Н.Наранбаатар: “Петрочайна Дачин Тамсаг” гадаадад данстай, тайлан нь хятад хэл дээр гардаг
2022/05/19
“Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудлыг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сонсов. Гишүүдийн гаргасан саналын дагуу хуралдааны эхний хэсгийг хаалттай горимоор хэлэлцсэн ч дунд үеэс нээлттэй болгов.
Мөн “Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудлаар Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулахаар болов. Хуралдааны үеэр хэн юу хэлснийг тоймлон хүргэе.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлэх чиглэл гарсан. Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн. Хамгийн өндөр жилдээ 1.1 сая тонныг гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая тонн газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй. Гэвч сүүлийн үед энэ тоо багасаж байгаа нь гол асуудал болоод байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа тухайн үед хүчин чадлыг нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.5 сая тонныг жилд гаргана гэж тооцсон. Хоёр их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт гэрээ хийхээр ширээний хоёр талд суух гэж байгаа учир БНХАУ-ын талын байр суурийг ойлгох ёстой.
Монгол Улсын иргэний тухай хуулийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан.
Энэ заалтын дагуу БНХАУ-ын тал уг асуудлыг тавьдаг. Олон Улсын гэрээ бол Монгол Улсын хуулиас дээгүүр эрхтэй байдаг. Энэ гэрээ олон улсын гэрээ биш учраас тэднийг татвар төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа тул өнөөдрөөс үе шаттайгаар Петрочайна Дачин Тамсаг компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримтлах, газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул олборлолтын ажлыг явуулахад дэмжиж ажиллах асуудлыг ярина. Энэ оны нэгдүгээр сараас хойш газрын тосны экспорт хийгдээгүй байгаа. Бичигтийн боомт хаагдсан. Бид Гадаад харилцааны яамаар дамжуулж Хятадын талд санал тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д 536 монгол ажилчин, 86 хятад ажилчин ажиллаж байна. Цалин нь шатлалтай, 400-800 ам.долларын цалин авдаг гэдэг мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Дорнод аймгийн Мэнэнгийн талд 1.3 тэрбум гаруй төгрөгийн байгаль орчин, бэлчээрийн хохирол учруулсан гэдэг дүгнэлт гаргасан юм байна. Энэ дүгнэлтийг ямар үнэлгээ, аргачлалаар гаргасан бэ. Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан өөрөө “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д ажил, бараа үйлчилгээ шахдаг гэдэг ойлголт авсан.
МХЕГ-ын Байгаль орчны ахлах байцаагч Нямжав:
- 2019 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгдсэн шалгалт хийсэн. 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирлын 415 сая төгрөг нь усны нөхөн төлбөр. Хоёр худаг дээр тоолуур тавиагүй байсан. Мөн усны боломжит нөөцийн дүгнэлтээс хэтрүүлсэн ашигласан байсан.Үлдсэн нь ажилчдын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хохирол. Үүнээс устай холбоотой 2021 оны эцсээр барагдуулсан.
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Пүрэвжав:
-Миний бие 2018 оноос томилогдон ажиллаж байгаа. Томилогдсоноос хойш “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бизнесийн болон хувийн ашиг сонирхлоор холбогдсон зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцаад монголчуудад ямар ч ашиггүй, хохироосон гэрээ болсон гэж дүгнэж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аль ч аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэтэл энэ гэрээгээр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн, татварын актыг биелүүлдэггүй, шүүхээр явж байгаад хүчингүй болгуулдаг, энэ компанийн гаргаж байгаа газрын тосноос экспортын татвар авдаггүй. Оруулж ирж байгаа техник хэрэгсэл, хоол унд, бараа материалыг гаалийн татварыг чөлөөлсөн. Дотоодоос худалдан авалт хийдэггүй, орон нутгаас ажилтан авдаггүй, хууль хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг үл тоодог.
Санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гадаадад данс нээж болно гэж гэрээнд заачихсан. Санхүүгийн тайлан нь зөвхөн хятад хэл дээр байдаг, түүнийгээ шалгуулдаггүй.
Тэгсэн хэрнээ манайх дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад, 1.5 тэрбумыг л авсан гэж байна. Үүнээс илүү ашиг олсныг тодорхойлох боломжгүй, зөвхөн нөгөө талын мэдээллээр явж байна. Тиймээс үүнд онцгой анхаарах ёстой.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин