Н.Энхбаяр: Долларын ханшийн өсөлтийг Монголбанк шийдэж чадахгүй, УИХ, Засгийн газрын хэмжээнд хөдлөх ёстой
2022/03/23
Ам.долларын ханш өчигдөр 19:00 цагийн байдлаар Найман шарга валют арилжааны төв дээр 3000 төгрөгтэй тэнцлээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 150-200 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт энэ юм. Ханш өсч байгаа энэ нөхцөл байдал дотоодын бизнесүүдэд улам хүнд цохилт болсоор байна.
Арилжааны банкууд ам.долларын гүйлгээндээ лимит тогтоож, зарим нь бүр тас хорьж байна. Ам.долларын ханш хурдацтай өсч байгаа үндэслэлийг өнгөрсөн хугацаанд албаныхан тодорхой тайлбарлаж чадахгүй хэвээр байна. Ханшийн өсөлтийг сааруулах дорвитой ажлууд ч хийгдсэнгүй. Үүнийг дагаад олон нийт, бизнес эрхлэгчдийн дунд бухимдал бий болсоор байгаа нь анхаарал татаж байгаа юм. Манай үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг өдөр бүр суларсаар байгаа энэ үйл явцад хэн хариуцлага хүлээх вэ, хариуцах эзэн ерөөс олдох эсэх нь ч эргэлзээтэй хэвээр байна. Засгийн газар, УИХ-ын түвшинд энэ асуудал хүчээ авахгүй байгаа нь бүр ихээр эргэлзээ, таамаглалыг бий болгосоор байгаа нь нууц биш. Орос Украины дайн эхэлсэнтэй холбоотойгоор ОХУ-д рублийн ханш огцом унаж, ам.долларын ханш өссөөр байгаатай холбон тайлбарлах хэсэг ч байгаа юм.
Нэг ёсондоо ОХУ руу Монгол Улсаас ам.доллар гаргах явц тасрахгүй байна, их хэмжээгээр гаргаж байна гэх таамаглал, үндэслэлийг олон нийт ярьсан хэвээр байна. Харин албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт 100 орчим хүн 1.1 сая ам.доллар буюу гурван тэрбум төгрөгтэй тэнцэх валютыг хилээр бэлнээр гаргажээ. Харин нууцаар валют гаргахыг оролдсон хоёр удаагийн тохиолдол хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн байна.
Б.Лхагвасүрэн: Дайнтай холбоотойгоор зохиомол зүйлс их гарч ирж байгаа
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Аливаа улсын гадаад валютын нөөц ханштай холбоотой асуудлын суурь нөхцөл нь төлбөрийн тэнцэл. Барааны тэнцэл нь Монгол Улсаас ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн экспортолж, импортолж байна гэдгийг харуулдаг. Энэ бүгдийн нийлбэрээр улсын төлбөрийн тэнцэл гардаг. Төлбөрийн тэнцэл ашигтай бол валютын нөөц бүрддэг. Хэрэв алдагдалтай бол валютын нөөц буурдаг. 2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. Тус оны нэгдүгээр сарын 1-нд валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан бол энэ оны мөн үед 4.3 тэрбум ам.доллар болсон. Өнөөдрийн байдлаар 3.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ оны гурван сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна. Энэ бол манайхыг экспортоос давсан импорттой байна гэдгийг харуулж байна.
Олон улсын мөргөлдөөнөөс үүдэн өөр нөхцөл байдал үүсч байна. Гэсэн ч улсын эдийн засгийн 92 хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр хэвээр байна. Ийм боловч түвэгтэй нөхцөл байдал үүссэн нь өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн БНХАУ-д цар тахлын тэг нөхцөл үүссэнтэй холбоотой. Түүхий эдийн үнэ сайн байгаа ч хилийн хорио цээрээс үүдэн бид нүүрсээ гаргаж чадахгүй. Улмаар бид орлого олж чадахгүйгээс төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, валютын нөөц, ханшийн үзүүлэлтэд дарамттай гарч байна. Гэхдээ тодорхой хугацааны дараа валют тогтворжино гэж харж байна” гэсэн өөдрөг таамаглалыг хэллээ.
Үүний тулд Монголбанкны зүгээс эрх баригчдад хандаж хэмнэж болох зардалд таналт хийх саналыг тавихаар болсноо дуулгав. Тансаг хэрэглээний зардал дотор өндөр үнийн дүнтэй автомашины импорт багагүй хувийг эзэлж байгаа гэнэ. Энэ тухай төв банкны ерөнхийлөгч хэлэхдээ “Өнгөрсөн онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийсний 30 гаруй хувь хэрэглээнийх. Ялангуяа автомашины импорт буюу "Ланд-300", "Лексус-600" зэрэг тансаг зэрэглэлийн автомашины худалдаа ихэнх хувийг эзэлсэн бөгөөд дунджаар 500-600 сая ам.долларыг зарцуулсан. Уг тансаг хэрэглээний худалдан авалт энэ онд өсөх хандлагатай болсон нь валютын нөөц, ханшид дарамт үүсгэж магадгүй гэсэн болгоомжлол байна” гэсэн юм.
Арилжааны банкууд ам.доллараар гүйлгээ хийхгүй байгаа асуудалд тэрээр хариулахдаа “Банкуудад валютын нөөц хангалттай бий. Хэдийг, хэнд өгөхийг нь төв банкнаас зааварчлах, чиглэл өгөх асуудал хуулиараа байхгүй тул оролцохгүй” гэсэн бөгөөд Найман шарга валют арилжааны төв дээр үүссэн хомсдолын талаар хэлэхдээ “Найман шарга дээрх ханш зохиомол. Бодитоор ам.долларын эрэлт гараад, төгрөг долларын эсрэг сулрах суурь нөхцөл бүрдээгүй. Түүнчлэн дайнтай холбоотойгоор зохиомол зүйлс их гарч ирж байгаа. Тухайлбал, төгрөгийн хадгаламжтай байсан иргэд хөрвүүлэх маягаар долларын хадгаламжтай болох байдал ажиглагдсан. Төгрөгийг доллар руу хөрвүүлэх асуудлыг Төв банк бодлогын хувьд дэмжих боломжгүй. Тэр утгаараа тодорхой хэмжээний хязгаарлалт тавих асуудлыг судалж байна” хэмээв.
Ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцэн анхаарал татаж байгаа өөр нэг зүйл бол рублийн ханш. ОХУ-д навсайтал унаж байгаа рубль манайд үнээ барьсаар байгаа. Нэг ёсондоо онцгой савалт үүсэхгүйгээр тогтвортой хэвээр байгаа юм.
Эдгээр сэдвүүдэд эдийн засагчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Эдийн засагч Н.Энхбаяр: Макро эдийн засгийн хэмжээний асуудал болчихоод байна
-Энэ асуудалтай холбоотойгоор нөхцөл байдал маш тодорхойгүй байна. Манайхаас хамаарахгүй асуудлууд ч байгаа. Үүнд Монголбанк ганцаархнаа мэдэгдэл хийгээд, хөдлөөд шийдчих боломжгүй. УИХ, Засгийн газрын түвшинд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Энэ бол ерөөс ганц ханшийн асуудал биш шүү. Макро эдийн засгийн хэмжээний асуудал. Тиймээс энэ чиглэлд бодлогын өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстойг л харуулж байна. Гэтэл манай төр засгийн хэмжээнд маш удаан ажиллаж байна. Угтаа бол УИХ хаврын чуулганаа нээчихлээ. Үргэлжлээд макро эдийн засгийн бодлогын тохироог шуурхай хийх хэрэгтэй байгаа юм. Сая хэлсэнчлэн ханшийн өсөлт гэдэг нэг л асуудал. Гэтэл манайд олон талт асуудал бий болчихоод байна. Зөвхөн мөнгөний бодлого, гадаад худалдаа, төсвөөр хязгаарлагдахгүй. Эдгээрт нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийг тодорхой болгож, хөдөлгөөнд оруулах шаардлага харагдаж байна.
Эдийн засагч Д.Ангар: Валютын ханшийн гол хариуцагч нь төр
-Долларын ханшийн өсөлтийн гол хариуцлага хүлээх хэсэг бол төр өөрөө. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын төр эдийн засгийн маш буруу бодлого явуулж ирсний гор өнөөдөр гарч байгаа юм. Дахиад л давтаж хэлье. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй, бүх юмаа гаднаас авдаг. Арай гэж олсон хэдэн доллараа хэрэглээгээ хангахаар гадагшаа урсгачихдаг. Гэтэл доллар олох төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс нь хил дээр гацчихсан байна. Тийм учраас долларын урсгал татарчихсан гэсэн үг. Гэтэл бидний хэрэглээ, импортын урсгал хэвээрээ, зогсохгүй байгаа. Ингэхээр яалт ч үгүй валютын хомсдол үүснэ.
Дайнтай холбоотойгоор ОХУ-д доллар өсч, Монголоос гаргаж байгаа гэх асуудал бол шалтаг төдий. Байлаа ч дотоодод хомсдол үүсгэх хэмжээнд очихгүй. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчийн өнөөдрийн (өчигдөр) мэдэгдэлд дурдсан тансаг хэрэглээнд татвар ногдуулъя гэдэг зөв. Гол нь төр үүн дээр анхаарч, ажиллах хэрэгтэй байна.
Эдийн засагч Б.Лакшми: Дотоодын бизнесийн мөчлөг эхэлсэн учраас валютын эрэлтнэмэгдэж байна
-Ам.долларын өсөлтөд хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл экспорт саарсан асуудал байгаа юм. Бид хангалттай хэмжээний валют оруулж ирж чадахгүй байгаа. Хоёрдугаарт, цаг агаар дулаараад эхлэхээр бизнесийн идэвхжил нэмэгддэг. Тэд өөрсдийн үйлдвэр, үйлчилгээгээ нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүн захиалах зэргээр хөдөлгөөнд ордог. Нөгөө талаар хаврын улиралд ноолуур гарч, тариалалт эхэлнэ. Үүнийг дагасан бизнесүүд хөдөлнө. Нэг ёсондоо бизнесийн мөчлөг эхэлж байгаа юм. Тэгэхээр яалт ч үгүй ам.долларын эрэлт нэмэгдэж таарна.
Дайнтай холбоотойгоор дотоодын ам.долларыг ОХУ руу гаргаж байна гэж би харахгүй байна. Гаргахаа тулахад манайх шилжүүлгээр л гаргана. Гэтэл ОХУ өөрөө улс хоорондын бэлэн мөнгөний шилжүүлгийн системээс хасагдчихсан. Тиймээс шатахуунаа олон улсын зах зээл дээр худалдаалах боломжгүй. Яахав, үүнтэй холбоотойгоор хойд хөрш алдагдлаа нөхөхийн тулд манай улсад шатахуунаа өндөр үнийн дүнгээр худалдаалж байхыг үгүйсгэхгүй. Арилжааны банкууд ам.долларыг зохиомлоор хомсдуулаад байгаа тухай дээр эсрэг саналтай байна. Нэг ёсондоо энэ бол хориотой. Мөнгө гэдэг зүйл банкин дээр эргэлдэж байж өсч үрждэг. Эргэлт байхгүй болчихвол банкууд өөрсдөө хохирно.
Рублийн хувьд олон улсын зах зээл дээрх мөнгөн гүйлгээний дүнгийн 0.2 хувийг л эзэлдэг, хөдөлгөөн багатай валют. Рублийн ханш унаж байгаа асуудал ОХУ дотроо л үүссэн нөхцөл байдал. Түүнээс биш гадагшаа нөлөөлж, манай улсад ханшийг нь барих хэмжээнд хүргэх нөлөө байхгүй. Тэгээд ч манайх ОХУ-аас авдаг том худалдан авалт болох нефтиэ ам.доллараар хийдэг. Тэгэхээр манай улсад рублийн ханш тогтвортой байх үндэслэл бол эдгээр зүйл юм гэв.