2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр. Хотын дарга, Улсын баатар Э.Бат-Үүл Баянгол зочид буудлын оффист ирэв. Яагаад гэж үү?

Учир нь тэр өдөр цагдаагийн тусгай хүчнийхэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын  Баянгол зочид буудлын оффисыг бүхэлд нь бүсэлж, нэгжлэг хийн, баримт бичиг битүүмжилж улс даяар дуулиан тарьж байлаа. Баатар Бат-Үүл энэ бүхнийг хууль ёсны эсэхийг тодруулаад чимээгүйхэн тэндээс явж одсон юм. Зөв. Тэгэх л ёстой. Хуулийн дагуу ажиллагаа  явуулж байгаа бол хэн ч саад болох учиргүй.  Хууль  засагласан ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа учраас тэр. Тэр 1990 онд  үүний л төлөө  тэмцсэн. Дарга төвтэй, нам төвтэй нийгмийг халахын төлөө, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байхын төлөө, хууль засагласан ардчилсан шударга нийгмийн төлөө тэр тэмцсэн, ялсан. Үүнийх нь төлөө түүнд Монгол Улс Баатар цол олгосон. 

 

Гэтэл тэмцэж олсон тэр ардчиллаа, тэр шударга ёсоо, хууль бүхнээс дээгүүр байх ардчиллын зарчмаа өөрөө гэмт хэрэгт холбогдож ял сонсуут үгүйсгэн давшилж байгаа нь сонин. Шүүх буруутайг нь тогтоогоод шийдвэрээ гаргачихсан байхад хамгаалсангүй өмгөөлсөнгүй, Х.Баттулгын захиалга гэж учир зүггүй давшилж байгаа нь лав ардчилагчаас гарах үйлдэл биш. 1990 онд хүн бүхэн тэгш эрхтэй, хууль засагласан нийгэм байгуулсан болохоос биш Э.Бат-Үүлээс бусдад хууль үйлчилдэг нийгмийг бүтээгээгүй. Яагаад түүнийг шалгаж, буруугийнх нь төлөө ял өгч болохгүй гэж...? Х.Баттулга, өөр хэн ч байлаа түүнийг хамгаалах ёсгүй. Энэ л ардчилал биш бил үү. 

 

Э.БАТ-ҮҮЛИЙГ ЯАГААД БУРУУТГАВ?

 

Баатар Э.Бат-Үүл хууль бус зүйл хийсэн үү гэж үү. Хийснийг нь шүүхээр нотлоод ял оноосон. Энэ түүх ингэж эхэлсэн байдаг. Хотын дарга Э.Бат-Үүл Улаанбаатарыг утаанаас салгахын тулд   “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийг хэрэгжүүлсэн. Мэргэн санаа, түүний зөв.  Гэтэл дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтыг хийх компаниар өөрийнхөө хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компанийг шалгаруулах нь тэр. Тендерт өрсөлдөж байгаа олон компанийн дунд хүүгийнх нь компани байгааг алба чухал, ажил ихтэй хотын дарга мэдээгүй байж болно. Үнэхээр мэдээгүй байж болно шүү дээ. Тендерт шалгарсан компанийг баталгаажуулж, хамгийн сүүлд гарын үсэг зурахдаа ч хүүгийнх нь компани гэдгийг ажил ихтэй дарга анзаараагүй байж бас л  болно. Хэрэв тийм бол ажилдаа хайхрамжгүй хандсан тэр гэм нь мөнгөн торгууль зэргээр өнгөрч болох биз.

 

Гэтэл хамгийн ноцтой нь тэр энэ бүхнийг бүр эхнээс нь мэдэж байсан байдаг. Мэдэж байсныгаа ч “Улаан бал” нэвтрүүлэгт орох үедээ батлан хэлж, бүр “Хүүгийнхээ нь компанийг оруулсандаа одоо ч баярладаг, хүү минь аавыгаа дэмжсэн”  хэмээн даналзаж билээ. Хүү нь өөрийнх нь удирдаж байгаа ажлын тендерт ороод ашиг олох гэж байгааг тэр мэдэж байсан гэсэн үг. Түүнд Баатар цол авчирсан өнөөх тэгш эрх, шударга ёс хаачив? 

 

Ингэж хотын даргын хүү тендер авлаа. Тендер авсан компанийн нэр хүнд өснө, үнэлэмж нэмэгдэнэ. Учир нь  компани  болгон тендерт ялаад байдаггүй юм. Гэтэл Хотын дарга Э.Бат-Үүл баатарын төрсөн хүү Б.Чулуудайн компани шалгарч л байдаг. Дарга аавынхаа дэмжлэгээр дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтыг хийхээр болсон Б.Чулуудай хийх ёстой ажлаа хийлгүй “Гранд лайн” компаниа “Бэрэн” группт зарчихав. Гэтэл “Бэрэн” группт Б.Чулуудайн компанийг худалдаж авах мөнгө байгаагүй учраас ТОСК тэр мөнгийг нь өгсөн гэдэг. ТОСК Б.Чулуудайн “Гранд лайн” компанийг “Бэрэн” компанид худалдаж авч өгсөн гэсэн үг. Ингээд АТГ-аас ТОСК-ийн дарга асан А.Гантулгыг баривчилж, мэдүүлэг авахад “Э.Бат-Үүл баатар л тэр мөнгийг өг гэсэн” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэр бүү хэл өнөөх мөнгөнөөс Б.Чулуудай аав Э.Бат-Үүлийнхээ данс руу шилжүүлсэн гэдэг. Гэхдээ арай ч үгүй байх гэж би одоо ч найддаг. Энэ бүх шударга бус үйлдлийнхээ төлөө Баатар Э.Бат-Үүл 2022 онд шүүхээс 4 жилийн хорих ял сонссон юм.  

Э.Бат-Үүл баатарын гомдол бол, ардчиллын баатрыг шоронд хийлээ, ардчилагчаа буруутгалаа, Х.Баттулга хамгаалсангүй, Х.Баттулга үүнийг захиаллаа гэдэг.

 

Х.БАТТУЛГА ЭНД ХАМААТАЙ ЮУ?

 

Баатар Э.Бат-Үүлд холбогдох энэ хэрэг 2015 онд үүссэн байдаг. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч байгаагүй. Энэ хэрэг 2022 онд шийдэгдсэн. Энэ үед харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буучихсан байлаа. Тэгэхээр энэ бүхний яг хаана нь Х.Баттулга хамаатай болж таарав аа. Эсвэл Ерөнхийлөгч болоод ардчилалд оролцсон хүн бүрийг шалгаж болохгүй, буруутгаж болохгүй гэж зарлиг гаргах байсан юм болов уу.  Хэрэв тэгсэн бол Э.Бат-Үүл Х.Баттулгад хайр зарлах байжээ дээ. Тэртээ 1990 онд ийм шударга бус зүйлийн төлөө монголчууд ардчилсан хувьсгалыг хийсэн юм гэж үү... Бидний амьдарч буй ардчилсан нийгэм, монголчуудын дээдэлдэг ардчилал Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудайд өртэй юу...  

 

Сэтгүүлч Х.Болортэнгис