УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцорсон ч өдийг хүртэл УИХ-ын дарга, нутаг нэгт Г.Занданшатарыг гуйн, уг шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулалгүй яваа Д.Ганбат, АН-ын даргаас дүрмийн дагуу 2020 онд огцорсон ч өнөөг хүртэл "Би энэ намыг өгөхгүй" хэмээн дураараа аашилж яваа С.Эрдэнэ нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ.

 

Энэ үеэрээ С.Эрдэнэ: "Намын даргын сунгаанд хоёр хүн нэр дэвшээд, хөдөө орон нутгаар сурталчилгааны ажил хийгээд явж байна. Уг сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар оролцож байгаа нь Монголд хууль ямар хэмжээнд хэрэгжиж байгааг харуулж байна. 

Үүнтэй холбоотойгоор АН-ын хаяг, тэмдэг, тамгыг хууль бусаар ашигласан эдгээр иргэдийг АТГ болон ЦЕГ-т шалгуулахаар өргөдөл гаргасан. Тодруулбал, өөрийгөө АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга гэж нэрлэж яваа И.Мөнхжаргал, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга гэх Б.Ган-Очир болон бусад хүмүүс зохион байгуулалттайгаар АН-ын туг тэмдгийг ашиглан, даргын сунгаа зарласан учраас хуулийн байгууллагад өгч байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ыг хагалан бутаргах, нэр хүндийг нь унагаах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа явуулсан. Энэ хүнийг хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаад гайхаж  байна." гэсэн нь АН-ын жирийн гишүүдийн инээдийг хүргэсэн яриа болжээ.

 

Учир нь 1990 оноос хойш анх удаа МАН-ыг татан буулгахаар зориглож, зарлиг гаргаж байсан Х.Баттулгын дэргэд С.Эрдэнэ бол жинхэнэ намаасаа урвагч билээ.

 

Хэрэв С.Эрдэнэ л намынхаа үндсэн дүрмийг биелүүлж, нэгэнт хүлээлгэн өгсөн тамгаа буцаан авч, эрх баригчдын тоглоом болоогүй бол АН өнөөдөр хоёр хуваагдахгүй байх байв.

Мөн С.Эрдэнэ л АН-ын даргаас дүрмийн дагуу 2020 онд огцорсон ч АН-ын туг тэмдгийг хууль бусаар ашиглаж яваа.

Өөрөөр хэлбэл АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга, АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга  И.Мөнхжаргал, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга  Б.Ган-Очир нар бус АН-ын дарга асан С.Эрдэнийг Цагдаагийн Ерөнхий Газар шалгаж, хууль бус үйлдлийг нь таслаан зогсоох нь шударга ёсонд нийцнэ.

 

О.Чулуу

sonin.mn