МоАХ-ы бодлого, үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Отгонхүү мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр:  "МоАХ гэж нэрийг ашиглан нийгэмд худал мэдээлэл тарааж, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг удаа дараа, зохион байгуулалттай хийж байгаа С.Эрдэнэ, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүсийн талаар мэдээлэл өгч байна. Өнгөрсөн 3 сарын 7-ны өдөр МоАХ-ы V Их хурлыг зохион байгуулж байна гэх мэдээ, мэдээллүүд явсан. Эдгээр иргэд тухайн хурлын шинж чанартай үйл ажиллагаанаасаа Д.Монголхүүг МоАХ-ы даргаар томилсон мэт хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн үйл ажиллагааг явууллаа. Энэ үйл ажиллагаа бүр 2021 оны 12 сараас эхлэн шат дараатайгаар явж байгаа. Тухай бүрт нь МоАХ-ы ХЭГ, УЗ-өөс тайлбар хийж байсан.

 

Иргэн Д.Монголхүү нь анх 2021 оны 12 сарын 4-ний өдөр МАН-ын байрны гадаа МоАХ-ы залуу гишүүд шаардлага хүргүүлж байна гэх нийгэмд худал мэдээлэл тараасан үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл цуглуулан хийсэн.Үүндээ МоАХ-ы туг, лого, нэрийг ашигласан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж мэдэгдсэн. Уг гомдлыг хүлээж аваад, эдгээр хүмүүс нь МоАХ-г төлөөлөх эрхгүй байна гэдэг тайлбарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тайлбар ирүүлсэн байдаг. Мөн дараа нь хийсэн МоАХ-ы зөвлөгөөн гэх утгатай үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ЦЕГ-т гомдол гаргасан. Үүний хариуг 2022 оны 3 сарын 9-ний өдөр МоАХ-д ЦЕГ-ын мөрдөн байцаах албанаас ирүүлсэн байна.

Энэ бичигт гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хуульд зааснаар хэрэг нээн шалгаж байна гэсэн .2 сарын 18-нд болсон хурал, цуглаан гэх үйл ажиллагаа нь цахим нэртэй Ардчилсан намаас санхүүжилт авч Соёлын төв өргөөний түрээсийг төлсөн байгаа.

 

Мөн иргэн Л.Ганхөлөг нь өөрийн нэр дээр данс нээн, хандив цуглуулж, иргэдийг залилсан үйлдлүүд ч гарсан. Эдгээр хүмүүс удаа дараа ийм үйл ажиллагааг зохион байгуулж буй бөгөөд үүнд нь иргэд хууртах магадлалтай байна. Энэ увайгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлээ таслан зогсоохыг удаа дараа шаардсан хэдий ч үл тоомсорлож байгаа тул хуулийн байгуулагад хандахаас өөр аргагүй болж байна. МоАХ бол 21 аймаг, 9 дүүрэгт салбар нэгжтэй байгууллага. Гэтэл 300 орчим хүн бүртгүүлсэн хурал гэж зарлаад, 100 хүрэхгүй хүнтэй хурал нэртэй үйл ажиллагаанаасаа иргэн Д.Монголхүүг даргаар сонголоо гээд явж байна. Энэ хуралд суусан холбооны гишүүн бус 100 хүрэхгүй хүн МоАХ-ыг төлөөлөх ямар ч боломжгүй." гэлээ.