Н.Алтанхуягийн “буруу”-г Үндсэн хууль хамгаалж байна
2022/05/25
Хөгжлийн төслүүдийг гацааж, хөрөнгө зоорийг нь “ухсан” хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Энэхүү Хөгжлийн банкны зээлд нөлөөлж, тэрбум тэрбумаар нь аваад дарчихсан хэрэгт цөөнгүй улстөрч холбогджээ.
Ялангуяа, УИХ-ын гишүүдийн холбоо сүлбээ хэд хэдээрээ илэрсэн байгаа юм. Ерөнхий прокурор эхний хэдийг нь түдгэлзүүлж шалгах гээд чадаагүй. УИХ аваад үлдчихсэн. Тэгэхээр нь хэргийг багцалж боогоод шүүхэд шилжүүлэхээр болж буй тухай мэдээлэл тарсан. Энэ үнэний ортой болж таарсан.
АТГ, ЭЦА-ны ажилтнууд уг “багц”-д багтах хэргийн дийлэнхийг шалгаж дуусгаад прокурорт шилжүүлсэн байна. Прокуророос удахгүй шүүхэд шилжих аж. Хөгжлийн банкны “багц” хэрэгт өнөөх УИХ-ын гишүүдийн асуудал ч багтжээ. Гэхдээ энд нэг анхаарах ёстой "юм" бий.
Гурван гишүүн нь ч яахав, зээл авсан компанитай холбогдоод, нэг нь Хөгжлийн банкийг удирдаж байсан гээд яригдаад удсан. Харин дөрөв дэх гишүүн болох Н.Алтанхуягийн холбоо хамаарал л нэг их сайн ойлгогдохгүй байгаа юм. Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэгт яагаад холбогдсоноо өөрөө ч сайн ойлгохгүй байгаа бололтой юм билээ. Тиймээс албан тушаалтнуудаас албан ёсоор “асууж сураад” яваад байгаа аж.
Тэрбээр 2022 оны тавдугаар сарын 4-нд Ерөнхий прокурорт гомдол гаргажээ. Гомдолдоо “...Сарын өмнөөс "...Н.Алтанхуягийг яллагдагчаар татлаа” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд цацагдаж эхэлсэн.
Гэтэл тэр үед надад ямар нэг хэрэг үүсгээгүй байсан байдаг. Харин сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өглөө АТГ-ын мөрдөгч утсаар ярьж “...16:00 цагт ирж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцана уу” гэж дуудсан. Очиход дөрөвдүгээр сарын 22-нд яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг гаргаж үзүүлсэн. Ингэээд 13-14 хуудас прокурорын тогтоол үзүүлж “...Таныг яллагдагчаар татаж байна. Уншиж танилцаад гарын үсэг зур” гэсэн. Би прокурорын тогтоолыг 30 гаруй минут уншаад намайг юунд буруутгаад байгааг ойлгоогүй учир АТГ-ын ахлах комиссарт “...Есөн жилийн өмнө гарсан Засгийн газрын тогтоолын юу нь болохгүй гээд намайг буруутгаад байгааг тайлбарлаад өгөөч” гэхэд “...Та Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн байна” гэж товч хариулсан.
...Би Дэд хорооны гишүүдээс “...Есөн жилийн өмнө гарсан Засгийн газрын тогтоолтой холбогдуулан намайг яг яасан гэж буруутгаад байгааг тодруулж өгөх”-ийг хүсэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “...Ерөнхий прокуророос УИХ-ын даргад ирүүлсэн бичгээр таныг ийм дөрвөн зүйлд буруутгаж байна” гээд уншиж өгсөн.
“...Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолыг эдийн засгийн тооцоо судалгаагүй гаргасан. Хоёрдугаарт, холбогдох яамдаас санал аваагүй. Гуравдугаарт, нэр бүхий компанийн авто зам худалдаж авсан төлбөр төлөгдөөгүй. Дөрөвдүгээрт, нэр бүхий компаниас авто зам худалдаж авахдаа тус компанид давуу байдал бий болгосон гэж буруутгаж байна” гэсэн байна. Н.Алтанхуяг дээрх дөрвөн асуудал бүрээр тайлбар гаргажээ. Түүнийг нь товчхон дамжуулахад
1.“...Засгийн газрын тогтоолыг эдийн засгийн тооцоо судалгаагүй гаргасан” гэдэг талаар Засгийн газрын тухай хуулийн 29.2.6-д зааснаар Ерөнхий сайдын хариуцах асуудал биш. Гэхдээ дээрх тогтоол нь зарчмын шийдвэр байсан учраас нарийвчилсан эдийн засгийн тооцоо шаардахгүй.
2. “...Холбогдох яамдаас санал аваагүй” гэдэгт Засгийн газрын хуралдааны журмын 5.1.4 болон 6.1-т зааснаар Ерөнхий сайд хариуцахгүй.
3.“...Нэр бүхий компанийн авто зам худалдаж авсан төлбөр төлөгдөөгүй” талаар Тухайн компани замын хураамжийн мөнгийг юунд ашигласнаа хариулах учиртай.
4.“...Нэр бүхий компаниас авто зам худалдаж авахдаа тус компанид давуу байдал бий болгосон” тухайд Ерөнхий сайд өөртөө болон нэр бүхий компанид давуу байдал олгоогүй. Харин ч Монгол Улсын экспорт нэмэгдэж төрийн өмчит компаниуд ашиг олсон” гэжээ.
Ингээд өөрт нь Эрүүгийн хуулийн 22.1.2-оор үүсгэсэн хэргийг хүчингүй болгуулах гомдол хүсэлтийг гаргасан байна. “...Энэ дээр Н.Алтанхуягийн зөв. Түүнийг буруутгах хууль эрх зүйн үндэслэл алга”. Ийм тайлбарыг хууль зүй, улс төрийн салбарынхан голдуу хүмүүс хэлээд байгаа юм.
Ямар үндэслэлээр гэхээр Үндсэн хуулийн 45.1 “...Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна”, 45.2 “...Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гээд маш тодорхой заагаад өгчихжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол, бас захирамж ч гэсэн хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар эсвэл УИХ хүчингүй болгох Үндсэн хуулийн заалт байна. Үүгээр Ерөнхий сайдыг буруутгаж, шүүх боломж алга. Тэгэхээр хэрэвзээ Н.Алтанхуягийг буруутай хэмээн хүчээр тооцсон ч, түүн рүү чиглүүлээд байгаа энэхүү “буруу”-г Үндсэн хууль хамгаалчихаж байна.
Д.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин