлж байна. Хүнээ багтааж чадахгүй байх вий гэдэг айдастай л байна.

 

Гишүүд, дэмжигчид голчлон юу гэж байх юм?

 

Янз бүрийн л зүйл ярьж байна. Дэмжиж байгаа байр сууриа янз бүрийн байдлаар л илэрхийлж байгаа. Дийлэнх нь цаг нь болсон, ингэмээр дээ, ийм юм байх ёстой гэж хэлж байна. Өөрсдийнх нь бахархал, үнэт зүйл болсон байгууллага нь сүүлийн 10 гаруй жил идэвхгүй байсан нь гишүүдийн хувьд хүлээлт үүсгэчихсэн байж.

 

Монголын Ардчилсан Холбооны  бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Хэрэг Эрхлэх Газар, Хяналтын зөвлөлийнх нь удирдлагууд бол таныг МоАХ-ы гишүүн ч биш гээд байгаа шүү дээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

 

Үүнд би тайлбарлахаас илүүтэй Д.Пүрэвбаатарын хэлсэн үгийг харсан нь зөв байх.Бичлэг дээр тэр хүн өөрөө хэлж байгаа. Д.Монголхүү МоАХ-ы гишүүн биш гэсэн. Тэгсэн хэр нь надад байгаа батлахыг энэ бол сүүлд өгсөн жижиг үнэмлэх гэж байгаа юм. Тэр нь юу гэсэн үг вэ? гэхээр энэ хүн гишүүн мөн гэсэн үг. Сүүлд нь үүнийг бид шинэчилсэн гэж байгаа биз.

Тэр нь бүртгэлээсээ Д.Монголхүүг хасчихсан гэсэн үг байхгүй юу.

 

Нэгдүгээрт, МоАХ бол гишүүнд үйлчилдэг ТББ биш. Нийгэмд үйлчилдэг ТББ.

 

Хоёрдугаарт, Энэ утгаараа МоАХ хатуу гишүүнчлэлтэй байх шаардлагагүй. Эрх чөлөөний үзэл санаатай, эрх нь зөрчигдсөн иргэдийн нэгдэл байх ёстой. Хэрэв МоАХ үйл ажиллагаагаа зүй зохистой явуулж байсан бол Монголд Хүний Эрхийн Үндэсний Комисс гэж байгууллага байх шаардлагагүй байсан. Үүний ориг хувилбар нь МоАХ. Эрх нь зөрчигдсөн Монгол иргэд МоАХ-руу жим татуулж байх байлаа.

Тэр Д.Пүрэвбаатарын яриан дээр би өгчихсөн юм аа, тэгснээ хасчихсан юм аа гээд худлаа яриад байгаагаа өөрийнхөө үгээр нотлоод байна шүү дээ.

 

 

Ер нь бол би 1999 онд 16 нас хүрээд МоАХ-ы гишүүн болж, батлахаа авч байсан.Гэтэл 2000 оноос өмнөх МоАХ-ы архивыг устгачихсан юм билээ.

 

МоАХ-ы даргаар ажиллаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэдэг. Та үйл ажиллагааг нь хэрхэн дүгнэдэг вэ? Х.Баттулга МоАХ-ы даргын ажлыг сайн хийсэн үү? Муу хийсэн үү?

 

Нийгэмд үйлчлэх ТББ гэдэг утгаараа надад гологддог. Гишүүддээ үйлчлэх тал дээр бол би мэдэхгүй байна. Яагаад гэвэл би МоАХ-ы сүүлийн 10 гаруй жилийн үйл ажиллагаанд оролцоогүй учраас. Зарим нь байр өгсөн, авсан гээд ярьдаг. Гэхдээ байр өгөхдөө ордерыг нь өгөөгүй гэх мэт явган ярианууд байдаг. Би түүнийг нь сайн мэдэхгүй. Нийгэмд, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан парламент ёс гээд анх МоАХ үүсгэн байгуулагдсан үндсэн 5 зорилгынхоо хүрээнд Х.Баттулга гэж хүн юу хийсэн тухай ярих гэж байгаа бол үүнийг бид бүгд л харж байгаа шүү дээ.

 

МоАХ-ы хяналтын зөвлөлийн дарга нь та болон С.Эрдэнэ нарыг холбооны нэрийг барьж, залилан хийж байна гэж үзэн, Цагдаагийн Ерөнхий Газарт гомдол гаргасан. Ер нь таны ард С.Эрдэнэ байгаа, АН-ыг хагалсан шигээ МоАХ-ыг хоёр хуваах гэж байна гэж тус холбооны өнөөгийн удирдлагууд ярьж байгаа. Энэ талаар та юу гэх вэ?

 

Одоо удирдаж байгаа, өнөөгийн удирдлагууд гэж ярих нь өөрөө буруу сонсогдоод байна. Харин одоо үйлчилж байгаа дүрэм, одоо удирдлагад байгаа хүмүүс, одоо даргалж байгаа хүмүүс өөрсдөө эрхзүйн чадамжтай юу? гэдэг асуултанд хариулах ёстой.

 

 

Д.Монголхүүгийн ард С.Эрдэнэ байгаа юу? гэж. МоАХ-ы асуудал дээр С.Эрдэнэ байна уу, Ц.Элбэгдорж байна уу, Б.Билэгт байна уу, С.Билэгсайхан нь байна уу, Ц.Энхтүвшин нь байна уу, С.Зориг нь байна уу, Э.Бат-Үүл нь байна уу, Д.Сосорбарам нь байна уу, бүх үүсгэн байгуулагчид Д.Монголхүүгийн ард байгаа. Бүх үүсгэн байгуулагчид нь. Анхны партизанууд, гишүүд, дэмжигчид бүгд байгаа.

 

 

Яагаад гэвэл энэ хүмүүс үнэт зүйл дээрээ нэгдсэн хүмүүс. Ардчилсан намыг хоёр хуваасан, туйлдуулсан, одоо МоАХ-ыг тэгэх гэж байна гэж ирээд ярих юм. Өөрийн чинь хэлж байгаа тэр удирдах зөвлөлийнхөн 10 гаруй жил энэ байгууллагад суучихсан, энэ хүмүүс дараагийн хүмүүсдээ үйл ажиллагаагаа шилжүүлчих гэхээр яагаад болохгүй байгаа юм? Би ойлгохгүй байна. Тэд нар л ийм яриа дэгдээгээд байгаа. Бидний зүгээс тийм зүйл ярихгүй байгаа биз дээ? Үүнийг анзаарч байгаа юу? Бид огт тийм зүйл ярихгүй байгаа. Бид ганцхан МоАХ гэдэг холбоо эрх чөлөөгөө манаач ээ. Хүний эрх, эрх чөлөө капут болчихлоо гэдгийг л яриад байгаа шүү дээ. Өнөөдрийн төр засаг хүний эрх, эрх чөлөөг капут болгож байна. Өнөөдөр төр засгийг хэн барьж байгаа юм? МАН барьж байна. Ер нь бол МАН гэдэг институцитэй зодолдох гээд ч байгаа юм биш. МАН хүний эрх, эрх чөлөө рүү халдахгүй, хумихгүй, тордоод аваад явбал тэнд бид МАН-тай зодолдох ямар ч шаардлага байхгүй. Гэтэл үнэхээр хүний эрхийг хумиад байна шүү дээ. МоАХ-ы ах эгч нараа, дүү нараа эрх чөлөөгөө хамгаалцгаая гэж л уриалаад байгаа шүү дээ.

 

Монголын Ардчилсан Холбоо цаашид ямар хэлбэрээр, ямар арга замаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж та үзэж байгаа вэ? Түүхэн үүргээ гүйцэтгэсэн гээд татан буулгах ёстой юу? Эсвэл нам болох ёстой юу? Ер нь МоАХ-ы ирээдүйг та юу гэж төсөөлж байна?

 

МоАХ нам огт болохгүй. Огтхон ч үгүй. Энэ өөрөө олон намын нэгдэл юм. Гэхдээ нэг онцлоготой. Тэр нь коммунист нам байж болохгүй. Коммунист угшилтай нам байж болохгүй. МАН өнөөдөр 100 жилээ тэмдэглэж байна. Анх үүсэхдээ коммунист нам байсан. 1990-1996 оны хооронд үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулаад социаль демократ нам болсон. Хэрэв үнэт зүйл, дүрэмдээ үнэхээр үзэл санааны өөрчлөлт хийж байгаа юм бол, коммунист намаас социал демократ гэдэг үнэт зүйлийн өөрчлөлт хийж байгаа бол эхлээд коммунист намаа татан буулгаад, улсын бүртгэлээс хасуулж, бүр байхгүй болгоод, үүний дараа социал демократ МАН-аа байгуулах ёстой. Зүй нь бол ингэх ёстой. Гэтэл тэгээгүй, зөвхөн цаасан дээр үүнийг биччихээд 100 жилийн түүхээ чирээд явж байна гэдэг нь коммунист нам шүү дээ. МАН л МоАХ-д байж болохгүй. Тэр бол дүрмийн хувьд, ёсзүйн хувьд, үнэт зүйлийн хувьд зөрчилдөх асуудал байхгүй юу. Яагаад гэвэл МоАХ нэг намын дарангуйллыг, коммунист дэглэмийг эсэргүүцэж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, тэр том дарангуйллыг зад цохиж гарч ирсэн холбоо юм.

 

МоАХ бол парламентат ёс, олон ургальч үзлийг дээдэлсэн, ардчиллын төлөөх олон намуудын нэгдэл байхгүй юу. Олон намуудын нэгдэл учраас МоАХ өөрөө нам болж болохгүй байгаа биз? МоАХ нам болж үйл ажиллагаа явуулахгүй. Харин миний төсөөллөөр, манай баг, хамт олны төсөөлж байгаагаар, МоАХ-ыхны хүсч байгаагаар үзэл санааны эх ундарга нь МоАХ байх ёстой. Эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалдаг бат цайз, хэрэм нь байх ёстой. МоАХ цаашдаа яаж явах вэ? гэдгийг V Их хурал дээрээ гишүүддээ ярина. Одоо ярихад жаахан эрт байна. Тэр үедээ дэлгэе. Бодсон, хэрэгжүүлэх гоё санаанууд байгаа.

 

 

Баярлалаа.

 

Ярилцсан М.Чойжал